Казахстан: Нийгмийн олон төлөөлөлд мандат олгоно

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Казахстан: Нийгмийн олон төлөөлөлд мандат олгоно

Казахстан: Нийгмийн олон төлөөлөлд мандат олгоно

Бүгд найрамдах Казахстан улсын парламентын ээлжит сонгууль 2025 онд товлогдсон байсан ч ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарлигаар энэ оны гуравдугаар сарын 19-нд болгож өөрчилсөн. Удахгүй болох ээлжит бус сонгуулийн талаар Монгол дахь Казахстаны Элчин сайдын яамнаас өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хийлээ.

Казахстан улсаас Монгол Улсад  суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаев: 

-Парламентын мажилис болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хугацаанаас нь өмнө буюу 2023 онд хийх шийдвэрийг ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны есдүгээр сард гаргасан. Энэхүү ээлжит бус сонгууль нь нийт казахстанчуудын дэмжлэгтэйгээр өнгөрсөн жил эхэлсэн Үндсэн хуулийн шинэчлэлийн үргэлжлэл гэдгийг онцлон дурдъя. Парламентын доод танхимын найм дахь сонгууль нь 2004 оноос хойш анх удаагаа холимог тогтолцоогоор болох гэж байгаагаараа онцлог. Мажилисын гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар, харин үлдсэн 30 хувь нь нэг мандаттай тойргоос сонгогдох болсон. Мөн гишүүдийн нийт тоо 107 байсныг 98 болгож багасгасан. Муж болон улсын томоохон хотуудын иргэдийн төлөөлөгчид холимог системээр буюу 50 хувь нь нэг мандаттай тойргоор, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох юм. Аймаг, сумдын сонгуулиар иргэд зөвхөн нэг мандаттай тойргоос гарсан нэр дэвшигчдэд саналаа өгнө. Ингэснээр мажилис болон иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тэр чигтээ шинэ жишгээр сонгогдох болж байна.

Шинэ журмын дагуу нэг мандат бүхий тойргоос мажилис нэр дэвшигчийг улс төрийн нам, эвсэл, нэгдлээс санал болгох, нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд иргэн өөрөө бас нэр дэвших бүрэн боломжтой. Дашрамд дурдахад, нэг мандаттай сонгуулийн тойргоос сонгогдсон мажилисын гишүүдийн бүрэн эрхийг хүчингүй болгох эрхийг тусгаж өгснөөрөө онцлог юм. Саналын хуудсанд оруулсан "Бүхний эсрэг байна" гэх сонголт намуудын мажилист сонгогдох саналын доод хэмжээг 50 хувь болгож бууруулсан явдал, гишүүний мандатын 30 хувийг эмэгтэйчүүд, залуучууд, тусгай хэрэгцээт иргэдэд хуваарилах болсон явдал нь Казахстаны ардчилал, тэр дундаа нийгмийн олон төлөөллийг сонгуулийн үйл явцад татан оролцуулах чиглэлд дорвитой алхам болж байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд нийгмийн янз бүрийн бүлгийн хэрэгцээ шаардлагыг сайн мэддэг, олон ургальч үзлийн төлөөллүүд гарч ирнэ гэж хүлээж байна. Энэ нь эргээд улс төрийн өрсөлдөөнийг бэхжүүлж, улс төрийн тогтолцооны ил тод байдлыг хангаж, иргэний нийгмийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно. Түүнчлэн шинэ үеийн улстөрчдийг төлөвшүүлэх том боломжийг нээж өгнө.

Мажилис нэр дэвшигчдэд тавигдах хууль ёсны шаардлагаас дурдвал, Казахстаны иргэн байх, 25 болон түүнээс дээш настай байх, Казахстаны нутаг дэвсгэрт сүүлийн 10 жил оршин суусан байх гэх мэт байна. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдэд мөн адил Казахстаны иргэн байх, 25 болон түүнээс дээш настай байх, нэр дэвшиж буй аймагтаа тогтмол оршин суудаг байх зэрэг шаардлага тавина. Сонгуулийн төв комисст дээрх шаардлагыг хангасан 12451 нэр дэвшигч материалаа өгсөн.

Түүнчлэн адил тэгш байх зарчмын хүрээнд намын жагсаалтаар сонгуульд оролцохоор Казахстанд бүртгэлтэй улс төрийн долоон нам өрсөлдөхөө илэрхийлсэн. Тэдгээр намыг дурдвал, Ак Жол буюу Цагаан зул гэсэн утгатай ардчилсан нам, Аманат буюу хуучнаар Нур отан нам, Ауыл нам, Байтак нам, Үндэсний социалдемократ нам, Ардын нам буюу хуучнаар Коммунист Ардын нам, Бүгд найрамдах нам юм.

Казахстаны Сонгуулийн төв хорооноос баталсан мажилис болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны хуваарийн дагуу нэр дэвшигчдийг санал болгох хугацаа нэгдүгээр сарын 20-ны өдөр эхлээд, хоёрдугаар сарын 8-нд дууссан. Хоёрдугаар сарын 18-нд нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг зогсоож, сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил эхэлсэн. Сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө хүртэл явуулна. Харин гуравдугаар сарын 18-ны өдрийг чимээгүй өдөр болгож зарласнаар бүх сонгуулийн сурталчилгаа зогсоно. Дээр дурдсанчлан, гуравдугаар сарын 19-ний өдөр бол албан ёсны сонгуулийн өдөр. Сонгуулийн урьдчилсан дүнг гуравдугаар сарын 21-ний өдөр зарлахаар төлөвлөж байгаа бөгөөд сонгуулийн дүнг гаргаж, сонгогдсон гишүүдийг бүртгэхэд 10 хоног өгдөг. Ингээд гуравдугаар сарын 30-ны өдөр явагдаж дуусах юм.

Сонгуулийн санал хураалт Казахстаны нутаг дэвсгэр төдийгүй гадаад орнуудад, Элчин сайдын яамдуудын дэргэд нээгдсэн санал авах байруудад явагдана. Казахстаны дипломат болон консулын газрын дэргэд сонгуулийн санал авах 77 байр нээгдсэн. Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэд 281 дүгээр хэсгийн хороон дээр Казахстаны иргэд саналаа өгөх боломжтой.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА КАЗАХСТАНЫ СОНГУУЛЬД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОНО

Казахстанд болох сонгуулийн үйл явцыг Казахстаны ажиглагчдаас гадна гадаадын улс орнууд болон олон улсын байгууллагуудаас ирж хянадаг сайхан уламжлалтай. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр энэ жил олон улсын 12 байгууллага, гадаадын 41 орноос 124 ажиглагч бүртгүүлсэн. Энэ жилийн сонгуулийг ажиглахаар 16 орны Сонгуулийн төв хорооноос төлөөллүүд ирж байгаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга мөн Казахстанд очиж, сонгуулийг ажиглана. Гадаадын 27 орны 42 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн Казахстаныг зорьж байна.

Сонгуулийн дараа манай улс шууд өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Гэвч Казахстаны ард иргэд энэхүү үйл явц нь шударга Казахстаныг, эрч хүчтэй, өрсөлдөх чадвартай, улс төрийн тогтвортой тогтолцоотой нийгмийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа юм. Олон улсын болон бүс нутгийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал дунд улс орны бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Мөн улс төрийн институцийг ардчилсан замаар өөрчлөх, хөгжүүлэх, байгуулах нь Казахстаны нийгэм, эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх боломжийг бидэнд олгож байна. Удахгүй болох сонгуулийн үр дүнд шинэ зарчмын үндсэн дээр эрх мэдлийн институци чанарын хувьд шинэчлэгдэх ба ерөнхийлөгчийн хэд хэдэн бүрэн эрх парламентад шилжиж, шинэ засгийн газар батлагдсаны дараа хүчтэй ерөнхийлөгч, нөлөө бүхий парламент, хариуцлагатай засгийн газар гэсэн томъёолол маань бүрэн хэрэгжих юм. Энэ нь Казахстаны эдийн засгийн хөгжлийн өнөөгийн түвшинг хадгалах, цааш хөгжүүлэх боломжийг олгож, улс орны амьдралд шинэ, томоохон өөрчлөлтүүдийг авчрана гэдэгт итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж