Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас зургаан УИХ-ын гишүүн байна гэдгийг албаныхан тодотгов.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг:
-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэргийг мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хариу нь хахууль авч, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо хахууль авсан гэх 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг мөрдөн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.
Энэ хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх зорилгоор нэгжлэгийг 166 объектод явууллаа.
Хүний бие, эд зүйл, баримт бичигт 437 удаа нэгжлэг хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээг 25 удаа хийсэн. Мөн байгууллага, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын зургаан гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймаг болон сумын Засаг дарга асан дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, Авто тээврийн үндэсний төвийн дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын газрын хоёр даамал, Боомтын захиргааны хоёр мэргэжилтэн, "ЭТТ"хувьцаат компанийн эрх бүхий долоон албан тушаалтан, "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гурав, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэн яллагдагчаар татагдан шалгагдсан.
Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 нь хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтан хахууль өгөх, 21 албан тушаалтан мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.
Одоо шалгаж байгаа хэргүүдэд найман яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн дөрөв, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан. Нийт 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, таван газар, хоёр хувьцаа, 35 иргэн 40 хуулийн этгээдийн банкин дахь арилжааны гүйлгээ, дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үнэт цаасыг хязгаарласан.
"Д.БАТ-ЭРДЭНЭ, Т.АЮУРСАЙХАН, Н.НАРАНБААТАР НАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛСЭН"
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн:
-Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Гэхдээ ажлын хэсгийн мөрдөгчид хичээн ажиллаж байна. Мөрдөх шалгах ажиллагааны явцад шинээр хоёр гурван нөхцөл байдал тогтоогдож буй. Гашуунсухайт хилийн боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр хяналт хийж байна. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн серверийн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгаж байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.
Өнөөдрийн байдлаар Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй.
Ж.Мөнхбат гишүүний хувьд яллагдагчаар татагдсан. Өнгөрсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан учраас бүрэн эрхийн асуудлыг нь оруулахгүйгээр өөрийнх нь хүсэлт шийдэгдэх байх гэж харж байна. Гадаад руу явсан албан тушаалтнуудаас Н.Удаанжаргал мөрдөн шалгах ажиллагааны үеэр гадаад руу явсан. Өнөөдрийн байдлаар өөр албан тушаалтнуудын мэдээллийг өгөх боломжгүй байна.
Холбоотой мэдээ