ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхдийн ордны байранд Монголын ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилж, "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Сая амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 150 сурагчийг цуглуулж, дайныг сурталчилсан хичээл зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг шалгахад үндэслэлгүй мэдээлэл байсан. Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдож, энэ асуудлаар ярилцсан.
Өмнө нь ОХУ-ын харьяа 14 дүгээр сургууль дээр тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр орос хүүхдүүдэд эх орны хоёрдугаар дайны ач холбогдлыг тайлбарладаг хичээл орсон юм байна.
Тэр хичээлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Анх мэдээг нийтэлсэн A media цахим хуудас нь оросын дайныг эсэргүүцдэг вэб сайт юм байна. Хуулийн байгууллагын өгсөн мэдээгээр энэ вэб сайтыг жагсагч Э.Одбаярын хамааралтай хүмүүс хөтөлдөг гэсэн. Үүнийг шалгаж тогтоож байгаа. Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" гэдэг хариултыг өгөв.