Дэлхийн энтэй “Оюутолгой” эдийн засгийн давхар дархлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн энтэй “Оюутолгой” эдийн засгийн давхар дархлаа

Дэлхийн энтэй “Оюутолгой” эдийн засгийн давхар дархлаа

Монгол Улсаа дэлхийн геологи, уул уурхайн ертөнцөд алтаар дархалсан гавьяатан Дондогийн Гарамжав агсныг дурсан санаж, талархах мөч. “Оюутолгой”-н ордыг нээлцэж, “Оюутолгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн тэрээр монголчууд бидэнд эдийн засгийн давхар дархлаатай болж, дэлхийн энтэй хөгжих түлхүүрийг атгуулсан их хүмүүн юм.

“Зэсийн Гарамжав” хэмээн геологи, уул уурхайн салбартаа алдаршсан тэрээр зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдох “Оюутолгой”-н бүлэг ордын Хюго Дамметт ордыг нээлцсэн, хамтран зүтгэгч Чарли Форстер, Дуглас Кирвин нарын хамт 2004 онд Канадын Тайер Линдслейгийн нэрэмжит олон улсын “Шилдэг нээлтийн шагнал” хүртсэн түүхтэй.

Монгол Улсын Гавьяат геологич Д.Гарамжав агсан “Оюутолгой”-н зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийг зориулжээ.

Говь нутгийн газар дор 1300 метрийн гүнээс Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн түүхэн мөч (2023.03.13-ны өдрийн 13.00 цаг)-өөс “News” агентлагийн сурвалжлах баг сурвалжлагаа эхлүүллээ.

96 МЕТР ӨНДӨР ЦАМХАГААР, СЕКУНДЭД 6 МЕТР ТУУЛДАГ ЦАХИЛГААН ШАТААР 1300 МЕТРИЙН ГҮН РҮҮ

“Оюутолгой”-н гүнийн уурхай аюулгүй ажиллагааг юуны түрүүнд тавьдаг бөгөөд зааварчилгаа өгсний дараа кэмпдээ ирсэн зочдодоо хамгаалалтын гутал, малгай, хувцас өмсүүлж, шаардлагатай үед 30 минут хүчилтөрөгчөөр хангах бортого зүүлгэх ажээ. Үнэндээ бэлхүүс, ташаа орчимд бэхлэгддэг тэрхүү бортого 3 кг хүрэхгүй жинтэй гэх боловч чамгүй хүнд эд бөгөөд өдөржин түүнийг зүүгээд газар дор ажиллана гэхээр хэцүү санагдана. Ирсэн зочин бүр газар доор, бүр 1300 метрийн гүн рүү бууна гэхээс зүрхшээж буй нь илт.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм тэргүүтэй зочид төлөөлөгчид үйлдвэрлэлийн босоо ам хэмээн нэрийддэг 96 метр өндөр цамхагаар, секундэд зургаан метр туулдаг, 300 хүний багтаамжтай цахилгаан шатанд суун, газрын доор 1300 метрийн гүнд буув.

Цахилгаан шатны төмөр хаалга нээгдэж, тал тал тийш 130 орчим км салаалсан хонгил бүхий үлэмж том бүтээн байгуулалт угтлаа. Уулыг “нурааж”, нарийн чимхлүүр “ур хийц”-тэйгээр тохижуулсаныг нь шагшин магтахаас өөр аргагүй бөгөөд зочдыг алмайруулсан гол зүйлсийн нэг байлаа.

“Оюутолгой”-нхон газар доор амьдрал “цэцэглүүлжээ”. Энэ нүсэр бүтээн байгуулалт ирсэн зочид гийчдийнхээ “айдас хүйдэс”-ийг сониучирхалаар солиод, дотрыг нь уужруулаад амждаг гэлтэй. Хонгил ихэнх хэсэгтээ 5.5 метрийн өндөр, таван метр өргөнтэй байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэл, хүн зорчин ажил гүйцэтгэх боломжтой болгожээ. 

Гүнийн уурхайн зочид хөтөчтэй, тогтсон дүрэм журмын дагуу явах бөгөөд бидний хөтчөөр хөндлөн малталт хариуцсан уулын инженер Т.Тамир ажилласан юм. Тэрбээр хэлэхдээ "Дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт дээр, "Оюутолгой"-н уурхайн хамт олны нэг болон ажиллаж байгаа минь үнэхээр бахархууштай. Би анх 2022 оны наймдугаар сард ирээд, одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. Хувь хүн яаж хөгжих, яаж амжилтад хүрэх бүх боломжийг хангаад өгчихдөг, энэ нь залуу, хөгшин гэлтгүй бүх хүнд нээлттэй. Тухайлбал, гадагшаа дэлхийн томоохон хэмжээний уурхайнуудад ажиллахад энэ нь илүү дөхөмтэй. Өмнө нь би Ухаахудагт ил уурхай дээр ажиллаж байсан. Гүнийн уурхайд ажиллахад агаар ус, цахилгаан зэргийг шийдэхэд инженерийн жинхэнэ аргачлал гарч ирдэг. Яаж бага зардлаар, хэмнэлттэй, аюулгүй, эрсдэлтэй явуулах вэ гэдэг нь чухал" гэж ярьсан юм.

НИЙТ 242 БУУЛГУУР АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР БҮРЭН ХҮЧИН ЧАДАЛДАА ХҮРНЭ

1300 метрийн гүнд жижиг орон зайд маш олон дэд бүтэц бий болгожээ. Тус бүр өөр өөрийн гэсэн үүрэгтэй баг ажиллана. Өдгөө тэнд нэг ээлжид 1000 гаруй хүн, 400 орчим тээврийн хэрэгсэл ажиллаж буй тул агаар солилцох, цахилгаан дамжуулах болон шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг оруулж, гаргах зорилготой гурван босоо ам байгуулжээ.

Босоо ам гэдэг нь газрын гадаргаас уурхай руу нүхэлсэн 1300-1385 метр урт, 6-11 метр голдочтой хөндий байгууламж аж.

Хүдэр тэсэлж, буулгаж, ачих, тээвэрлэх зэрэг ажлыг энд тэнд тасралтгүй гүйцэтгэх зорилгоор хонгилуудыг таван түвшинд гаргажээ. Хана, орой хэсгийг бетон ашиглан торлож, боолтоор боон, хүчитгэн бэхэлсэн байв. Боолтуудын урт 3-14 метр. Уурхайн ажилчид, эсвэл зочид 130 орчим км урт замаар өгсөж, уруудсаар уурхайн бүх хэсэгт очих боломжтой ажээ.

Гүнийн уурхайд орчин тойрноо тээврийн хэрэгслийн болон хамгаалалтын малгайн гэрлээр илүү тод харах боломжтой. Ариун цэврийн өрөө, кофе уух, болзошгүй тохиолдолд хоргодох боломжтой амрах тасалгаа зэрэг гүнийн уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж байхаас гадна интернэт ашиглаж болдог байна.

Сүүлийн зургаан сард уурхайчид шаргуу ажиллан, хүдэр буулгуур буюу хүдрийн биетийг хоёр түвшинд харалдаа цоолж, бүтээгдэхүүн доошоо урсах нөхцөл бүрдүүлсэн 18 метр хүртэлх өндөр 22 байгууламж ашиглалтад оруулжээ.

Гүнийн уурхай нийт 242 буулгуур ашиглалтад оруулж байж бүрэн хүчин чадалдаа хүрэх юм байна. Өдгөө анхан шатны хүчин чадлынхаа 50 хувийг ханган ажиллахад бэлэн болж, тасралтгүй үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ирэх зургадугаар сар гэхэд өндөр даацын системийг мөн ашиглалтад оруулж, хүдрээ 180 тоннын даацтай автомашинуудаар тээвэрлэн, бүтээмжээ улам өсгөхөөр төлөвлөжээ.

Цаашид 100 орчим км туннель нэмж гарган, нийт туннелийн хэмжээг 220 км-т хүргэн, хоёр босоо ам ашиглалтад оруулах аж. 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн зэсийн тэргүүлэх дөрөв дэх уурхай болох зорилготой ажиллаж буй монгол залуустаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

Монголчууд олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллан, өөрсдөө хийж бүтээж чадаж буйн жишиг болсон уурхайн гүнд хийсэн аялал 96 метр өндөр цамхагаар, секундэд 6 метр туулдаг, 300 хүн тээвэрлэх хүчин чадалтай Монголын хамгийн хурдан, хамгийн том цахилгаан шатаар 1300 метрийн гүнээс газрын гадарга дээр гарснаар өндөрлөв.


ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭХЛҮҮЛЭХ ЭХНИЙ АЛХМАА ӨНӨӨДӨР ХИЙЖ БАЙНА

Гүнийн уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, байнгын үйл ажиллагаанд шилжсэн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн  хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид болон “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй удирдлагууд оролцож, сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Зочдоос хамгийн содон нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди байв. Тэрбээр “Өнөөдрийн та бүгдийн оролцсон арга хэмжээ Монгол Улсын Засгийн газрын аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн гарааны нэг нөхцөл болж байгаагаараа цаашдын бидний амьдралд сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Цаашдаа 2030 он гэхэд 95 мянган тонн хүдэр олборлож, төслийн бүрэн хүчин чадалдаа очно. Тэр үед монголчуудын хүсэн хүлээсэн “Оюутолгой”-н уурхайгаас ард түмэнд хүртээмжтэй ашиг бодогдоно гэж бодож байна” гэсэн юм.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАСНААР БИД НААД ЗАХ НЬ ЗЭС ИМПОРТЛОХОО БОЛИНО

“Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.БОЛД:

-"Рио Тинто" компани зэсийн нийт эрэлтийн жилийн хэрэгцээг 2035 он гэхэд 25-50 сая тонн буюу хоёр дахин өсөхөөр тооцоолсон. Түүний нэг том хөдөлгүүр нь цахилгаан машин. Цахилгаан машинд дунджаар 86 кг зэс орж байна. Өнөөдөр бидний унаж буй бензин буюу дизель машинд дунджаар 26 кг зэс байдаг. Гурав, дөрөв дахин илүү зэс агуулсан цахилгаан машин, дээрээс нь цахилгаан машинаа цэнэглэх шаардлагатай болно. Түүний утас, цахилгаан холбоосууд нь ялгаагүй зэс. Тийм учраас өнөөдөр байгалийн өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэн яаралтай солих шаардлагатай. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч ялгаагүй зэс хэрэглэж байна. Тийм учраас өнөөдөр бидэнд сайхан, таатай өдөр байна.

Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа тохиолдолд бид Монголоос экспортын борлуулалтын орлого олон,  зэс үйлдвэрлэлийг дөрөв, таван жилийн дараа эхлүүлэх эхний алхмаа өнөөдөр хийж байна.

Зэс боловсруулах үйлдвэр бидний олон жил ярьж, мөрөөдсөн зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой”-д зэс боловсруулах үйлдвэр барина гэсэн заалттай. Судалгаа 2016 онд хийгдэж эхэлсэн. Монголд уул уурхайн хөгжил нэлээн ахисан учраас одоо зэс хайлуулах үйлдвэрийг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ямар хувилбараар Монголд ашигтайгаар хийх вэ гэдэг анхаарлаа хандуулж байна. Зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлснээр бид наад зах нь зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент авч болох вэ гэдэг судалгааны ажлыг эхлүүлэх боломжтой болж байна.

Өнөөдрийн байдлаар "Оюутолгой" тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа өөрийн зэсийн борлуулалтаар олдог. Ил уурхай маань жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилдээ 1.4 тэрбум ам.долларын орлого болж Монголбанкинд тушаагддаг. Үүнийгээ цалин, түлш, эрчим хүч гэх мэт хөрөнгө оруулалтынхаа зардлыг нөхөөд явдаг учраас гаднын санхүүгээс хамаарах нь багасна.

Одоогоор төслийн гүйцэтгэл 83 хувьтай явж байна. Жил хагасын дотор дуусчихвал өөрсдийнхөө эх үүсвэрээс явах байх гэсэн төсөөлөлтэй байна. Зэсийн үнэ өндөр байвал бидэнд ашигтай.

Цахилгаан станцын асуудал дээр "Оюутолгой" эрчим хүч худалдан авах гэрээ байгуулсан. Тэгэхээр Тавантолгой станцын ажил тодорхой үр дүнд хүрвэл бэлэн гэрээ байгаа. Мэдээж хэрэг Оюутолгойд говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учраас нар салхийг яаж ашиглах талаар судалгаа хийж байна.

УИХ-ын 92, 103 дугаар тогтоолын дагуу таван асуудлын дөрөв нь шийдэгдсэн. Одоо татварын маргаан дээр тодорхой яриа хэлэлцээр хийгдэж байна.

НҮҮРСЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙГУУЛАХ ХАТУУ ЗАРЧИМ БАРИНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Бид “Оюутолгой”-той эрчим хүчээ нэг кв цагийг нь 9.2 ам доллараар тогтвортой худалдах гэрээ хийсэн. Энэ гэрээ нь бусад хөрөнгө оруулалтын банкуудад тухайн цахилгаан станцыг барж байгуулах мөнгө босгохуйц шаардлага хангасан гэрээ болсон. Эрчим хүчний яаман дээр Тавантолгой цахилгаан станцыг барьж байгуулах чиглэлээр хоёр үе шаттай тендер зарлаад, аж ахуйн нэгж байгууллагууд шалгараагүй байна. Сонгон шалгаруулалт дахин зарласан. Удахгүй сонгон шалгаруулалт хийгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Засгийн газраас хатуу түлш буюу нүүрсээр цахилгаан станц барьж байгуулах хатуу зарчим барьж байна. Гаднын болон олон улсын байгууллагуудын барьж байгаа хандлага нь Монгол Улсад нүүрснээс татгалзах шаардлага тавьж байна. Иймд цахилгаан станцын асуудал "зөрчил" дунд явж байна гэж ойлгож болно. Бид жилдээ дунджаар 200-300 сая ам.долларын эрчим хүчийг “Оюутолгой”-д худалдана. Энэ станц ойролцоогоор 450 мВт-ын станц байх бөгөөд "Оюутолгой”-н эрчим хүчний хэрэгцээг 100 хувь хангаж, илүү гарсан эрчим хүчээ төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.

 ЗЭСЭЭР ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ БАЙЖ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ УЛАМ ТЭЛНЭ

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Нэлээн олон жилийн дараа "Оюутолгой”-н зэс, алтны нөөцийн хамгийн гол хэсэг байдаг гүнийн уурхай ажиллаж эхэлж байна. Эдийн засаг, хөгжлийн яаманд өгсөн 2022 оны наймдугаар сар буюу улсын төсвийг өргөн мэдүүлэхээс өмнө авсан тоон мэдээлэл, өнөөдөр өгсөн тоон мэдээлэл хоёр адил байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн энэ үйл ажиллагаа 2022 оны намар гэхэд тооцож байсан холбогдох төсөв болон эдийн засгийн тооцоогоороо явж байна.

Хамгийн гол нь бид эндээс юу хүсч байна вэ гэхээр 2028-2036 оны хооронд 500 мянган тонн цэвэр зэс гаргахаар байна.

"Эрдэнэт", "Оюутолгой" хоёр нийлээд улсын төсөвт 2.3 их наяд төгрөгийн татвар төлдөг. Улсын төсөвт төлөгдөж буй татварын хэмжээнд зэс голлодог. Манай улсад зэсийн орд байх боломжууд их. Дэлхийн хөгжил цахим эдийн засаг рүү чиглэж, нэг хүнд оногдох зэсийн хэрэглээ нэмэгдэж байна.Цахилгаан машинууд ч нэлээн хэд бий болж байна. Энэ бүгдээс аваад үзвэл Монгол Улс дэлхийн зэсийн томоохон тоглогч болж хувирах ёстой юм. Монголчууд бид өөдрөгөөр алсыг харж, МонгоЛ Улсаа өндөр хурдтайгаар хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахын тулд зорилго тавиад явж байна. Энэ зорилгын хүрээнд энэ нь нийцэж байна.

Бид одоо зөвхөн зэсийн баяжмал гаргаж байгаа бол анх удаагаа зэсийн эцсийн бүтээгдэхүүн хийх, цэвэр зэс гаргах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай санамж бичиг байгуулж байна. 2017 онд анхны хөрөнгө оруулалтын гэрээг би өөрөө хийж байсан. Түүнд зэс хайлуулах үйлдвэрийн тухай заалтыг оруулж чадсан. Тэр үйлдвэрийг барих боломж бүрдэж байгаа нь их чухал. Бид зөвхөн зэсийн баяжмал бус, зэс, зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийж байж Монгол Улсын эдийн засаг улам тэлнэ. Олон олон залуус маань ажлын байртай болж, амьдрал ахуй нь дээшилнэ.

“ГАДААД, ДОТООДЫН УУЛ УУРХАЙН ИЖИЛ ТӨРЛИЙН КОМПАНИУДЫН СУРАЛЦАХ, ЗАГВАР, ЖИШИГ НЬ ‘ОЮУТОЛГОЙ’ ТӨСӨЛ БОЛСОН”

Н.Цэрэнбат

"Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Н.ЦЭРЭНБАТ:

-“Оюутолгой” төслийн инженер, техникийн ажилтнууд болон туслан гүйцэтгэгч компаниуд дэлхийн уул уурхайн зах зээлд гарлаа. Зэс болон өнгөт металлын үйлдвэрлэл эрхэлж байгаа “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” гэсэн хоёр компани бол Монголын эдийн засгийн том тулгуур, багана юм. Цаашид ижил төрлийн уурхайнуудыг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой.

“Оюутолгой”-д ажиллаж буй туршлагатай, чадвартай хүмүүс дэвшээд, дэлхийн олон оронд “Рио тинто” болон өрсөлдөгч компаниудад сэлгэн ажиллаж байна. Энэ бол уул уурхайн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг дэлхийд өрсөлдөхөд оруулсан хувь нэмэр юм. Мөн шинэ техник, технологи, инновац шингээсэн гүний уурхайн төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилласан, ер нь оролцсон бүх хүн дэлхийн хэмжээний дараа дараагийн төсөлд хамтрахад “Оюутолгой” ямагт давуу тал болж, урагшлуулна гэдэгт итгэлтэй байна.

“Оюутолгой” аюулгүй ажиллагааны рейтингээрээ “Рио тинто” дотроо төдийгүй дэлхийн хэмжээнд гүний уурхайн томоохон төслүүдэд дээгүүрт орж байна.

Байгаль орчин, экологид аль болох сөрөг нөлөө багатай ажиллах гэсэн арга барил нь ч давуу тал болох юм. Тухайлбал, ус ашиглалт, нөхөн сэргээлт, говийн экосистемийг хэвээр хадгалах гэх мэт чиглэлээр хийж байгаа ажлууд нь ямагт дэлхийн дунджаас дээгүүр байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, уул уурхайн ижил төрлийн компаниудын суралцах, загвар, жишиг нь “Оюутолгой” төсөл болчихож. Маш олон ноу-хау, инновацыг Монголд нэвтрүүлснийг нь яах аргагүй хүлээн зөвшөөрч, хүрсэн түвшин, стандартыг нь бууруулахгүйгээр авч явах нь бидний хувьд цаашдын гол ажил юм.

МОНГОЛ УЛС ТОМ МЕГА ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДДАГ ГЭСЭН ТОМ ИТГЭЛ, БАТАЛГААГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ӨГЧ БАЙНА

“Оюутолгой” ХХК-ийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.ГАНЗОРИГ: 

-“Оюутолгой" төсөл миний бодлоор гурван ач холбогдолтой. Нэгд, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах том боломж. Ерөнхий сайдын мэдээлэл дээр ч дурдагдлаа, Монгол Улс олон улсын багтай хамтраад том мега төслийг хөдөлгөж, эцсийн үр дүнг нь хүртээд, амжилтад хүрч чадах юм байна гэсэн том итгэл, баталгаа хөрөнгө оруулагчдад өгч байна. Хоёрт, дотоодын аж ахуйн нэгжүүддээ өгөөжтэй. Цаашдаа гүнийн уурхай тасралтгүй олон арван жил үргэлжлэх, үүнийг дагаад жил болгон засвар үйлчилгээ, ажлын байр гээд уул уурхайн ханган нийлүүлэлтийн зах зээлд эерэг дохио өгч байна. Гуравдугаарт, орон нутгийн хувьд ч ажлын байр, эдийн засаг тогтвортой байж улс орны хөгжил, эдийн засагт өгөөжтэй үйл ажиллагаа явуулах чухал дохио болж байна.

Монгол залуус эхэндээ гаднын мэргэжилтнүүдээс суралцдаг байсан бол тэдний зааж сургасныг өөрийн болгоод, эргээд хүнд заах хэмжээнд очсон. Сүүлийн статистикийг аваад үзэхээр, "Оюутолгой”-д ажиллаж байсан залуучуудаас 100 гаруй нь олон улсын уурхайнууд, "Рио Тинто”-гийн төв оффист янз  бүрийн түвшинд ажиллаж байна. Мэдээж хамгийн том нь Зэсийн группийн захирал Б.Болд байна. Мөн гүнийн уурхайн болон бусад чиглэлээр гадаадад уригдан өндөр албан тушаал хашиж буй жишээ олон байна.

Сүүлийн жишээ гэхэд "Оюутолгой"-н байгаль орчны хэлтсийн менежер байсан залуу АНУ-ын Юта муж дахь зэсийн уурхайн байгаль орны менежерээр очиж ажиллаж байна. "Оюутолгой" төсөл монголчууд том төслийг өөрсдөө хэрэгжүүлж чадаж буйн том нотолгоо болж байна. Үүнийг дагаад олон усын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэж бодож байна.

"ХОНОГТ ОЙРОЛЦООГООР 1000 УУТ БАЯЖМАЛ ГАРЧ БАЙНА"

“Оюутолгой”-н гүнийн уурхайн орд Хэруга, Өмнөд ба Хойд Хюго нэртэй хүдрийн гурван биетээс цогцолжээ. Эдгээр нь ил уурхайтайгаа нийлээд бараг зуун жилийн нөөцтэй гэлцдэг. Хойд Хюго биетээс хүдэр олборлож эхэлсэн нь гүнийн уурхайн ашиглалтын эхний үе шат. Хойд Хюгог дотор нь хоёр үе шаттай олборлохоор төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар гүнийн уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байна. Хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг ажиллаж, гүнийн уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангаж буй бол аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар, үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн тэсрэх бодисын агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламжийг тус тус барьж ашиглалтад оруулжээ.

Үндсэн бутлуур долоон давхар барилгатай дүйцэх өндөр бөгөөд өдөрт 95 000 тонн хүдэр бутлах хүчин чадалтай. Уурхайн үйл ажиллагаа жигдрэх үед тэнд 50 өрмийн машин, 25 утгуурт ачигч, 10 хүнд даацын машин, бусад төрлийн 300 орчим хөдлөх төхөөрөмж ажиллах юм байна. Цаашид гүнийн уурхайд өрмийн болоод бэхэлгээний цахилгаан машин, төхөөрөмж өргөнөөр нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Ил болон гүнийн уурхайгаас гарсан хүдрийг хэрхэн боловсруулдаг талаар “Оюутолгой”-н Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны хэлтсийн менежер Д.Будрагчаагаас тодрууллаа. Түүний тайлбарласнаар, өдөрт баяжуулж буй 120,000 тонн хүдэр 0.4 хувийн зэсийн агууламжтай байдаг бөгөөд ирээдүйд 1.2-1.7 хувьд хүрэх аж. Жилд 700,000 тонн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоогоор өдөрт 1000 уут баяжмал гарч буй юм байна. Нэг уутанд хоёр тонн баяжмал багтдаг байна.

Д.Будрагчаа хэлэхдээ "Баяжуулах үйлдвэрийн үндсэн бутлуур, ил уурхайгаас ирсэн том хүдрийг анхдагч шатны бутлуураар оруулж, 2.7 урт туузан дамжуулгаар оруулж ирдэг. Үйлдвэрийг тасралтгүй ажиллуулж байх ёстой 600,000 мянган тонны хүдрийн багтаамжтай агуулахаас тэрмийн үндсэн хоёр шугамаар боловсруулж гаргадаг. Одоогийн байдлаар нийт хүдрийн дийлэнх нь ил уурхайгаас ирж байна. Гүнийн уурхайн малталтын үе шатаас бага хэмжээний хүдрийг боловсруулж байна. Гэхдээ энэ тоо олборлолт идэвхжих учраас цаашдаа нэмэгдээд явна. Үндсэн техникийн хэсгээс гараад үүлэн баяжуулалтын технологи ашиглаж зэсийн баяжмал гаргадаг. 21 орчим хувийн зэсийн баяжмалыг савлах үйлдвэрээс гаргаж цааш нь буюу Хятад дахь хэрэглэгч рүү тээвэрлэдэг.

Баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээ нь 1 тонн хүдэр боловсруулахад 0.3 метр куб цэвэр ус авч хэрэглэж байгаа гэсэн үг. Дэлхийн бусад үйлдвэр 0.8, 0.9 гэх мэт байдаг. Ерөнхийдөө 100,000 тонн хүдэр боловсруулахад 30,000 метр куб ус хэрэглэдэг. Үүнээс 85-90 хувийг буцаагаад ашигладаг" гэсэн юм.

Дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт эхэлсэн цагаас Монгол Улсын маань эдийн засаг улам илүү өргөжин тэлж томрох орлогын үүд нээгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж