“Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч “Даян” компанийн уурхайн ахмад Х.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй ч 2004 оноос буюу хамгийн олон жил Оюутолгойн уурхайд ажиллаж буй хүмүүсийн нэг юм.
-Хамгийн олон жил Оюутолгойн уурхайд ажиллаж буй цөөн хүний нэг нь Та гэсэн. Уурхайчин болсон түүхээсээ товч хуваалцаач.
-2004 онд “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Тухайн үед тус компани Оюутолгойн ордод хайгуул хийхээр ажлаа эхлүүлж байлаа. Канад ажилтнууд голлон, ердөө таван уурхайчин, таван инженер гээд нийт 10 монгол хүн ажилд авсны нэг нь би. 2005 оноос “Айвенхоу майнз” туслан гүйцэтгэгчээрээ “Даян”-г шалгаруулсан бөгөөд өдий хүртэл “Оюутолгой” төсөлд ажиллаж байна.
-Таныг ажилд орох үед Оюутолгойн уурхайн орчин ямар байсан бэ?
-Дээжийн ам буюу жижиг босоо амыг анх ухаж эхэлсэн дээ. Гурван метрийн голдочтой, 80 метр гүн амыг гар өрөм, хүрз, зээтүү зэргийг ашиглаад л ухаж байлаа. Уурхайд 56 хоног ажиллаад, 28 хоног амардаг байсан үе. Гэрт төвхнөсөн хэдэн монгол, канадчуудтайгаа орчуулагчаар дамжуулж, эсвэл дохио зангаагаар ойлголцдог байв. 2005 оноос нэгдүгээр босоо амыг ухан, дөрвөн жилийн дараа ашиглалтад оруулсан. Нэгдүгээр босоо ам буюу үйлчилгээний ам бол 1380 метр гүн, зургаан метрийн голдочтой. Өдгөө үүнтэй ойролцоо хэмжээтэй хоёр, нийт гурван босоо амтай болсон. Тухайн үеийн уурхайн орчин нөхцөл, кэмп, ажилтнуудын хоолны газар зэргийг одоогийнхтой харьцуулахын аргагүй байсан. Өдгөө бол уурхайчдад зориулсан бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоосон, дэлхийн жишигт хүрсэн кэмптэй болжээ, бид.
-Гүний уурхайд ямар ажил эрхэлж байна вэ?
-“Даян” компанийн уурхайн ахмад хийдэг. Оюутолгойд санхүүч, инженер, геологич зэрэг олон мэргэжлийн хүн ажилладаг. Тэгвэл манай багийнхан уурхайчид нь юм. Хөрсний гадаргуугаас ухаж эхлээд өдгөө 1300 гаруй метр гүн, 130 км урт хонгил гаргасан хүмүүс. Одоо ч хөндлөн малталтаа үргэлжлүүлж хонгил гарган, хүчитгэлээ хийсээр байна. Уурхайн ахмадууд ээлжийнхээ 100 гаруй ажилтныг удирдан, төлөвлөгөөгөө хянаж ажилладаг.
-Танай багийнхны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дөнгөж эхлүүлж байхад гар өрөм, ер нь л гар багаж техник ашигладаг байсныг дурдсан. Одоо бол бид нэг ээлжид 100 орчим хүн 50-60 техник, тоног төхөөрөмж ашиглан сард 1000 метр хөндлөн малталт хийж буй. Хөндлөн малталтын үр дүнд гүний уурхайд хонгил үүсгэн ажил хийх боломж бүрддэг. Бид өдөрт 12 цагаар зураг, төлөвлөгөөнийхөө дагуу л ажилладаг. Хөрсийг өрөмдөж нүхлэн зай гаргаад, тэр зайгаа үлдээн бусад хэсгийг нь бетоноор шүршиж, торлоод, боолт тавин, хүчитгэдэг. Өөрөөр хэлбэл, гүний уурхайгаас бүтээгдэхүүн олборлох, хүмүүс ажиллах нөхцөл болдог салбарласан хонгилуудыг (тунел) хөндлөн нэвтрэлтийн багийнхан барьж байгуулдаг. Түүгээр тээврийн хэрэгсэл, ажилчид саадгүй, аюулгүй нэвтэрч байж гэмээнэ ажил үргэлжилнэ.
-Эдийн засагч мэргэжилтэй хүн яагаад уурхайчин болчихов?
-Би Баянхонгор аймагт төрж, бага насаа өнгөрүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулиа Орхон аймагт төгсөөд, 1995-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Мэргэжлээрээ ганц хоёрхон жил л ажилласан юм. 2000-аад оны эхэн үед улс орон, нийгмийн байдал одоогийнхтой харьцуулахад хүнд байсан. Их, дээд сургууль төгссөн ч ажил олдохгүй, ажлын байр цөөн байсан үе. Тэр үед гадаадын хөрөнгө оруулалттай, шинэ компани боломжийн цалин санал болгосон учраас “Айвенхоу майнз”-д ажилд орсон. Ханбогд сумын ойролцоо ямар ч бүтээн байгуулалтгүй, эзгүй хээр шахам газарт хэдэн гэр л барьсан байсан. Өдгөө Оюутолгойн гүний уурхай газар дор 1.3 км гүн, 130 км салбарласан хонгилтой, нэг ээлжид 1000 гаруй хүн ажилладаг дэлхийд томд тооцогдох бүтээн байгуулалт болсон. Цаашид хөндлөн малталтаа үргэлжлүүлэн, хонгилын хэмжээг 230 км-т хүргэхээр төлөвлөж байгаа. Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож буйгаараа бахархдаг. Улсынхаа түүхэнд бичигдэх томоохон бүтээн байгуулалтад өдий хүртэл ажиллан, хийсэн ажлынхаа үр дүнг харах сайхан шүү.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-14 хоног амрахдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт цагаа өнгөрүүлдэг. Спортоор хичээллэн, хоббигоо хөгжүүлж, янз бүрийн арга хэмжээнд оролцоод явдаггүй, гэр амьтай хүн гэх үү дээ.
-Улс орон, нийгмийнхээ өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж явдаг бол?
-Манай улс өдрөөс өдөрт хөгжин, иргэдийн амьжиргаа сайжирч, нийгэм илүү гэрэл гэгээтэй болж байгаа гэж боддог. “Аливаа зүйл яаж ч өөрчлөгдсөн илүү сайн сайхан тал руугаа явж байдаг” гэдэг үгэнд итгэдэг.
-“Оюутолгой” төсөлд ажилласан нь таны амьдралд юу өгсөн бэ. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Уурхайд ажилласнаар дэг журам, нягт нямбай байдалд илүүтэй суралцсан. Наад зах нь уурхайн орчинд хүн согтууруулах ундаа хэрэглэж, залхуурч назгайраад байдаггүй. Унтаж амрах, сэрэх, ажиллах цагаа хором бүрээр төлөвлөн, бүтээмжтэй ажиллахыг чухалчилдаг. Ер нь уурхайчин залуус хувийн зохион байгуулалт сайтай, нямбай, цагийг ягштал баримталж сурдаг. Цаашид хийж буй ажлаа үргэлжлүүлэн нэр төртэй, өндөр гүйцэтгэлтэй ажиллахыг хүсэж байна. Ажлаа чанартай хийдэг, хэлсэндээ хүрдэг, хүмүүс итгэж болох, түшиг тулгууртай нэгэн байхыг л зорьдог доо.
“Өнөөдөр” сонины сэтгүүлч С.Цэрэндулам
Холбоотой мэдээ