Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

76:1
76:1: Эвлэрүүлэгч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон Салдангийн Одонтуяаг танилцуулж байна.


Дайчин, тэмцэгч чанарынхаа хүчээр гурван мандаттай, 36 нэр дэвшигч өрсөлдсөн тойргоос ялалт байгуулж, УИХ-д сонгогдсон хууль тогтоогч юм. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог нь дөрвөн мандаттай байсан ч эрх баригчид 2020 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд тоог нь бууруулж, гурав болгосон. Намынх нь нэр хүнд навс унасан хүндхэн цаг үед хөрөнгөлөг, мөнгөлөг нэр дэвшигч нартай ана мана үзэн, УИХ-д сонгогдоно гэдэг бол хэр хэмжээний эрэмбэтэй улстөрч вэ гэдгийг тодорхойлох бас нэг үзүүлэлт гэж хэлж болно.

Хоёр ч сонгуульд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон Ардчилсан намын бүлгээ сөрөг хүчний үүргээ хэрэгжүүлэхэд С.Одонтуяа гишүүн оройлон оролцдог учраас түүнийг тэмцэгч гэх нь бий. Аливаа асуудалд УИХ дахь эмэгтэй гишүүдээ манлайлах, намын хагарлыг эвлэрүүлэх гээд түүнд олон "ачаа" үүрүүлсэн ч намын эв нэгдлийн төлөө өөрийн амбицаа хойш нь татчихдаг мэдрэмжтэй улстөрч гэж намын нөхөд нь тодорхойлдог.

Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй. Тодруулбал, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргын алба хашиж байв.  Тухайн үед УИХ гурван намын бүлэгтэй байсан бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг гэсэн хоёр шантаажны бүлэгтэй учир зүйгээ олох хүнд даваатай алхам тутамд тулна. Тэр бүрт хэлэлцээрийн ширээний ард сууж, УИХ-ын ажлыг саадгүй үргэлжлүүлэх чухал албыг залгуулж ирсэн улстөрчийн нэг юм.

Харин УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон түүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснээр парламентын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй УИХ-ын дэд дарга болсон юм.

Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэн, Төрийн ордны хоёр давхарт суулт зарлаж буйгаа мэдэгдэж байв. Суулт зарлах болсон шалтгааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Гадаадад маш олон монголчууд эх орондоо ирэхийг хүсэж байгаа боловч ирж чадахгүй байна. Сүүлийн үед тусгай үүргийн нислэг огт хийгдэхгүй байна.  Ялангуяа БНСУ-д 4000 гаруй иргэд түүнээс 1000 гаруй иргэдийн нөхцөл туйлын хүнд байна. Тэнд олон хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Зарим нь онгоцондоо суух өдөр нас барсан харамсалтай хариуцлагагүй явдал боллоо.  Гадаадад байгаа иргэдээ яаралтай татаж авах ажлыг хийх хэрэгтэй. Буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй хоног өнгөрүүлж байгаа иргэд ч олон байна. Төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна. Хариугаа хүлээж автлаа Төрийн ордны хоёр давхарт суулт хийнэ" гэдгээ мэдэгдэж байсан юм. Эл шаардлагын дүнд Засгийн газар цуцалсан байсан нислэгүүдээ буцаан сэргээж, гадаад дахь монголчуудаа эх оронд нь татан авах ажлыг үргэлжлүүлсэн билээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцинжуулалттай холбоотой хариуцлагагүй мэдэгдэл хийж, нэр төрд нь халдсан үндэслэлээр шүүхэд хандаж байв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг удирдсан 100 хоногийн тайлангаа тавих үеэрээ “Вакцины асуудлыг улстөржүүлсөн улстөрчид бий. Тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан юм. Эл асуудалд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн, Монгол Улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Энэ бол миний нэр хүндэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл гэж үзэж байна. Өнөөдөр бид хууль тогтоогчид, шүүхээр хэн нэгэн гэм буруу нь тогтоогдоогүй байхад олон нийтийн хэрэгслээр хүнийг хэм буруутай мэтээр зарлаж байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж би үзэж байна. Вакцины асуудал Засгийн газрын хариуцах асуудал. УИХ дээр бол ажлын хэсэг гарч, вакцины тоог нэмэгдүүлэх, иргэдийг сонголттойгоор вакцинд хамруулах, вакцины асуудал дээр Засгийн газар ямар бодитой арга хэмжээ хэрэгжүүлж байгаад хяналт тавьж явдаг. Яг вакцин оруулж ирэх асуудал бол цэвэр Засгийн газрын хийх асуудал. Дэлхий бүх улс орны Засгийн газар вакцинжуулалтаа хариуцахаас гадна ДЭМБ, бусад донор байгууллагуудтай хамтарч хийх хэцүү ажил. Би УИХ-ын гишүүн, сөрөг хүчний гишүүний хувьд Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг шүүмжилж, 100 хоногт 170 хүн нас барсныг шүүмжилсэн. Энэ бол Засгийн газрын ажлын үр дүн гэж хэлсэн. Мөн би УИХ-ын чуулганы хуралдаан дээр Сovid-19-ийн цар тахал, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, чуулганы хуралдаан, гишүүдэд мэдээлэл өгөөч гэсэн шаардлагыг олон удаа тавьсан. Энэ улсад Сovid-19 цар тахлыг даван туулах, иргэдээ вакцинжуулахад бид өдөр, шөнөгүй ажиллаж байх үүрэгтэй. Сөрөг хүчний гол үүрэг бол эрх баригч нам, Засгийн газрын сайн зүйлийг дэмжиж, болохгүй алдаа дутагдлыг нь хэлж, засч залруулж, зогсоох хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явж байхад асуудалд ийм муйхар хандаж болохгүй” гэж мэдэгдэж байв.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хамтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Учир нь, МАН Засгийн эрхийг авуутаа өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жил буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж 7 жил буюу 84 сар болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүнг бууруулсан. Иймээс дээрх УИХ-ын гишүүд тэтгэврийг тогтоохдоо 5 жилээр тооцон тогтоодог өмнөх аргачлалыг буцаан хэрэглэхийг энэхүү төсөлдөө тусгаад буй. УИХ эл төслийг олонтаа гацааж, хэлэлцэхгүй хойш тавьж ирснийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эсэргүүцэн, Сүхбаатарын талбайд ахмад настнуудыг оролцуулсан жагсаал зохион байгуулснаар Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслүүдтэй цуг хэлэлцэхээр хаврын чуулганаар хэлэлцэх төслүүдийн жагсаалтад багтаагаад буй.

Тэрбээр “Тэтгэвэр бол халамж биш. Залуу нас хөдөлмөр зүтгэлээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэд зориулан ажиллаж байхдаа цалингаасаа төлсөн татвар юм. Иймд ахмад буудлууддаа болон ирээдүйд тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах хуулийн төслийг батлуулахын төлө ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлж ирсэн.

Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Гэр бүлийн тухай хуулийн төслийг шинэчлэн батлах ёстой гэж үздэг.

ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн тэрбээр Шинжлэх ухаан мэдээллийн төвөөс ажлын гараагаа эхлүүлж байжээ. Аав Салдан нь Монгол Улсын гадаад орнуудтай харилцах улсын хорооны дарга, сайд, Элчин сайд зэрэг өндөр дээд алба хашиж байсан ч тэрбээр төрд шигдсэнгүй.  Хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэн, оёдлын цех байгуулж, ганзагын наймаа хийж юм, юм  оролдсоор “Сод трейд”, “Лотс инвест” ХХК-ийг байгуулан удирдаж, амжилттай ажиллажээ.

С.ОДОНТУЯАГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр
  • 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр
  • 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
  • 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
  • 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ШАГНАЛ:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж