Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн 5.5.1 заалтын дагуу ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагджээ. Тус зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах гэнэ. Гэхдээ зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан гишүүдийн талаар олон нийт янз бүрийн л санаа бодолтой байна.
Үндэсний бөхийн холбооны есдүгээр Их Эе хурлаас сонгогдсон тэргүүлэгчдийн анхдугаар хурлаар ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг дараах мэргэжлийн төлөөллүүдээр бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
- Хууль эрх зүйч – 2,
- Нийгмийн зүтгэлтэн – 1,
- Угсаатан, түүх, өв уламжлал судлаач- 1,
- Сэтгэл зүйч, сэтгэл судлаач – 1
- Бөхийн зүтгэлтэн -1
- Бөх – 3.
Түүнчлэн тус зөвлөлийн гишүүдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тогтсон билээ.
Угтаа Их Эеийн хурлаас ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд:
- Улсын арслан Д.Ганхуяг
- Улсын гарьд Б.Гончигдамба
- Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ
- Улсын харцага Н.Батзаяа
- Улсын харцага Г.Батбаяр
- Улсын начин С.Нямжав
- Улсын начин Б.Одхүү
- Улсын начин Ш.Зоригт
- Улсын начин Д.Нямхүү
- Сэтгүүлч Н.Тамир нарын хүмүүс нэрээ дэвшүүлж, мөн бусад хүмүүс нэрийг нь дэвшүүлсэн.
Ингэж явсаар саяхан ёс зүйн, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд тодорчээ. Ингээд та бүхэндээ бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй хүмүүсийг танилцуулъя.
Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
Тэрбээр арван жил Өмнөд Энэтхэгийн Брайбүн хийдэд шавилж дараа нь Английн Сандерландын Их сургуульд шашин судлалаар сурч байсан боловсролтой лам нарын нэг юм. Гавж цолтой Д.Нямсамбуу нь өөрийн төв хийгээд их сургуулиудаар хичээл зааж мэдлэг, боловсрол болон гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн сацуу Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг байжээ.
Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
Москвагийн олон улсын их сургууль, МУИС-ийн утга зохиол, хэл шинжлэлийн сургууль, Токиогийн гадаад хэл судлалын сургуулийг тус тус төгссөн. Японы алдарт зохиолчдийн уран бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан эх орныхоо уншигчдад Япон хэл соёл, ёс заншлыг түгээхэд хувь нэмрээ оруулж яваа нэрт уран бүтээлч. Тэрбээр "Изүгээр яваа бүжигч бүсгүй" (1991), "Хээрийн удвал цэцэгсийн дундах шарил" (2001), "Сүүлчийн шёогүн" (1996), "Мэйжи хэмээх төр улс" (2000) түүхэн романууд, "Огторгуйд дүүлэн одох моторт дугуй"(2000), "Бүшидэ" гүн ухаан, ёс зүйн тууж (2007) зэрэг олон гайхалтай зохиол бүтээл орчуулсан. Телевизийн уран бүтээлүүдээс олонд танигдсан нь “Төмөрбаатартай хамт Япон орноор” цуврал нэвтрүүлэг юм.
Түүхч, түүхийн ухааны доктор, судлаач Ц.Минжин
Ц.Минжингийн “Их засаг” хуулийн судалгааны бүтээл бүх салбарын 800 номоос шалгарч 2009 онд шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2012 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг хүртэж байсан юм. Мөн 25 насандаа аав С.Цэрэнбалтавтайгаа хамтраад “Тэмүжин-Чингис хааны намтар” хоёр боть номыг, аавынхаа үйл хэргийг өртөөлж 2006 онд гурав дахь ботийг туурвиж, Монголын түүхийн дундад зуун, төр, эрх зүйн түүхийн салбарт өөрийн нэрээ дархалсан эрхмүүдийн нэг юм.
Монгол Улсын харцага Д.Батболд
Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар Увс аймгийн Тэс сумын харьяат залуу бөх А.Батжаргалаар нэг, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн начин Н.Батсууриар хоёр, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтохоор гурав, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат улсын начин Д.Ганбатаар дөрөв, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатараар тав давж цолоо баталж, зургаагийн даваанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболдыг даван улсын харцага цолыг хүртсэн. Өдгөө ерөнхий хөлийн цэцээр ажиллаж байна.
Дуучин, МУСТА Х.Батмэнд
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж өссөн тэрбээр урын сандаа 100 гаруй дуутай болж таван цомог гаргаж Улаанбаатар хотод бие даасан таван тоглолт хийжээ.
Дээрх эрхмүүдээс гадна дараах хүмүүс мөн багтжээ.
- ХУД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- Спортын сэтгүүлч Н.Тамир болон дүрмийн дагуу энэхүү зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй бөхийн холбооны тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллах болно.
Монголын үндэсний бөхийн холбооны мэдэгдэлд “Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүндээ үндэсний бөхийн хөгжлийн төлөөх хариуцлагатай ажилд нь амжилт хүсье” гэжээ.