ОХУ сүүлийн саруудад Украины зүүн хэсгийн Бахмут руу эрчимтэй давшилж байна. Бахмутын төлөөх тулаан ширүүссээр, Орос, Украины аль аль нь их хэмжээний хохирол амсчээ. "Оросын арми сүүлийн хэдэн өдрийн дотор 1100 гаруй хүнээ алдаж, олон хүн нь хүнд шархадсан" гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэллээ. Тодруулбал, Оросын 1500 орчим цэрэг цаашид байлдаанд оролцох боломжгүйгээр шархадсан байна. Харин Украины талаас 220 гаруй цэрэг нас барсан гэж ОХУ мэдэгдэв.
Дээрх тоонууд аль нь үнэн бодитой болохыг хэн ч мэдэхгүй. Барууныхны тооцооллоор Бахмут болон түүний эргэн тойронд одоогоор 20-30 мянган орос цэрэг амь үрэгдэж, шархаджээ.
КРЕМЛЬД ХҮРГЭХ САЙН МЭДЭЭ
Бахмут стратегийн ач холбогдол харьцангуй багатай ч Кремльд ямар нэгэн эерэг мэдээ хүргэх гэж зүтгэсэн Оросын командлагчдын гол бай болжээ. Тус хотыг эзэлж чадвал ОХУ нь Украины зүүн болон өмнөд хэсгийн дөрвөн бүс нутгийн нэг Донецкийг бүхэлд нь хяналтдаа байлгах зорилгодоо бага ч болов ойртох юм. Барууны нэгэн албан тушаалтны хэлснээр "Бахмут бол 1200 км үргэлжлэх фронтын нэгээхэн жижиг тактик" аж.
Хэдийгээр бэлгэдлийн чанартай ч Кремльд ялалт хэрэгтэй. ОХУ-ын арми Северодонецк, Лисычанск зэрэг хотыг эзлэн авснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч тэр цагаас хойш ОХУ-ын арми дайны талбарт дорвитой ахиц гаргаагүй байна. "Тэд цэргийн бус цэвэр улс төрийн зорилгоор тулалдаж байна. Оросууд улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд олон мянган хүний амь насыг золиосолсоор байх болно" гэж Украины Аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн дарга Серхи Кузан хэлсэн юм.
Хотыг хамгаалахын тулд Украин багагүй нөөц хөрөнгө зарцуулсан юм. Угтаа бол Бахмут нь гарнизон хот биш, тээвэр болон хүн амын томоохон төв ч биш. Халдлагаас өмнө тус хотод 70 мянга орчим хүн амьдарч байсан. Бахмут нь давс, гөлтгөнийн уурхай, дарсны үйлдвэрээрээ алдартай.
ОХУ-ын нэгэн адил Украин ч бас Бахмутад улс төрийн ач холбогдол өгч, эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болгоод байна. Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Вашингтонд айлчлахдаа Бахмутыг "манай ёс суртахууны цайз" гэж нэрийдээд, АНУ-ын Конгрессын танхимд Бахмутын тугийг мандуулсан юм.
Украины зүүн хэсгийн жижигхэн аж үйлдвэрийн хот долоон сарын турш Оросын цохилтод өртлөө. Ус, хий, цахилгаангүй газар доорх хоргодох байранд хэдэн мянган энгийн иргэн амьдарч байна. "Хот бараг сүйрсэн. Энд дайнд хөндөгдөөгүй нэг ч барилга байгууламж байхгүй" гэж хотын орлогч дарга Александр Марченко хэлэв.
Хэрвээ ОХУ-ын арми Бахмутыг эзэлчихвэл дараагийн бай нь Краматорск, Славянск зэрэг томоохон хот суурин болж магадгүйг Их Британийн Батлан хамгаалах яам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анхааруулсан. Тиймээс Оросын командлагчдын хувьд Бахмутыг эзлэх цэргийн шалтгаан байгаа юм.
ПРИГОЖИНЫ ЗОРИЛГО
Украины хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сирскийн хэлснээр "Вагнер" бүлэглэлийнхэн хамгаалалтыг сэтэлж, тал талаас довтолж байгаа аж. Бахмутад нөхцөл байдал хүндэрч, дайсан метр тутамд тулалдаж байгааг Ням гаригт Александр Сирский хэлэв. Хотын төв рүү ойртох тусам тулаан улам ширүүсч байгаа аж. "Вагнер"-ын удирдагч Евгений Пригожин Бахмутыг эзлэхийн тулд өөрийн болон армийнхаа нэр хүндийг дэнчин тавьжээ. Евгений Пригожин өөрийн дайчдаа энгийн орос цэргүүдээс илүү гэдгийг харуулахаар тэмцэж байна. Пригожин Бахмутыг эзэлчихвэл бүс нутгаас шинэ хүмүүс элсүүлж, армиа хүчирхэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хэрвээ Пригожин энд амжилт олохгүй бол Москва дахь түүний улс төрийн нөлөө буурах юм. Пригожин сүүлийн үед ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөрчилдөж, түүний тактикийг шүүмжлэх болсон. Мөн сум зэвсгийн нөөц хангалтгүй байна гэж гомдоллох болжээ. Энэ хоёр хүн Кремльд нөлөөлөхийн тулд тэмцэлдэж байгаа бөгөөд тэмцлийн гол талбар нь Бахмут болжээ.
НЭГ УКРАИН ТАВАН ОРОС
Тэгвэл Украины талд Бахмутыг улайран хамгаалах ямар шалтгаан байгаа бэ? Тэдний стратегийн гол зорилго бол Оросын армийн хүчийг сулруулах юм. Бахмутын тулаанаар далимдуулан тэд маш олон орос цэргийг хөнөөх боломжтой болж байгааг барууны нэгэн албан тушаалтан онцолсон байна. НАТО-ийн тооцоолсноор Бахмут дахь украин хүн нэг бүрийн төлөө таван орос амиа алдаж байгаа аж. Харин Украины Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Олексий Данилов энэ тоог бүр өндрөөр хэлжээ. Тэр энэ харьцааг нэг украин долоон орос гэж тодорхойлов.
Хэрэв Бахмут унавал бэлгэдлийн хувьд Орос улс ялалтаа зарлана гэж үзэж байна. Бахмут унаж, Краматорск шинэ тулааны талбар боллоо гэхэд оросуудын хувьд тэнд мөн л цуст тулаан өрнөх аж. Краматорск газар зүйн байрлалын хувьд илүү өндөрт байрладаг бөгөөд Бахмутаас хавь илүү хамгаалалттай. Краматорскийн хамгаалалтын бүсийг украинчууд найман жилийн турш бэлдсэн гэдэг.
ОХУ-ын нэгэн адил Украин ч Бахмутад улс төрийн ач холбогдол өгч байна. "Бахмутын төлөөх тэмцэл нь тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх бидний дайны замналыг өөрчлөнө" гэж Зеленский хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ