Намрын чуулган хаалтаа хийхийн өмнө Цахим орчин хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хоёрхон өдөр хэлэлцэж баталсан нь олон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарсан. Эрх баригчдын зүгээс энэхүү хууль цахим орчинд явагдаж байгаа залилан, гэмт хэрэг, мөн албан тушаалаа ашиглан олж авсан бусдын мэдээллийг дэлгэх, цацах асуудлыг хязгаарлах зорилготой гэж тайлбарласан ч иргэдийн хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдахыг завдлаа хэмээн буруутгасан юм. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэхүү хуульд хориг тавьсан нь Төрийн тэргүүн болсноос хойшхи анхны тохиолдол байв.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийхдээ "Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь Үндсэн хууль зөрчиж байна. Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжихгүй" гэж байв. Хэдийгээр хууль одоогоор "хоригтой" байгаа ч УИХ хүлээж авах эсэхээс хамаарна.
Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг УИХ хэлэлцэнэ.
Эргэн сануулбал:
• Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай,
• Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
• Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай,
• Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр эцэслэн баталсан билээ.
Засгийн газрын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах асуудал нэгдмэл бус байр суурьтай байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хоригийг хүлээн авахгүй гэсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хоригийг хүлээн авна гэх байр суурийг илэрхийлсэн.
Ерөнхийлөгчйн хуулийн зөвлөх А.Бямбажаргал хуульд хориг тавьсан шалтгааныг "Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэхүү баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.
-Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг. Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна" гэж тайлбарласан билээ.
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд дараах байдлаар тусгажээ.
88 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх
88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
88.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
88.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 88.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.
88.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.
88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
88.7.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.
88.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
88.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.
Холбоотой мэдээ