XXI зуунд ч хогноосоо салаагүй Улаанбаатар

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

XXI зуунд ч хогноосоо салаагүй Улаанбаатар

XXI зуунд ч хогноосоо салаагүй Улаанбаатар

Утааны улирал дуусч дараагийн асуудал айсуй. Нийслэлээ тордож, өнгөлж сар тутамд нийтийн их цэвэрлэгээг уриалан хийдэг ч иргэдийн хандлага өөрчлөгдөөгүй цагт их хөлийн газар соёл тогтохгүй гэдэг. Энэ нь  ч үнэний ортой бололтой.

Хотынхон соёлтой иргэн байх уриалга дэвшүүлж, хоггүй Улаанбаатарт амьдрах агуулгыг сурталчилгааны самбаруудад байршуулдаг ч амжилт олдоггүй.

Зөрчлийн тухай хуулиар нийтийн зам талбайд нус, цэр, шүлс тэр бүү хэл тамхины иш хаявал торгох заалттай. Харамсалтай нь, энэ заалт цаасан дээр бичигдсэн төдий зүйл. Тиймдээ ч нийтийн эзэмшлийн талбай, гудамжны булан, ТҮЦ-ийн эргэн тойронд нус, шүлс байсаар. Мөн орон сууцны хотхон, гудамжны буланд ил задгай хаясан хог өнөөг хүртэл нийслэлийнхний толгойг гашилгаж буй.

Асуудлын гаргалгаа нь угтаа бол иргэдийн ухамсарт бий.

Их цэвэрлэгээг тусгайлан зарлаж төрийнхөн, хувийн хэвшлийнхнээр ялгарч хогоо цэвэрлэхээс илүүтэй иргэд өөрөөсөө эхэлж соёлтой байх нь чухал болов. Эцсийн дүндээ хог хаягдал, ялгадас хүний эрүүл мэнд, агаар, хөрс, орчны бохирдлыг бий болгодог. Тэгэхээр хүн байгалиа төдийгүй өөрийгөө, үр хүүхдээ хордуулсаар байна.

ХОТ ХОГОНДОО ДАРАГДСАНД АЛБАНЫХНААС ГАДНА ИРГЭД БУРУУТАЙ

Хотын удирдлагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх үүргийг тохижилт үйлчилгээний нэгжид өгдөг. Түүгээр зогсохгүй аж ахуй нэгжүүдэд ч өөрийн харьяанд хамаарах газрыг цэвэр байлгах зохицуулалт хэрэгждэг билээ. Тэгвэл орон сууц, гэр хорооллын гудамжинд ил задгай хөглөрөх хогийг хэн цэвэрлэх ёстой вэ? Мэдээж иргэн хүний хариуцлага энэ тохиолдолд яригдана. Агаар, хөрсний бохирдлыг нэн аюултай түвшинд хүрснийг иргэд мэддэг ч өөрийн оршин байгаа газартаа өөрөө бий болгож байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хогоо шуудайлж амыг нь боохгүй гудамжинд хаяж, албатай мэт дүр үзүүлж ачсангүй гэж уурладаг. Мэдээж асуудал аль, аль талдаа бий. Хог ачилтынхан зарим сард хугацаа алдаж, товлосон өдрөө ачиж амжаагүй буруугаа хүлээдэг. Харин иргэд хогоо хашаанаасаа л гаргасан бол өөрийнх нь биш гэж боддог гэм биш зантай. Тэгэхээр албаныхнаас гадна иргэдэд ухамсарт хандлага, хариуцлага дутагдаж байна.

Шуудайны амыг нь боогоогүй гудамжинд хаясан, уутлаагүй задгай байрны үүдэндээ орхисон хогийг нь нохой, муур задалж, өнөөх нь салхи шуурганд задарч, хийсч хөглөрдөг.

Угтаа бол иргэд хотын соёлыг бий болгохыг дэмжиж байгаа бол ийм үзэгдэл барагтаа гарахгүй.

Улаанбаатар хот 383 жилийн түүхтэй ч хотынхон өнөөдрийг хүртэл суурин амьдралд дасаагүй л байна. Хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч нийтээрээ гудамжинд хогоо хаясаар. Энэ үзэгдэл цар тахлын жилүүдэд жигдэрч, цэгцэрч байсан ч дахиад л хуучин хэв маягтаа уусч байгаа нь харамсалтай.

Ухаанд нь бодол төрөхгүй бол ухамсарт нь хуулийн заалтыг сануулж байж энэ жишиг арилна гэдгийг зарим хүн хэлдэг. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий. Ахуйн наад захын соёлыг мөрдүүлэх энэ заалт мөн л хэрэгждэггүй. Нэг талаар арга ч үгүй. Хэрэгжүүлэх, хяналт тавих субъект нь ч иргэдэд тодорхой бус. Гэвч хуулийн хэрэгжилтийг чангаруулахыг Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан холбогдох байгууллагад үүрэг өгч байв. Энэ дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллаж эхэлсэн ч дахин замхарсан. Тиймээс бидэнд хэрэгжилт байхгүй хуулийн заалтаас илүү хэн хэндээ буруу өгөхгүй ухамсарт хандлага л дутагдаж байна.

Албаныхны өгсөн мэдээллээр гэр хороолол, орон сууцны хог ачилтын машин тусдаа байдаг. Гэр хороололд долоо хоногт нэг удаа хоёр машин, орон сууцанд 14 хоногт нэг удаа нэг машин гэсэн хуваарьтайгаар явдаг байна. Орон сууцны айлын хогны мөнгийг СӨХ-ны мөнгөтэй нь давхар бодож авдаг аж. Харин гэр хорооллын хог ачилтын мөнгө өнгөрсөн жилүүдэд 2500-5000 төгрөгийн хооронд байсан бол энэ оны нэгдүгээр сараас эхлэн 8000 төгрөг болжээ.

Мэдээж үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд үнэ ханш байх. Гагцхүү энэ мөнгө зориулалтын зүйлдээ ашиглагдаж, тухайн зардал үр ашиггүй зарцуулагдахгүй байх чухал. Тиймдээ ч Тохижилт үйлчилгээний газар парк шинэчлэлт муу хэдий ч хотоо чадахаараа цэвэрлэж байгаагаа хэлдэг. Мөн хог ачилтынхан ч олон мянган өрхийн хаягдлыг хуваарийн дагуу авч, хогийн цэгт хүргэдэг гэдэг. Албаныхан ийнхүү хариуцсан ажлаа хийж байгаа нь үнэн бол хот хогондоо живэх болсон нь гарцаагүй иргэдтэй хамааралтай болж таарна. Тиймээс эрүүл мэнд, агаар, орчны цэвэр байдлыг бодсон ч их цэвэрлэгээнээс илүүтэй үргэлж хоггүй байх хэвшил чухал. Харин энэ соёлд иргэд нэгнээ уриалж, өрх, хороо, дүүргээрээ хандлагаа өөрчлөх цаг хэзээ вэ? Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал XXI зууны даяаршил дунд Улаанбаатарт хот л хогтойгоо зууралдаж үлдэх нь…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж