Байр суурь: Гүний уурхайн өгөөж ирэх жилүүдэд илүү мэдрэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

Байр суурь: Гүний уурхайн өгөөж ирэх жилүүдэд илүү мэдрэгдэнэ

Байр суурь: Гүний уурхайн өгөөж ирэх жилүүдэд илүү мэдрэгдэнэ

Оюутолгойн гүний уурхайн олборлолт өчигдөр /2023.03.13/ эхэллээ. Тус уурхайн үйл ажиллагаа энэ оны  хагаст  жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Ийнхүү Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэдгийг эдийн засагчид хэлж байна. Бид энэ удаагийн “Байр суурь” булангаараа Оюутолгойн гүний уурхайн нээлттэй холбогдуулан эдийн засагчдын байр суурийг тодруулан хүргэж байна.


"ЗЭСИЙН БАЯЖМАЛААС ОЛОХ ӨГӨӨЖӨӨ БУУРУУЛАХГҮЙН ТУЛД  ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ХАШЧУЛУУН:

-Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор  Монгол Улсын эдийн засагт өргөн хүрээтэй, олон чухал нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Монгол Улсын экспортын чухал бүтээгдэхүүн болох зэсийн экспортын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс Монголд орж ирэх долларын урсгал нэмэгдэж, төлбөрийн тэнцэл тэнцвэржих эерэг хүлээлт байна. Цаашлаад ам.долларын хомсдол буурч, төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдэж байна.

Түүнчлэн гүний уурхайн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллүүдийг дагаад ажлын байр нэмэгдэж, ханган нийлүүлэгч компаниудын үйлдвэрлэл өргөждөг.

Цаашид Монголын Засгийн газар зэсийн баяжмалаас олох эдийн засгийн үр өгөөжөө бууруулахгүй байхын тулд  зэс хайлуулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь бид уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь ирээдүйд илүү үнэ цэн бүтээх боломжийг бий болгоно. Тиймээс экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд биш чанарыг нь сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өндөр үнээр борлуулахад анхаарах цаг нь болсон. Төр өөрийн мэдлийн томоохон үйлдвэрүүд болох "Оюутолгой", “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэдэг тооцоо судалгаа хэдийнэ бэлэн болчихсон.

Хамгийн гол нь улс төрийн зоригтой шийдвэр гаргах нь чухал. Эдийн засаг тэлэхийн хэрээр бид орж ирсэн орлогоо зөв захиран зарцуулж чадах эсэх нь дараагийн чухал асуудал болоод байна. Манайд аж үйлдвэрийн томоохон төслүүдээ дэмжих, урагшлуулах асуудал одоогоор дутмаг байгаа.

Сүүлийн үед Засгийн газраас  дэд бүтцээ сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж төмөр зам байгуулах, хилийн гарцаа нэмэгдүүлэх ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Үүний араас нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ёстой ажил бол түүхийгээр нь болоод хагас боловсруулан гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлоход анхаарах нь нэн чухал. Учир нь Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагчаар БНХАУ болон Азийн орнууд нэрлэгддэг. Бид өрсөлдөж байгаа улс орнуудаас тоо хэмжээгээрээ илүү гарахыг урьтал болговол урт хугацаандаа зах зээлийн эрэлт хангагдаж, бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Тиймээс дараагийн шатанд боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.

“ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРСОН Ч ЭНЭ ЖИЛДЭЭ ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ Л БОЛОВ УУ”

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ:

-Монгол Улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспортын хэмжээ өсөхийн хэрээр экспортын орлого дагаад өсч байвал сайн. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхайг байгуулахын тулд ихээхэн хэмжээний зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу. Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай.

Өөрөөр хэлбэл, орж ирсэн шигээ урсаад гарчихдаг.  Тиймээс ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Оюутолгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.

Гадаадын хөрөнгө оруулалтыг л маш сайн татах, энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Тухайлбал, хятадууд цахилгаан машин олон тоогоор үйлдвэрлэхээр зэхэж байна. Энэхүү эрэлтийг дагаад зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд Монгол Улс хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадаадын хөрөнгө оруулалтыг татна. Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Улс төрийн тодорхойгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь, гадаадын хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.

Эцэст нь, гүний уурхай өчигдөр ашиглалтад орлоо гээд өнөөдөр эсвэл энэ жилдээ эдийн засагт айхавтар нөлөө үзүүлэхгүй болов уу. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх нэг хэрэг боловч зүгшрүүлэх хүртэл ажил их.

Тиймээс 2024 оноос эхлэн эдийн засагт нөлөө үзүүлэх болов уу хэмээн таамаглаж байна. Харин Тавантолгойд цахилгаан станц барих, Оюутолгойгоос хил рүү төмөр зам тавих зэрэг эдийн засагт үзүүлэх үр  нөлөөг сайжруулах ажил, алхамууд хийж болно. Түүнээс биш шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй.

“УЛС ТӨР ХИЙЖ БОЛОХ Ч “ГЭРЭЭ ШАТААХ” ХЭМЖЭЭНД ОЧИЖ БОЛОХГҮЙ”

ЭДИЙН ЗАСАГЧ Р.ДАВААДОРЖ:

-Өмнөд хөршийн эдийн засаг эрчимтэй хөгжихийн хэрээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсч Монгол Улс экспортын хоёр баганатай болсон нь зэс ба нүүрс. Өнөөдөр гадаадаас олж буй 10 ам.доллар тутмын 7-8-ыг зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс олж байна. Зэс бол өдгөө дэлхий нийтээрээ ярьж байгаа ногоон ирээдүйд нэн шаардлагатай металл. Зэсийн үйлдвэрлэлээр бидний дэлхийд тэргүүлэх байр суурийг Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор улам баталгаажууллаа. Мөн тус  орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм. Иймээс уурхайн хамгийн үнэ цэнтэй нөөцийг ашиглах боломж нээгдэж, гүний уурхай 2023 оны эхний хагаст тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тооцоотой байна.

Монгол Улсын гадаад валют олдог голлох хоёр түүхий эдийн нэг болох зэсийн үйлдвэрлэл нэмэгдэх нь манай эдийн засагт шууд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ ирэх жилээс энэ бүхэн мэдрэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, манай зах зээлд орох валютын урсгал нэмэгдэж, ханш тогтворжих хандлага мэдрэгдэнэ.

Хамгийн гол нь Оюутолгойг тойрсон улстөржилтөө зогсоох ёстой. Хэдэн жилийн өмнө МАН-аас “Бид хамаг баялгаа гадаадынханд өгөөд туучихлаа” гэдэг хар пиар их явуулсан. Улс орныхоо эдийн засагт асар хөнөөлтэй пиар явуулснаа эрх биш одоо ойлгож байгаа байлгүй. Энэ улстөржилттэй холбоотой гадаадын хөрөнгө оруулалт ерөнхийдөө зогссон. Ингэснээр гадаад валютын ханш огцом чангарч, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн. Аливаа нам улс төр хийж болох ч “гэрээ шатаах” хэмжээнд очиж болохгүй. Оюутолгой шиг муухай төсөл байхгүй гэж хашгирч байсан эрх баригчид бүгдээрээ гангараад тус төслийн нээлтэд очсон гэдэгт би итгэлтэй байна. Улс орон ганц төсөл царайчлах бус зөв төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг сүүлийн долоон жил бидний туулсан амьдрал харууллаа. Улс орны эдийн засаг “сэхээний тасагт” гадаадын өр зээл гэсэн “хиймэл амьсгаа” залгуулчихаад хэвтэж байна.

“ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙГ ОРЛОГО ГЭЖ ХАРААД ЭМХ ЗАМБАРААГҮЙ ХУВААРИЛБАЛ ҮР АШИГ НЬ БУУРНА”

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

-Оюутолгой төслийн далд уурхайн олборлолт эхэлж байгаа нь Монгол Улсын хувьд томоохон эерэг нөлөөтэй. Учир нь, энэхүү төсөл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд барууны өндөр хөгжилтэй орны томоохон компанитай Монгол Улс хамтарч, эхлүүлж, үр дүнд хүрч байгаа хамгийн том төсөл юм. Энэ агуулгаар Монгол Улсын эдийн засгийн түүхэн дэх хамгийн ач холбогдол бүхий онцгой, түүхэн өдөр өчигдөр тохиолоо хэмээн бодож байна. Эдийн засгийн агуулгаараа зэсийн баяжмал, алт, мөнгөний олборлолт экспорт нэмэгдэхийн хэрээр төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөрийн хэмжээ нэмэгдэх нь ойлгомжтой. Өнөөг хүртэл төслийн зүгээс нийт дөрвөн тэрбум ам.долларын татвар, хураамж төлснөөс харахад жилд дунжаар 300 орчим сая ам.доллар төлсөн гэсэн үг.

Гүний уурхай ашиглалтад орсноор энэ тоо дор хаяж 2-3 дахин нэмэгдэх, 2021 онд Засгийн газар, Рио Тинто компанитай хийсэн хэлцлийн үр дүнд өрийг тэглэснээр Монголын тал тодорхой хэмжээний ногдол ашиг хүртэх зэргээр эдийн засагт нөлөөлөх эерэг нөлөөлөл олон. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн эдийн засгийн талаас нь харж, хэт өндөр хүлээлттэй байх нь өрөөсгөл юм.

Нэгдүгээрт, төсөл өөрөө урт хугацаанд үргэлжлэх төлөвлөгөөтэй. Гүний уурхай ашиглалтын оргил үе нь 2030 -аад оноос эхлэнэ гэдгийг ойлгох нь чухал. Тодруулбал, эдийн засагт нөлөөлөл өндөр боловч одоо өгч буй татвар, хураамж бусад орлого аажим нэмэгдэх юм байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Хоёрдугаарт, Эдийн засгийн хэт өндөр хүлээлт нь улс төр, нийгмийн хувьд зарим буруу шийдвэр гаргах байдлаар нөлөөлж болзошгүй. Гуравдугаарт, энэ  төсөл нь зөвхөн татвар хураамжаас гадна уул уурхайн салбар, бүс нутгийн хөгжил, дотоодын туслан гүйцэтгэгч ААН-үүдийн үйл ажиллагаагаар дамжих нөлөөлөл өндөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс бидний хувьд төслөөс орж ирэх үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх, орлогыг хэрхэн зөв ашиглах, бусад нийгэм, эдийн засгийн нөлөөллийг нэмэгдүүлэх, байгаль орчин болон бусад талаар нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах зэргээр асуудлыг цогцоор нь харах нь зүйтэй. Ингэж чадвал төслийн үр өгөөж  улам нэмэгдэх боломжтой юм. Харин төслийг зөвхөн орлого гэж хараад түүнийг эмх замбараагүй хуваарилсан тохиолдолд төслийн үр ашиг буурна. Валютын ханшийн хувьд төслийн орлого хэр хэмжээгээр нэмэгдэх, орлого хаагуур дамжих, дотоодын зах зээлд үлдэх хэмжээ зэргээс хамаарах болов уу. Үүнээс гадна валютын ханш нь зөвхөн уул уурхайн орлогоос гадна бусад орох, гарах урсгалын хэмжээнээс шалтгаалдаг цогц ойлголт гэдгийг анхаарах нь чухал. Өнөөдөр ханш өсч байгаа үндсэн шалтгаан нь гарах урсгалаа давах орох урсгал бий болохгүй байгаа явдал. Иймд энэ үйл явдал валютын ханшид тодорхой эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг л хэлье.

П.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж