Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулж байна. Тодруулбал, өнөө шөнө Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр, маргааш /2023.03.14/ Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Мөн өнөө шөнө Өмнөговь, Дундговийн нутаг, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхаарууллаа.
ЭНЭ САРД ИХЭНХ НУТГААР НОЙТОН ЦАС ОРНО
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр энэ сард монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүснэ.
Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас багатай ба сарын сүүлийн хагаст тунадасны давтагдал ихтэй байх буюу хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлал өндөр гарсан байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан , хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна.
Холбоотой мэдээ