Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сард төв талбайд болсон. 22 хоногийн суулт, сар гаруй хугацааны тэмцлийн үр дүнд АТГ тус хулгайд нэр холбогдсон 17 хүнийг зарлаж, Засгийн газар хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Гэхдээ хариуцлага одоог хүртэл тооцоогүй. Учир нь мөрдөн шалгах ажил дуусаагүй болохыг АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл нэр зарлаад байгаа болон тус хулгайд холбогдуулан шалгаж байгаа хүмүүст бодит хариуцлага тооцохыг иргэд дахин шаардав.
Тодруулбал, өнөөдөр /2023.03.13/ нүүрсний хулгайг эсэргүүцэж буй иргэд дахин жагсч байна. Тэд шаардлагын хариуг өгөхийг хүсч, хулгайчдад бодит хариуцлага тооцохыг шаардлаа.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хулгайд холбогдсон нь батлагдсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгөхийг хүч байгаагаа хэллээ. Жагсагчид өнгөрсөн оноос эхэлж тууштай тэмцсэн бөгөөд хулгайчдад хариуцлага тооцуулах шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл дундаасаа гаргаад байгаа аж.
Мөн Засгийн газраас жагсагчдын тэмцлийг үл ойшоож, шаардлагад бодит хариулт өгөхгүй байгаа учраас хариу авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Жагсагчид он гарснаас хойш төв талбайд дахин гурван удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд зарласан нүүрсний хулгайчдад бодит хариуцлага тооц гэдгийг шаардсан юм. Харин АТГ, Засгийн газрын зүгээс ажлын хэсэг хуулийн дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэх хариултыг өгөөд байгаа.
Мөн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн зүгээс бүхий л талын төлөөллийг багтаасан институци байгуулж тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь шударга ёсыг шаардаж байгаа учраас гол төлөв хуульч, багш, сэхээтнүүдийн төлөөллийг институцид оруулахыг хүсч байгаа аж.
Холбоотой мэдээ