Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн сард Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах чухал байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, энэ ялгааг арилгахын тулд олон улсад туршигдсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэсэн юм. Ийнхүү сургалтын чанар хангалтгүй байгааг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, өөрсдөө шинэчлэлт хийхэд урт хугацаа шаардах учир олон улсаас туршлага судлахаар болжээ.
Хэрэв олон улсын стандартыг хэрэгжүүлбэл гурван жилийн дотор хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа бүрэн арилах аж.
Эцэг, эхчүүд ч цахим хуудаснаа боловсролын ялгарлыг арилгах нь зүйтэй гэдгийг илэрхийлж байна. Мөн салбар яамнаас гадна орон нутгийн сургуулиуд өөрсдийн санаачлагаар шинэчлэлт хийхийг уриалжээ. Мөн эцэг, эхчүүд, гэрээсээ алслагдмал дотуур байранд байдаг хүүхдүүдтэйгээ хамтарч боловсролын заагийг арилгах нь чухал гэсэн байна. Харин Боловсролын яам хот, хөдөөд үүссэн ялгааг ойрын жилүүдэд төлөвлөгөөт үе шаттайгаар авч үзэж, арилгах нь зүйтэй гэдгийг илэрхийлж буй.
ӨДӨР, ШӨНӨ ШИГ ЯЛГААГ АРИЛГАХАД ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ
БШУ-ны сайдын хэлснээр, сүүлийн үед боловсролын чанарыг яаж дээшлүүлэх вэ гэдэг хүн бүхний асуудал болсон. Финланд боловсролоороо дэлхийд тэргүүлдэг улс. Хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлнэ гэж Финланд үздэг. Гэтэл Монголд хамгийн ойрхон сургууль нь муу, чанаргүй сургууль гэсэн ойлголт бий.
Хот, хөдөө, хотын зах, төв, хувь, төрийн сургуулийн ялгаа өдөр шөнө шиг болсон. Яагаад заавал хувийн сургуулийн хүүхэд олон улсын стандарт хөтөлбөрөөр сурах гэж. Улсын сургуулийн сурагчид ч жишиг боловсрол эзэмших эрхтэй.
Ерөнхийдөө хөтөлбөрийн шинэчлэл хийвэл маш их цаг хугацаа орно. Тиймээс дэлхийн жишиг туршлагыг төрийн сургуульдаа нэвтрүүлэхийг илүүд үзэж байгааг хэлсэн. Тухайлбал, үүний хүрээнд Финландын математикийн платформ буюу дэлхийн 170 гаруй улсад туршигдсан, манай үнэтэй хувийн сургуулиудад ашигладаг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Энэ платформыг хот, хөдөөгийн 50 сургуульд энэ хэрэгжүүлэх юм. Хэрэв туршилт амжилттай болвол 5-6 ангид улс даяар энэ платформыг хэрэгжүүлнэ. Цаашид амжилттай болбол төрийн сургуулиуд дээрээ авна.
Суурин болон алслагдсан газруудад үүссэд буй боловсролын тэгш бус байдлыг арилгахын тулд гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл оръё гэж зорьж байгаа аж.
Ингэснээр гурван жилийн дотор хот, хөдөө, төр, хувийн хэвшлийн ялгааг арилгах хамгийн зөв гарц энэ гэж үзэж байгаа гэсэн юм.
Эцэг эхчүүдийн зүгээс үүнийг дэмжиж байгаа бөгөөд гол нь кембридж зэрэг хөтөлбөр шиг түр зуур хэрэгжүүлээд орхиж болохгүй гэдгийг илэрхийлж байна. Мөн хот, хөдөө ажиллах боловсон хүчний нөөц ялгаатай байгаа нь боловсролын чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэдгийг ч онцолжээ. Л.Энх-Амгалан сайд энэ асуудалд мөн анхаарч байгаагаа хэлсэн. Гэхдээ шийдэл гаргалгааг ирэх хичээлийн жилээс илүү тодорхой болох бизээ.
Холбоотой мэдээ