“АПУ” ХК нь нийгмийн манлайллын “Соёлоор гоёно” төслийн дэд хэсэг болгон хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Тээврийн цагдаагийн алба болон дуудлагын жолоочийн мэргэшсэн үйлчилгээний “UBCab” байгууллагатай хамтран нийгмийн манлайллын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр нэгдэн ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан компанийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох “Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөрийн нээлт энэ сарын 12-ны өдөр “UG Arena”-д боллоо.
“АПУ” ХК нь залуучуудын хариуцлагатай амьдралын хэв маяг, эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж байгаа билээ.
Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан явагдаж байгаагаараа онцлог юм. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгайлдаг аж. Уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул богино хугацаанд зохисгүй шийдвэр гаргалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зөрчил үүсгэж, ноцтой хохирол учруулах эрсдэлийг үүсгэдэг байна.
Үүний эсрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “АПУ” ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, Монгол улсын хэмжээнд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна. Тиймээс энэ тоог 2023 онд дор хаяж 10 хувиар, улмаар жил бүр үе шаттайгаар түүнээс дээш хэмжээгээр бууруулах нь уг хамтарсан хөтөлбөрийн зорилго оршиж байна.
“АПУ” ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн "Оргилуун" лиг, хөл бөмбөгийн "FC Улаанбаатар" баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна.
МСБХ нь “АПУ” компанитай 5 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан
Уг хөтөлбөрийн нээлтийн үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “АПУ” компаниас хэрэгжүүлж байгаа “Уусан бол жолоо барьдаггүй” аянд нэгдэж байна. Сагсан бөмбөгийн холбооны зүгээс залуучуудад хандаж хариуцлагатай байж уусан үедээ жолоо барихгүй байхыг уриалж байна. Манай сагсан бөмбөгийн холбоо “АПУ” компанитай 5 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Соёлоор гоёно” аяныг лигийн тэмцээнтэй хамтраад дэмжин ажиллаж байна” гэв.
2023 оны эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5000 гаруй жолоочийг илрүүлсэн
Тээврийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат:
“Өнгөрсөн 2022 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийнх хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тохиолдол 1210 бүртгэгдсэн. Үүний улмаас 210 хүн гэмтэж, 123 хүн амь насаараа хохирсон. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаагаас шалтгаалан ослын улмаас иргэн байгууллагуудад нэг тэрбум 900 гаруй сая төгрөгийн хохирол учирсан тоо мэдээ байна. 2022 онд цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийж 54 гаруй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлж, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажилласан. Энэхүү зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байна. Мөн 2023 оны эхний хоёр сарын байдлаар 5000 гаруй жолоочийг илрүүлсэн. Өнгөрсөн онд 3000 гаруй жолоочийг илрүүлж байсан. Цагдаагийн байгууллагаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 7 хоног болгон хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр “АПУ” ХК болон МСБХ, “UBCab” такси үйлчилгээний байгууллагуудтай хамтран залуучуудыг зөв зүйлд уриалах, соёлоороо гоёх, дүрмээ мэддэг байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг нөлөөлөх сурталчилгааны ажлыг бид спортын үйл ажиллагаатай давхцуулан хийж байгаа. Цаашдаа эдгээр байгууллагуудтай хамтраад видео контент, сургалт сурталчилгааны ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Гэр ойрхон юм чинь гэх шалтгаанаар согтуугаар жолоо барьж осол аваар их хийдэг. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар энэхүү эрсдэлийн дөрөвний нэг буюу 100 орчим хүний амь насыг хамгаалах боломжтой. Тиймээс бид энэ үйл ажиллагааг эхлүүлж, төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр явуулж байна. Өнгөрсөн жил уусан бол бүү жолоод гэдэг дөрвөн удаагийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Нэг удаагийн хяналт шалгалт буюу оройн 22 цагаас шөнийн дөрвөн цаг хүртэлх хугацаанд 670 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн. Өдөрт 100 орчим жолооч байнгын хяналт шалгалтаар илэрдэг. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас эрчимтэй хяналт тавьж тууштай ажиллана. Ойролцоогоор 18-35 насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үүсгэх нь их байна” гэлээ.
Ихэвчлэн 18-32 насны залуучууд “UBCab” үйлчилгээг ашигладаг
"UBcab" компанийн маркетингийн менежер Д.Чинбат:
-Өнгөрсөн жилийг бодвол дуудлагын жолоочийн дуудлагын тоо нэмэгдсэн. Одоогийн байдлаар "UBCab" үйлчилгээнд 5000 орчим жолооч ажиллаж байгаа. Өдөр тутамд 1500-аас дээш жолооч 24 цагаар үйлчилгээг авч байна. Манай жолооч нарын онцлог нь даатгалд бүрэн хамрагдсан жолооч нар осол аваар гаргасан тохиолдолд үйлчлүүлэгчийн биш тухайн жолоочийн даатгал үйлчилдэг. Долоо хоногийн дөрөв дэх, тав дахь болон Бямба гаригуудад дуудлагын тоо ихэсдэг. Үүнтэй холбогдуулан залуучуудын хэрэглээ эдгээр өдрүүдэд нэмэгддэг. Жолооч нар ямар өдрүүдэд дуудлага ихтэй байдгийг сайн мэддэг болсон. Тиймээс дуудлага ихтэй байршлуудад аль болох олон жолооч нарыг төвлөрүүлэн ажилладаг. Зарим тохиолдолд согтолтын зэргээс үл хамааран жолоочтой ёс бус харилцах асуудлууд их гардаг. Тиймээс жолоочийн ур чадвараас хамаараад энэхүү асуудлыг шийддэг. Жишээлбэл, мөнгөө авч чадаагүй бол согтуулах ундааны үйлчилгээ гарсны дараа эргэн холбогдож төлбөр тооцоогоо авдаг. Насны хувьд, 18-32 насны хүмүүс энэхүү үйлчилгээг ихээр ашигладаг гэлээ.
Энэхүү төслийн гол онцлог нь олон улсын судалгаан дээр суурилсан
Мөн хөтөлбөрийн нээлтийн үеэр “АПУ” ХК-ийг төлөөлж “АПУ” ХК-ийн Байгууллагын харилцааны албаны дарга О.Одгэрэл мэдээлэл өгөхдөө ““АПУ” компаниас нийгмийн эерэг өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулж ирсэн “Соёлоор гоёно” төслийн дэд төсөл болгож замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах энэхүү төслийг санаачлан өнөөдөр эхлүүлж байна. Энэхүү төслийн гол онцлог нь олон улсын судалгаанд суурилсан төсөл юм. Уусан бол жолоо барьдаггүй гэдэг дээр судалгаа явуулж үзэхэд дийлэнх нь олон жил жолоо барьсан, өөрийгөө туршлагатай сайн жолооч гэж боддог хүмүүс ихэнхдээ осол аваар, зөрчил гаргадаг байна. Тиймээс үүний эсрэг төр болон хувийн хэвшил гээд олон байгууллагуудтай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаадаа баяртай байна. Бид цаашдаа харилцагчидтайгаа болон бусад олон талын хамтран ажиллагчидтайгаа харилцаагаа улам бэхжүүлж нийгмийн эерэг нөлөөллийн төлөө тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах болно” гэв.
Н.УЯНГА
Холбоотой мэдээ