Их Британийн ерөнхий сайд Риши Сунак АНУ-д айлчилж байна. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Австралийн ерөнхий сайд Энтони Албанез нартай уулзаж, Хятадтай тэмцэх зорилготой шумбагч онгоцны гэрээг эцэслэх аж. Энэ нь Аукусын гэрээ буюу Австралид цөмийн шумбагч онгоц нийлүүлэх Их Британи, АНУ-ын гэрээ юм. Талууд 2021 онд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын хүчийг эсэргүүцэх хүчин чармайлтын хүрээнд Аукусын гэрээг үзэглэжээ.
Түүнчлэн Риши Сунак гадаадын аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд ирэх хоёр жилийн хугацаанд батлан хамгаалахын зардлаа таван тэрбум фунт стерлингээр нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. Их Британийн гадаад болон аюулгүй байдлын шинэ стратегид зориулан төсвийн нэмэгдлийг өнөөдөр батлана. Энэ зардлын гурван тэрбумыг нь аж үйлдвэрийн дэд бүтцийг сайжруулахад, 1.9 тэрбумыг нь Их Британийн зэвсгийн дэд бүтцийг сайжруулах, Украин руу илгээх зэвсгийг шинэчлэхэд зарцуулна. Хугацааны хувьд энэ жил төсвийн 1.98 тэрбумыг, ирэх жил 2.98 тэрбумыг зарцуулах аж. Их Британийн гадаад болон аюулгүй байдлын шинэ стратеги нь ОХУ болон Хятадын эрсдэлийг харгалзан үзэх юм.
Риши Сунак АНУ-ыг зорихоосоо өмнө Парист айлчилж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзсан. Тус уулзалтын үеэр Их Британи улс Францад гурван жилийн хугацаанд 500 сая фунт стерлингээр туслах болжээ. Тодруулбал, цагаачид жижиг завиар сувгийг гатлахыг зогсооход энэ мөнгийг зарцуулна. Хоёр улсын хамтарсан баг өнгөрсөн жил 30 мянган жижиг завийг сувгаар нэвтрэхээс сэргийлж, 500 хүнийг баривчилжээ. Цагаачид суваг гатлахаас сэргийлэх энэ ажилтанд Францын хууль сахиулах байгууллагын 500 гаруй ажилтан болон нисгэгчгүй онгоц зэрэг сайжруулсан технологийг ашиглана.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ