“Оюутолгой” компани өнөөдрөөс /2023.03.13/ 1300 км гүнээс гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ. Энэхүү түүхэн олборлолтын нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” компанийн удирдлагууд оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт монголчууд аа, эрхэм хүндэт хөрөнгө оруулагч нар аа, хүндэт зочид төлөөлөгчид өө ! Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, өмнийн говийн оргүй хоосон талбайгаас өнөөдрийг бүтээлцсэн уурхайчид, инженер техникийн ажилчиддаа гүний уурхайн олборлолт эхэлж байгаа түүхэн өдрийн баярын мэнд хүргэе.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2022.01.25-нд Монгол Улсын Засгийн газар Оюутолгой хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жил талцсан Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын гацаа арилж, эхний тэсэлгээ хийж байсныг та бүхэн санаж байгаа.
Хөрөнгө оруулагч тал 2023 оны эхний улиралд багтаан гүний уурхайг ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрч чадлаа. Энэ бол цаашдын хамтын ажиллагаанд бас бидний хамтын итгэлцэлд мөн хоёр талын хариуцлагатай байдлын цаашдын суурь зарчим болж чадна гэдэгт бат итгэлтэй байна.
Эрхэм хатагтай, ноёд оо, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгой төслийн гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
Энэхүү гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа цахилгаан автомашины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе мөн олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж байгаа Монгол Улсын бодит хувь нэмэр юм.
Оюутолгой төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийгдэж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж байгаа эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэхэд туйлын чухал үүрэг гүйцэтгэж байгаа, чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм.
“Оюутолгой” компани нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан байсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагын томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм.
Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй нь үнэн. Энэхүү төслийн олон жилийн үргэлжилсэн эдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн, ард түмний хүсэл эрмэлзэл нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын Их Хурлын 92 болон 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их хурал, УИХ-ын түр хороо, ажлын хэсгийн ахлагч болон гишүүддээ Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон, ажилласан, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, энэхүү гэрээг засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт эрхэм хөрөнгө оруулагч нартаа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж талархал илэрхийлье.Оюутолгой төсөл бол та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл юм” хэмээлээ.
“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа?. Манай баг, хамт олонд хайрласан урмын үгэнд тань баярлалаа. Өнөөдрийн энэ үйл явдлыг хамтдаа тэмдэглэх боломж, урагшлах замыг хамтдаа туулах сайн түншлэлийн харилцааг бодит ажил болгосон таны хичээл зүтгэл, танай Засгийн газарт талархал илэрхийлье.
Хатагтай, ноёд оо , хоёр жилийн өмнө "Рио Тинто" группын гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш би Оюутолгойд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч ажиллалаа.
Манай Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд энэ төслийг урагшлуулах ажлыг голчлон хариуцаж ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 км-ийн гүнд орших ийм хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биеэ түших итгэлцэл юм.
Эрхэм Ерөнхий сайд аа, жил гаруйхан хугацааны өмнө тантай уулзсанаас хойш Рио Тинто групп итгэлцэл бий болгохын тулд шаргуу ажиллалаа. Өнөөдөр тэмдэглэж буй чухал мөчийн өмнө ирэхэд бидэнд энэ итгэлцэл туйлын чухал байлаа.
Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр бид ирэх сар, жилүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу угтах ирээдүй, хамтын замналдаа нэг мөр анхааран төвлөрөх боломжтой боллоо.
Зүтгэл шаардсан хүнд ажлууд биднийг хүлээж буй нь гарцаагүй, замд хөндөлсөх сорилтыг хөнгөнөөр төсөөлөмгүй. Гэхдээ энэ цаг мөчид нэгэн зүгт харж, дөрөө харшуулан урагшилж байгаа нь цугласан бидэнд урам зориг өгч байна. Ийнхүү урагшлахдаа өнгөрсөн хугацаанд хүрсэн хамтын амжилт, бүтээлээ мартаж боломгүй.
Оюутолгой бол аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг уурхайнуудын нэг билээ. Үүнээс илүү чухал зүйл гэж үгүй энэ бол бидний хамгийн бахархууштай амжилт юм.
Оюутолгойн ажилчид шат бүхэндээ өндөр технологи ашиглан, бүтээмжээрээ түүчээлж дэлхийн хамгийн орчин үеийн уурхайг байгуулахдаа хүн төрөлхтөнд нэн хэрэгцээтэй материалыг дэвшилтэт аргаар үйлдвэрлэхийг үргэлж зорьдог.
Өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн баг, хамт олондоо би тусгайлан талархал илэрхийлмээр байна. Өнгөрсөн зургаан жилийн турш олон мянган монгол залуус, орон орны мэргэжилтнүүд энэхүү гүний уурхайг бүтээхээр хичээнгүйлэн ажилласан билээ.
Газрын гүнд ажиллаж байгаа уурхайчдыг өмнийн говь нутаг, нийслэл Улаанбаатар, Австралийн Брисбен төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган ажилтан дэмжиж ажилладаг. Тэдэнд зориулан өдрийн гурван удаагийн халуун хоол бэлтгэж буй тогоочоос эхлээд суурилуулсан техник хэрэгсэл бүр, малтлагын метр бурийг сайтар хэмжиж тооцоолсон инженер, уурхайн төлөвлөлт, төслийн баг гээд хүн нэг бүрд баярлалаа.
10 гаруй жилийн турш Оюутолгойг дэмжиж ажилласаар байгаа Монголын олон зуун ханган нийлүүлэгч та бүхэнд мөн талархал илэрхийлье. Түүнчлэн төслийн маань нэг чухал хэсэг болж, бидэнтэй ажиллаж, биднийг халуун дулаанаар хүлээн авсан Ханбогд сум, Өмнөговийн иргэд та бүхэндээ мөн баярлалаа.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюутолгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюутолгой үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 6 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ.
Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрс төрөгчийн Ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно.
Энэ нь "Рио Тинто"-гийн хувьд дэлхийн эрчим хүчний шилжилтэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх стратегийн зорилтын чухал хэсэг юм.
Оюутолгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хүртэл багагүй хугацаа шаардагдах ч яг энэ цаг мөч бидэнд хамтын түншлэлээр юунд хүрч чадахыг харуулж байна. Бид урт удаан үргэлжлэх хамтын ажиллагааныхаа ердөө эхэн үедээ яваа гэдэгт итгэдэг. Цаашид үргэлжлэх хамтын ажиллагаа маань илүү үр дүнд хүргэх нь дамжиггүй.
"Рио Тинто" групп Оюутолгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд “Эрдэнэс Оюутолгой” компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюутолгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно.
Монгол Улс цаашид тогтвортой, бүх хүнд тэгш боломж олгох хөгжлийг товхинуулах хязгааргүй чадвартай гэдэгт би эргэлздэггүй. Оюутолгой зогсолтгүй ажиллаж байгаа цагт уурхайг түшиглэн илүү их хөрөнгө оруулалт татаж, энэхүү бүс нутагт илүү олон төсөл хэрэгжүүлж, илүү олон ажлын байрыг бий болгож чадна.
Ирэх саруудад Ерөнхий сайд, Засгийн газартай хамтран ажиллаж, энэ ажилд "Рио Тинто" хэрхэн хувь нэмрээ оруулж болохыг тодорхойлохдоо таатай байх болно. Бид хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бэлэн байна. Угтах он жилүүдэд Монгол Улс хөгжин, цэцэглэхтэй зэрэгцэн дэлхийн зах зээлд өдөр алгасалгүй зэс нийлүүлэх энэхүү уурхай нь хувь эзэмшигчдэдээ өгөөжөө өгч, төсөвт орлого бүрдүүлсээр байх болно. Энэ бол бидний Хамтын ирээдүйн суурь билээ.
Хатагтай, ноёд оо, Аян замын нөхөр байж, хамтын түүхийг бичилцэж буй Та бүхэнд баярлалаа" хэмээв.
Сануулахад, Оюутолгой төсөлд 20 мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд юм. Жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэх бөгөөд ирэх таван жилд дунджаар 350,000 орчим тонн зэс олборлох тооцоо гарчээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ