"Сурагчид нэмэлт даалгаваргүй нийгэмших нь чухал"

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

"Сурагчид нэмэлт даалгаваргүй нийгэмших нь чухал"

Боловсролын багц хуулийн төслийг 2021 онд Монгол Улсын их хуралд өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх тов гараад буй. Уг хуулийн төслийг баталснаар сургуулиудын чанарын ялгаа арилах, дүнгийн тогтолцоог халах, ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлэх, боловсролын удирдлагын тогтолцоог улс төрөөс хамааралгүй болгох зэрэг өөрчлөлт гарна гэдгийг салбарын сайд нь хэлж буй. Энэ талаар салбарын багш, судлаачдын байр суурийг хүргэж байна.


"ГЕРМАНД БАГА АНГИЙН ХҮҮХДҮҮДЭД ОГТ ДҮН ТАВЬДАГГҮЙ"

Герман улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн зочин профессор, эрдэмтэн судлаач Т.Уранчимэг:

-Ер нь сурагчдад дүн тавих нь маш эмзэг сэтгэлгээ төрүүлдэг. Тэр утгаараа Германд бага ангийн хүүхдүүдэд огт дүн тавьдаггүй. Харин дунд ангиас эхлэн сурагчдад дүн тавьдаг. Дүн гэдэг нь хэмжих нэгж учраас бас байх ёстой. Гэхдээ нэг онцлог нь хүүхдийн дүнг тухайн хүүхдэд л хэлдэг. Хэзээ ч анги нийтийн дунд дүнг зарлаж, хэлдэггүй. Ангид нь ялгаварлан гадуурхалт үүснэ гэдэг байдлаар өөрт нь дүнг нь хэлдэг. Таны жин, өндөр, арьсны өнгө, асуудал шиг дүн хувийн асуудал. Тэр утгаараа Европын улсууд дүнг ахлах, дунд ангиас эхлэн тавьдаг.

Дани улс бол бүх шатны боловсролд дүн тавихгүйгээр ур чадвараар нь ажиглалтын үндсэн дээр үнэлдэг тогтолцоотой. Энэ системийг Монголд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Ялангуяа бага ангийн сурагчдад дүн тавихгүй байхыг дэмжиж байна. Монголд ерөнхий боловсролын улсын, хувийн сургууль төлбөрийн хувьд эрс ялгаатай. Хөтөлбөрийн хувьд зарим нь нэгдүгээр ангиас нь гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт ордог. Тэрийг эцэг эхчүүд маш сайн гэж ойлгодог. Би 30 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаж, хоёр гурван орны боловсролын системд суралцаж, ажилласан багш хүн. Энэ бол маш буруу. Хүүхэд тавдугаар анги хүртлээ монгол хэлээ сайн сурч, нэмэлт даалгавар авахгүйгээр нийгэмшиж, сурах нь чухал.

Сургуульд сурна гэдэг бол айх зүйл биш гэдгийг ойлгох ёстой. Тийм учраас ерөнхий боловсролын системд анхаараасай гэж бодож байна. Тэр олимпиад, уралдаан бол огт хэрэггүй. Тавдугаар ангийн хүүхэд шал шүргэсэн медальтай байх жишээтэй. Энэ бүхнийг яамнаас чиглэл өгч, бодлогоор зохицуулах ёстой.

"БАГШИЙГ ҮНЭЛЭХ ХАМГИЙН ҮНЭН ҮНЭЛГЭЭ БОЛ ХҮҮХДИЙН НҮД, ХАНДЛАГА ХОЁР ЮМ"

МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор П.Нармандах:

-Үгээр, үйлдлээр, харцаар, биеийн хэлэмжээр гэх мэт олон арга гэж бий. Үнэлэхийн өмнө урамшуулах, зэмлэх, магтах, сайшаах, егөөдөх, дагуулах, үлгэрлэх байж болно шүү дээ. Монголчууд дээр үеэс аман үгээс илүүтэй биеийн хэлээр хүнийг сургаж хүмүүжүүлж байсан. Кембрижийн, Финландын гэх зэргээр гадны боловсрол сайн л гээд шуураад байдаг. Гэвч монголчууд өөрсдөө нүүдэлчдийн өнгө, амт шингэсэн уламжлалт боловсролын системтэй улс. Тэнд авах юм их бий. Үнэлж чадахгүй байгаа хандлагыг тэнд үнэлж чадаж байгаа. Хүүхдийг аль болох үг, үйлдлээр дэмжиж  урамшуулж, магтаж, зэмлэж байгаа.

Үнэлгээ гэдэг зүйлийг болж өгвөл яс тооноос салгах нь чухал. Үнэлгээ нэг талаараа шалгалт тул энэ нь багш, сурагчдын сэтгэл зүйд асар их дарамт бий болгодог.

Багш сурагчаа шалгадаг бол багшийг яамнаас шалгадаг. Шалгалтын үр дүнд сургалтын чанар сайжирч байна уу гэвэл үгүй. Олимпиад болон ЭЕШ-д хүүхдүүд өндөр оноо авсан тохиолдолд багшийг шагнаж, алдаршуулдаг. Энэ тогтолцоо их буруу. Үүнээс шалтгаалж, багш нар  өөрийн сайн гэсэн хүүхдүүдээ олимпиадад бэлдчихээд бусад хүүхдийн сургалтаа орхигдуулах муу үр нөлөө үүсээд байна.

Багшийг үнэлэх хамгийн үнэн үнэлгээ бол хүүхдийн нүд, хандлага хоёр юм. Тухайн ангийн бүх сурагч “Миний багш” гээд хүлээж авч байвал тэр сайн багш. Гэвч өнөөдөр олимпиад, ЭЕШ-д өндөр оноо авахуулсан багш сайн багш гэж сурталчилж, шагнаж урамшуулж бусдаас нь ялгаж байна. Энэ их буруу. Үр дүн нь сурагчаасаа татгалздаг багшийг төрүүлж байна. Тухайлбал, хүүхэд монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөх хүсэлтэй байсан ч багшийн зүгээс татгалзах тохиолдлууд байна. Учир нь ангийн амжилт, миний амжилтыг доош татна гэсэн үзэлтэй нь холбоотой.

Хүүхэд муу хэмээн дүгнүүлсэн ч дотроо байнга тэмцэж байдаг. Багш нар  хоорондоо үнэлгээ, мундаг багш нэрийн төлөө өрсөлддөг болж. Сургалтын чанар, хүүхдийн чадварыг бодитоор үнэлж чаддаг багш цөөн болсон. Голлох шалтгаан нь боловсролын системийн гажуудалтай холбоотой.

"ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНД НЭГДҮГЭЭР АНГИД ШИНЭЭР ЭЛСЭН СУРАЛЦАЖ БУЙ БҮХ СУРАГЧДЫГ ХАМРУУЛСАН"

Боловсролын үнэлгээний төвийн Үндэсний болон олон улсын үнэлгээний хэлтсийн дарга  М.Гантуяа:

-Боловсролын үнэлгээний төвийн бүтэц, чиг үүрэг 2022 онд өөрчлөгдөж, системийн түвшинд үнэлгээ, судалгаа зохион байгуулдаг болсон. Энэ хүрээнд өнгөрсөн жилд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсролын түвшинд томоохон үнэлгээ, судалгааг хийсэн. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн болох хүүхдийн хөгжлийн үнэлгээг нэгдүгээр ангид шинээр элсэн суралцаж буй бүх сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Үнэлгээнд 2022-2023 онд шинээр ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан 70 мянга гаруй суралцагч хамрагдсан.

Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, улмаар сургалтын байгууллагын үнэлгээг зохион байгуулж байна. Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд 655 сургууль, 943 цэцэрлэгийн бүх багшийг хамруулж үр дүнг гурван кластер, зургаан индексээр гарган сургуулийн өмнөх боловсролын багш нарын 48 хувь, ЕБС-ийн нийт багш нарын 42 хувь, нь гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал авч байна.

Судалгааны чиглэлээр хийсэн бас нэг томоохон судалгааг дурдвал Боловсролын чанарын үнэлгээний судалгаа байна. БСШУС-ын сайдын 2018 онд баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын хүрээнд  сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг талаас нь үнэлдэг байсан бол 2022 оноос системийн түвшинд буюу оролт, үйл явц, гаралтын түвшинд чанарыг үнэлэх алхмыг тавьсан гэж хэлж болно.

Өөрөөр хэлбэл, боловсролын хуулийн зорилго болоод сургалтын хөтөлбөрт бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх суралцагчийн чадамжийн хүрээг тодорхойлж түүнд нийцсэн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, боловсруулах, хамтран суралцах зэрэг ХХI зууны үндсэн ур чадваруудыг үнэлэх хэмжээний даалгавруудыг боловсруулж суралцагчдыг үнэлж эхэлснээрээ томоохон дэвшил болсон.

Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж буй шалгалт, судалгаа, үнэлгээний зохион байгуулалт болон мэдээлэл цуглуулах, нэгтгэх, үр дүнг боловсруулан шинжилгээ хийж буй нь зохион байгуулалт, үнэлгээний арга хэрэгсэл боловсруулах, хэмжилт хийх зэрэг нь олон улсын түвшний байгууллагуудтай эн тэнцэхүйц хэмжээнд байдаг. Мөн байгууллагын хэмжээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Тэдгээрээс дурдвал, Кембрижийн их сургуулийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн зөвлөх баг, Австралийн үнэлгээний байгууллага болон дотоодын их, дээд сургуулийн эрдэмтэн судлаач нар, мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж