"Би МSC компанитай ямар ч холбоогүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

Live"Би МSC компанитай ямар ч холбоогүй"

"Би МSC компанитай ямар ч холбоогүй"
16 : 19
2023-3-13

“Тайж” групп  4.5 тэрбумын зээл авсан ч үйлдвэр барьж чадаагүй

“Тайж” групп мах боловсруулах үйлдвэрээ өргөтгөх зорилгоор 2015 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 2 сая еврогийн зээл хүсч, арилжааны банкаар дамжуулах боломжтой гэсэн хариу авснаар Голомт банкаар дамжуулан 4.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тодруулбал, 4.5 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 13.15 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай авсан аж. Зээлээ хугацаанд нь багтаан эргүүлэн төлсөн ч мах боловсруулах үйлдвэрээ өргөтгөж чадаагүй юм байна.

Энэ асуудалтай холбогдуулж, сонсгол удирдагч Б.Энхбаяр “зээл авсан хэрнээ үйлдвэрээ бариагүй, зээлийг дансаараа эргэлдүүлж байгаад буцаагаад төлсөн нь ямар ашиг байв” гэж тодруулав.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал “2016 оны дөрвөн сард энэ зээлийг олгосон. Эх үүсвэрийн хувьд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас орж ирсэн.  Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хооронд байгуулсан зээлийн шугамын хүрээнд гурав хоногт зээлийг олгох ёстой байсан. Эрсдлийг 100 хувь Голомт банк, Хөгжлийн банкны өмнө үүрсэн учраас зээлийг зориулалт дагуу олгоход маш хатуу шаардлага тавьсан.  

“Тайж” группын хувьд зээлийнхээ 950 орчим тэрбумыг үйлдвэр барихад бусдыг нь эргэлтийн хөрөнгөд зарцуулна гэсэн байсан. Энэ зориулалтаа хангах шаардлага тавьсан. Ямар нэг ашиг олох боломж олгоогүй” гэлээ.  Дээрх мэдээллийг сонссоноор өнөөдөр эхлүүлсэн нээлттэй сонсголыг өндөрлүүллээ.

Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт үр дүн сэдвээр зохион байгуулж буй гурав дахь удаагийн шатны сонсгол маргааш үргэлжилнэ. 

12 : 45
2023-3-13

АСЕМ вилла төсөлд Хөгжлийн банкнаас олгосон 125 тэрбумын зээлийн зарцуулалтыг сонсч байна

АСЕМ Вилла төсөлд Хөгжлийн банкнаас дамжуулан олгосон 125 тэрбумын зээл түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж дууслаа. Дараа нь арилжааны таван банкаар дамжуулан АСЕМ-ын хүрээнд олгосон нийт 16 зээлдэгчид олгогдох 108.4 тэрбумын зочид буудлын зээлтэй холбоотой асуудлыг сонсч байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР

-Таныг ер нь МSC групптэй холбоотой гэж ярьдаг. Сонин хэвлэлээр ч гардаг. Энэ чинь үнэн юм уу, яагаад энэ компанид давуу эрх үүсгээд 125 тэрбум төгрөг олгосон бэ.  Түүний 92 тэрбумыг энэ компани өөрийнхөө арилжааны зээл бондын төлбөрт зарцуулж, амины орон сууц барьчихсан. Гадаадын том хэмжээний арга хэмжээ зохион байгуулах гэдэг сайхан зорилго мөрөөдөл, зорилтын дотор тухайн хуулийн этгээдэд давуу байдал олгоод арилжааны банкуудад давуу байдал олгож хүүгийн зөрүүнээс нэгдүгээрт, ашиг хийх боломж олгосон. Ингэхдээ 25 тэрбум шүү. Хоёрдугаарт, энэ компани амины орон сууц барьж байна. Төрийн тусгай хамгаалалттай Богд хан ууланд яагаад энэ компаниудад 10 мянган га-аар зээл өгөөд, амины орон сууц бариад, өөрсдөө амьдардаг ийм давуу байдал яагаад олгоод байгаа юм бэ гэдэг ерөнхий асуулт асуулаа.

Сангийн сайд асан С.БАЯРЦОГТ:

-Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би МSC компанитай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, түр хорооны дарга гишүүд асуудлаа сайн судал. АСЕМ-ыг байгуулах ажлын хэсэг Гадаад хэргийн яаманд байгуулагдсан. Бүх Засгийн газрын хурал болон үндэсний зөвлөлийн хуралд оруулж ирж буй материалыг Гадаад хэргийн яамнаас оруулж ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байсан. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд тэнд ажиллаж байсан. АСЕМ-ийн санхүүжилт хувийн хэвшлээс, тэр битгий хэл гадаадын зээл тусламжаас бүрдсэн. АСЕМ-ыг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн гэж ойлгож болохгүй.  АСЕМ сан гэж байгуулагдаад Монгол Улсын иргэд, хувийн хэвшлээс хандив дэмжлэг ирсэн. Тэгэхээр, Засгийн хуралдаанд оруулж ирсэн бүх материал Гадаад хэргийн яамнаас орж ирсэн. Тийм ч учраас материал бүрийн ард Гадаад хэргийн сайдын гарын үсэг байгаа. Би Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын даргын хувьд мөнгөний эх үүсвэр хүүгийн хэмжээ хугацаанд л оролцоотой байсан. Ийм маягаар асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр энийг төр аваад хийсэн бол төр маш үнэтэй 53 байшинтай хоцрох байлаа. Өөрөөр хэлбэл, Лаосын алдааг давтах байсан.

Эрсдэлийг хувийн хэвшилдээ үүрүүлсэн учраас энэ төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төслөөс болж Хөгжлийн банкинд алдагдал хохирол ерөөсөө учраагүй. Дээрээс нь АСЕМ бол улс төрийн олимп, экспо юм.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.МАНДУУЛ: 

-Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш 1.6 их наяд төгрөгийн 2540 төсөл хөтөлбөрт дамжуулан зээл олгосон байдаг. Хөгжлийн банкны зүгээс одоогийн удирдлага ямар бодлого баримталж байна вэ? гэвэл банк өөрөө энэхүү зээлийг олгохдоо хараат бус бие даасан байдлаар санхүүгийн дүн шинжилгээ болон хуулийн дүн шинжилгээ бүрэн дүүрэн хийсэн үү гэдэг асуудал гарч ирж байна. Газрын болон хөрөнгийн маргаан бүрэн дүүрэн байсан уу гэдгийг бид эргэн харах ёстой. Үүнтэй холбоотой Хөгжлийн банкны одоо байгаа зээлийн багцад хөрөнгийн маргаантай олон асуудал байна. Иргэдэд давхар худалдан борлуулсан, залилангийн шинжтэй асуудал гарсан. Бид үүнийг явцын дунд хууль хяналтын байгууллагатай ажиллаж байна. Нийтдээ 81 орон сууцыг Хөгжлийн банкны барьцаанд тавьсан болон өмчлөлд шилжүүлсний дараа бусдад худалдсан асуудал байдаг.

АСЕМ-тай холбоотой хэлэхэд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 14-ны тушаал байдаг. Үүгээр тухайн үеийн дамжуулан зээлүүдэд хяналт шалгалт хийгээд, түүний мөрөөр авах арга хэмжээний тушаал гаргасан байдаг юм билээ. Үүнд дурдагдсанаар Худалдаа хөгжлийн банкинд 44.8 тэрбум төгрөг АСЕМ вилла дээр зориулалтын бусаар ашигласан байгаа тул энэхүү зээлийг буцаан шаардах гэх хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын нэгдүгээр сарын 29-ны тушаалаар АСЕМ-тай холбоотой Төрийн банкинд 395.9 сая төгрөгийн зориулалт бус ашиглалт байгаа. Үүнийг буцаан дуудах гэсэн тушаал батлагдсан байдаг. Бидэнд одоогийн байдлаар энэ тушаалын дагуу авагдсан арга хэмжээний мэдээлэл байхгүй байна.

АСЕМ-тай холбоотой 233 тэрбумын бонд гаргасан байдаг. Энэхүү бондын эргэн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сард бүрэн хийж дууссан.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Үндэсний аудитын байгууллагын аудитын тайланд улсын төсвөөс 58.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 32.6 тэрбум төгрөг, төрийн өмчит газруудын өөрийн хөрөнгө 23.9 тэрбум төгрөг, хандив тусламжаар 22.2 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны үнэт цаасаар олгосон зээл 233.4 тэрбум төгрөг, БНСУ-ын экспорт, импортын зээлээр 13.7 тэрбум 43 автобусыг худалдсан зээл 11.6 тэрбум, нийт 395.7 тэрбум төгрөгөөр АСЕМ-ын арга хэмжээг зохион байгуулжээ.

 

10 : 25
2023-3-13

АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг

АН Баярцогт

Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах хяналтын сонсгол үргэлжилж байна. АСЕМ Вилла хотхонд олгосон зээлийн зарцуулалттай холбоотой асуудлаар гэрчүүдээс асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Тухайн үед төр төлөөлж шийдвэр гаргаж байсан хүмүүсээс  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирээгүй байна. Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээр ахлуулж байгуулсан. С.Баярцогт сайдаас төлөөлөөд ерөнхий асуулт асууя. АСЕМ буюу Ази Европын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн түр хорооны хүрээнд энэ хуралдааны улс төрийн бусад үр дүн ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан. Түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байна. Уг уулзалтыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ яаж шийдсэн бэ?

Сангийн сайд асан С.БАЯРЦОГТ:

-Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Энэ гэрээ Монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюутолгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-С.Баярцогт сайд аа, би таны яриаг таслах нь ээ. Танд үг хэлэх бололцоог олгосон шүү дээ. Нотлох баримтын хүрээнд ярьчих.

Сангийн сайд асан С.БАЯРЦОГТ:

-Би яагаад энийг ярьж байна гэхээр найман жилийн өмнөх асуудлыг надаас асууж байна. 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өдөр юм. Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ыг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг.

Ер нь дэлхийн хүн төрөлхтөн олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа хүлээдэг. Дэлхийн экспог таван жилд нэг удаа хүлээдэг. Энэхүү уулзалтыг зохион байгуулалт сайтай хийхгүй бол улс орнууд ашиггүй гардаг тохиолдол бий болдог. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгч АСЕМ-ыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах, АСЕМ-ын 11 дэх хэмжээний дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан. Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулсан. Үндэсний зөвлөлийн орлогчоор гадаад хэргийн сайд, ЕТГ-ын Тамгын газрын даргыг томилуулж ажиллуулсан. ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа.

Дараа нь АСЕМ-тай холбогдуулаад Монгол Улсыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед 21 дүгээр зүйлд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт чиглэлийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн бүлгийн 21.1.4-т уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах ийм шийдвэрийг УИХ гаргасан.

Өмнө хийгдсэн дээд хэмжээний уулзалтаас туршлага судалсан.Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан. Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. 2015 оны наймдугаар сарын 6-нд манай Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан МАН-ын гишүүдийг огцруулсан. Ингээд сар гаруйн дараа Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилж Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. Тухайн үед Засгийн газраар хэлэлцээд 337 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ, Хөгжлийн банкны 7.1.1, 16.2 дах заалтыг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг би өөрөө санаачилан боловсруулж батлуулсан. 226 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэ хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ хоёр тогтоолд хоёуланд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж энэ тогтоол баталгаажсан. 226 тогтоолыг Хөгжлийн банкны хуулийн 8.1-ээр үндэслэсэн. Хөгжлийн банкны 7.1.1 бол зээл авах, олгох гэсэн асуудал бий. 8.1 нь бол зээл олгохдоо УИХ-аас баталсан Хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээлийг олгоно гэх заалт байгаа.

Хөгжлийн банкны хуулийг яагаад баталсан бэ гэхээр 2016-2018 онд эдийн засгийн эрчимтэй өсөлт бий болсон. Төсвийн илүүдэлтэй болсон. Төсвийн орлого, зарлага эрс нэмэгдсэн. 2008 оны наймдугаар сар гэхэд зэсийн үнэ 8000 байснаа 6000 мянга болон эрс буурсан. Дэлхий нийтийг хамарсан хямрал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд Монголчууд эдийн засгийн хямралын циклийг мэдэрч эхэлсэн. Түүхий эдийн үнэд суурилсан уул уурхайгаас хараат эдийн засаг өөрөө үйл ажиллагаа явуулахдаа төсвийн сахилга бат өндөр байхгүй бол болохгүй гэдэг нь харагдсан. Энэ хугацаанд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж мөрдүүлсэн. Энэ хугацаанд эдийн засаг хасах 1.6 хувь хүртэл агшсан учраас ОУВС-тай “stand by” хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс ирэх зардлыг хязгаарласан. Ийм үед бүтээн байгуулалтыг яаж явуулах вэ гэдэг асуулт босч ирсэн. Тиймээс төсвийг оролцуулахгүй зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна, дотноос хөрөнгө татаж Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож УИХ-аас баталсан жагсаалтаас Хөгжлийн банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч нь Засгийн газар, Засгийн газрын хуралдаан бол хувь нийлүүлэгчдийн хуралдааны төлөөлнө. Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийг байгуулна. ТУЗ гүйцэтгэх удирдлагыг олон улсын сонгон шалгаруулалтаар зохион байгуулж захирлыг томилох ёстой.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Хэзээ орон сууц болгох шийдвэр гаргасан бэ. Ямар зөвшөөрөл олгож байсан бэ?

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-АСЕМ Вилла-тай холбоотой 2015 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үед Д.Оюунхорол сайд ажиллаж байсан, тус сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Богд хан уулын Хүрхрээгийн аманд нийтдээ 4 га талбайг "Мариот" ХХК-д олгосон байдаг. 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр улсын тусгай хамгаалалтын газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ албан ёсоор байгуулагдсан. Гэрээний дагуу амралт аялал жуулчлалын бааз нь нэг ээлждээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий дээд зэрэглэлийн 50 зочид буудал зоогийн газар, авто зогсоолоос бүрдэнэ гэсэн гэрээг албан ёсоор байгуулсан. Хувийн орон сууц барих зөвшөөрөл гараагүй. Аялал жуулчлалын зориулалтаар явж байгаа.

 

08 : 24
2023-3-13

Хөгжлийн банкны сонсгол өнөөдөр эхэлнэ

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо Энхбаяр (2 of 6)

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр буюу 13-17-ны хооронд /2023.03.13-2023.03.17/ болно.

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэх юм. Сонсгол үндсэн хоёр асуудлын хүрээнд болох юм байна.

Нэгдүгээрт, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм байна.

Нийт 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлын хүрээнд хэлэлцэх төслүүд:
• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл,
• Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл,
• Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл,
• Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл,
• Жижиг дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл,
• Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл,
• “Асем вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11-р уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөл,
• Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1 төсөл,
• Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
• Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
• Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
• Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
• Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
• Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төсөл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж