Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байгаатай холбогдуулан Хятадын парламент дэлхийн хоёр дахь том эдийн засгийг удирдах төрийн дээд албан тушаалтнуудын жагсаалтыг албан ёсоор танилцууллаа. Гайхалтай нь Засгийн газрын танхимд таамаглаж байснаас цөөхөн шинэ нүүр царай гарч ирсэн. Энэ бүрэлдэхүүнд багтсан 26 албан тушаалтны бараг тал нь 2021 он буюу түүнээс өмнөх албан тушаалд ажиллаж байсан хүмүүс гэж “Bloomberg News” мэдээлэв. Өнгөрсөн амралтын өдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд шинээр танилцуулсан хоёр том албан тушаалтан нь Батлан хамгаалахын сайд Ли Шанфу, эдийн засгийн төлөвлөлтийн агентлагийн даргаар Жэн Шанжиэ нар байв.
ЕРӨНХИЙ САЙДЫН ОРЛОГЧ ХЭ ЛИФЭНГ
Тэрээр 68 настай бөгөөд өмнө нь Хятадын эдийн засгийн төлөвлөлтийн хүчирхэг агентлаг болох Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны даргаар ажиллаж байсан. Ши Жиньпин түүнийг 1980 онд Фужянь мужийн Сямынь хотод төрийн албан хаагчаар ажиллаж байх үеэс нь мэддэг байсан бөгөөд дотны итгэлт хүн гэж үздэг. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтыг нээж өгсөн анхны бүс нутгийн нэг болох Фүжиань хотод 20 гаруй жил ажилласныхаа дараа 2009 онд Хятадын хойд хэсгийн Тяньжин хотын намын нарийн бичгийн даргын орлогч болжээ. Тэнд тэрээр "Хятадын Манхеттэн" гэж нэрлэгддэг томоохон шинэ дүүргийн барилгын ажлыг удирдаж байсан. Хотын эдийн засгийн өсөлт эхэндээ огцом өссөн боловч сул орон тоо бий болгох зэрэг байнгын түгшүүрийн улмаас удааширчээ. Тэрээр Сямыний их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
ХЯТАДЫН АРДЫН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ И ГАН
И Ган Төв банкны ерөнхийлөгчөөр үлдсэн нь сайд нарын тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүний хувьд тооцоолоогүй алхам болжээ. 2018 оны эхээр албан тушаалаа авснаас хойш 65 настай И Ган нь эдийн засгийн шинэчлэлийг урагшлуулж, АНУ-Хятадын худалдааны дайн, Ковид тахал зэрэг үймээн самуунтай цаг үед төв банкийг удирдаж ирсэн. Тэрбээр мөнгөний бодлогоо улам шинэчилж, 2015 онд болсон ханшийн уналт зах зээлийн итгэлийг алдагдуулсаны дараа юанийн олон улсын байр суурийг сэргээхэд тусалсан. Мөн эдийн засагт их хэмжээний өрийг дарах улс орны хүчин чармайлтыг удирдаж, түүний засаглалын үед төв банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бэхэжсэн.
Англи хэлээр чөлөөтэй ярьдаг И Ган олон улсад нэр хүндтэй бөгөөд Төв банкны бусад дарга нартай олон нийтийн арга хэмжээнд тогтмол оролцдог. Тэрбээр 1990-ээд онд Хятадад буцаж ирэхээсээ өмнө АНУ-ын Индианагийн их сургуульд найман жил эдийн засгийн чиглэлээр багшилжээ.
И Ган ерөнхийлөгч болохоосоо өмнө Төв банкинд хэд хэдэн албан тушаал хашсан бөгөөд тэдгээрийн дотор Валютын зохицуулагчийн дарга, Төв банкны ерөнхийлөгч асан Жоу Шиаочуаны туслах зэрэг албан тушаал хашиж байжээ.
САНГИЙН САЙД ЛЮ КУН
66 настай Лю Кун 2018 онд анх дэвшсэн Сангийн сайдын албан тушаалаа хэвээр үлдээв. Тэрбээр Сямыний их сургуулийн санхүүгийн бодлого, санхүүгийн хөтөлбөрийг төгссөн. Хятадын хамгийн баян мужуудын нэг Гуандун мужийн засгийн газарт 30 орчим жил ажилласан. Тэрбээр 2013 онд Сангийн дэд сайдаар дэвшиж, намын байнгын хороонд жил гаруй хугацаанд санхүү, эдийн засгийн ажилд түлхүү ажилласан.
Анх Сангийн сайд болохдоо төсвийн орлого, зарцуулалтын хариуцлагыг төв болон орон нутгийн засаг захиргаа хооронд хуваарилах механизмыг шинэчлэх үүрэг хүлээсэн юм. Түүнийг ажиллаж байх хугацаанд төв засгийн газраас орон нутгуудад шилжүүлсэн төлбөр энэ онд 50 хувиар өсч, 10 их наяд юаньд хүрсэн байна. Эхлээд АНУ-тай хийсэн худалдааны дайн, дараа нь Ковид-19 дэгдэлтээс болж сүйрсэн эдийн засгийг дэмжихийн тулд их хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэхийг санал болгов.
ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ХОРООНЫ ДАРГА ЖЭН ШАНЖИЭ
Өдгөө 61 настай Жэн Шанжиэгийн албан тушаалыг их хуралд зарлахаас өмнө бараг мэдэгддэггүй ч карьерынхаа туршид Фүжянь, Жөжян мужид олон оффист ажиллаж байжээ. Энэ хоёр мужид Ши Жиньпин засгийн газрын албан тушаалтнаар ажиллаж байсан бөгөөд эрх мэдлийнх нь үндэс гэж тооцогддог.
Жэн Шанжиэ 2015 онд Бээжинд нүүж, Үндэсний эрчим хүчний газрын орлогч даргаар ажилласан бол 2017 онд Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын дэд даргаар хэдэн сар ажилласан. Тэрээр хожим Жөжян хотын томоохон албан тушаалтан болж, Хэ Лифенг орлохоосоо өмнө хөрш Аньхой мужид Коммунист намын даргаар ажиллаж байжээ. Тэрбээр мөн Жэн Сямыний их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
ХУДАЛДААНЫ САЙД ВАН ВЭНТАО
58 настай Ван Вэнтао 2020 оноос хойш Худалдааны сайдаар ажиллаж байна. Фуданий их сургуулийн гүн ухааны сургуулийг төгссөн тэрбээр ажлын гараагаа Шанхай дахь коллежид Коммунист залуучуудын эвлэлийн түшмэлээр, дараа нь хувилагч машин худалддаг аж ахуйн нэгжийн даргаар ажиллаж байжээ. 1990-ээд оны сүүлээр засгийн газарт ажиллаж, Шанхай болон баруун өмнөд Хятадын Юньнан мужид албан тушаалтнаар ажиллаж байв. Дараа нь 2011 онд Хятадын төв хэсгийн Наньчан мужийн дээд албан тушаалтан болж, 2015 онд зүүн бүсийн Жинань мужийг хариуцаж байжээ. Хожим Худалдааны сайд болохоосоо өмнө баруун хойд зэвсгийн бүс дэх Хэйлунжян мужийн захирагчаар ажиллаж байжээ.
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН САЙД ВАН СЯОХУН
65 настай Ван Сяохун Цагдаагийн даргын албан тушаалдаа хэвээр үлдэв. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард уг албан тушаалд томилогдсон. Түүнийг Ши Жиньпинийн ойрын хүн гэж олон нийт үздэг. Учир нь энэ хоёр Фужянь мужид хамт ажиллаж байсан бөгөөд 1990-1996 онд Ши Жиньпин хотын намын даргаар ажиллаж байх үед Ван Фүжоу хотын цагдаагийн орлогч даргаар ажиллаж байжээ.
Ван Сяохун өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд улс даяар олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга нартай уулзахдаа "Улс орны дэглэмийн аюулгүй байдал, институцийн аюулгүй байдал, үзэл санааны аюулгүй байдлыг хадгалах" шаардлагатайг онцолсон.
Мөн цагдаагийн байгууллага “эдийн засаг, нийгмийн салбарт янз бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх шаардлагатай” гэжээ.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЛИ ШАНФУ
65 настай Ли Шанфу өчмгдөр санал нэгтэй дэмжлэг авч Батлан хамгаалахын сайдаар томилогдсон. Тэрбээр 2018 онд Хятадын батлан хамгаалахын технологийг хянадаг дээд албан тушаалтан байхдаа 2018 онд Оросын зэвсэг худалдагч Рособоронэкспортоос Хятад руу цэргийн тоног төхөөрөмж шилжүүлэхэд тусалсан гэж хэмээн АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөнд буруутгагдаж байсан. Үүний дараа Бээжин Вашингтоноос шийтгэлээ цуцлахыг шаардаж, АНУ-ын байлдааны хөлөг онгоцыг Хонконгт оруулахаас татгалзаж байв.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЙД ВАН ЖИГАН
65 настай Ван Жиган 2018 оноос хойш Шинжлэх ухаан, технологийн сайдаар ажиллаж байна.
Тэрбээр төрийн өмчит Хятадын электрон технологийн группт гүйцэтгэх захирлаар 10 орчим жил ажилласан. Тус компани нь Хятадын өөрийн хагас дамжуулагч технологийг хөгжүүлэх улсын аварга гэж тооцогддог.
Өнгөрсөн нэгдүгээр сард төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, технологийн бие даасан байдал нь "том улс хүчирхэг улс болоход зайлшгүй шаардлагатай" гэж хэлсэн.
Хятад улс хоёр дахь том эдийн засаг, хүчирхэг цэрэг армитайн дээр компьютерын чип, хиймэл оюун ухаанд давуу тал олгох дэвшилтэт технологи олж авахаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ алхам хийж байгаа тул бие даах чадвар нь Ши Жиньпиний засгийн газрын анхаарлын төвд байна.
АЖ ҮЙЛДВЭР, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЙД ЖИН ЖУАНЛУН
1964 онд төрсөн Жин Жуанлун нь сансар судлалын туршлагатай техникч. Тэрөээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яаманд цементээс эхлээд автомашины үйлдвэрлэл хүртэлх өргөн хүрээний салбарыг удирдан ажиллах болсон юм.
Пуужингийн инженер мэргэжлээр бэлтгэгдсэн Жин бараг бүх карьераа нисэх болон сансрын салбарт зарцуулсан. Тэрээр Хятадын хамгийн том нарийн биетэй зорчигч тээврийн онгоц болох “C919”-ийг бүтээх ажлыг удирдан чиглүүлсэн.
Тус улс тахал өвчний дараа хүнд хэцүү сэргэлтийг даван туулж байгаа. Энэ нь экспорт суларч, үл хөдлөх хөрөнгийн зах зээл хүндрэлтэй байгаатай холбоотой. Шинжээчдийн үзэж байгаагаар, И Ганг Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллах зэрэг томоохон албан тушаалуудыг хэвээр үлдээсэн нь улс орон зохицуулалтын бүтцийн өөрчлөлтийг дуусгаж байгаа энэ үед наад зах нь богино хугацаанд бодлогоо тогтвортой байлгахыг хүсч байгааг харуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ