Тэр бол 1990 оны залуусын төлөөлөл болсон дэд сайд М.Ганхүлэг. Анх түүнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдоход гайхах, эргэлзэх хүн олон байлаа. Гэвч тэрбээр залуусыг түүчээлж, улс төрийн гал тогоонд сайн дураар чанагдахаар ирсэн. Түүнтэй хөдөө аж ахуйн салбар хийгээд улс төрийн томилгоо, хувь хүнийх нь зүгээс онцолж ярилцлаа.
-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье гэж бодлоо. Орон нутагт хаваржилт хүндэрч, малчид хүндхэн нөхцөл байдалд байна. Та ер нь аймгуудаар явж ажиллав уу. Орон нутагт хаваржилттай холбоотой ямар хүндрэл бэрхшээл байна вэ?
-Хүнс хөдөө аж ахуйн салбар мал аж ахуйн салбарын нуруун дээр явдаг. Энгийнээр хэлэхэд, Монголд ажил хийж буй хоёр хүн тутмын нэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт байгаа бол таван хүн тутмын нэг нь малчин байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын нийт газар нутгийн 40 орчим хувьд цас ихтэй байна. Таван аймгийн арав гаруй сумдад цагаан зудын байдалтай байна. Энэ мэдээллийг бид өдөр тутамдаа авч, тухайн бүс нутагт анхаарч ажилладаг. Миний хувьд 4-5 аймгуудад ажилласан. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах болон хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэр, Ховдын аж үйлдвэрийн парк, Дарханы арьс ширний цогцолборын ажилд голчлон үр дүн гаргахаар ажиллаж байна.
-Таны хувьд ажлаа хүлээн аваад хэдэн сар өнгөрчээ. Энэ хугацаанд яамны ажлаа “гартаа” оруулж чадав уу?
-Анх ажилд орж байснаасаа хамаагүй илүү мэдээлэлтэй болоод учраа олоод явж байна. Хөдөө аж ахуйн салбар Монголын уламжлалт салбар. Тиймээс салбарт залуу бодлого боловсруулагч байна гэдэг энэ салбарыг илүү олон улсын түвшинд хүргэхэд анхаарч ажиллах үүрэг гэж харж байгаа.
Тэр утгаараа салбарын үйл ажиллагааг ойлгох тусам шинэ үеийн боловсролтой, чадварлаг залуус энэ салбарт орж ирээсэй гэж хүсэх болсон.
Жишээлбэл, малын эмчээр ажиллаж буй албан хаагчдыг насны байдлаар авч үзвэл дундаж нь 55-60 орчим насны хүмүүс байна. Тиймээс дараа үеэ бэлдэх, мэргэжлийн малын эмч, агрономич гэх мэт нарийн мэргэжлийнхэн дутмаг байгааг олж харлаа. Үүнээс гадна, Засгийн газраас хүнсний хувьсгалд анхаарал хандуулж эхэлсэн. Яг энэ цаг үед ажиллаж байгаа нь их завшаантай зүйл болж байна. Яагаад гэвэл, томоохон боловсруулах үйлдвэрүүдийн ажлууд энэ онд эхэлнэ. Хүнсний томоохон үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлогууд тодорхой болж эхэллээ. Хүнс хөдөө аж ахуйн яам юу хийдэг вэ гэж хүмүүс боддог. Тэгвэл, бид 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг больё гэж байгаа юм. Энэ зорилгын үүднээс одоо бид мах гурил, төмсөө дотоодоос зуун хувь хангаж байгаа ч цаашдаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн таван төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах тухай асуудал тавигдана. Нөгөөтэйгүүр, бид жилд нэг их наяд ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авдаг. Дараагийн ээлжид өндгөө үйлдвэрлэх боломж байна. Гахай, тахианы махны чиглэлийн үйлдвэрлэл, загас үржүүлэг болон бусад шинэ сортын ургамал, нарийн ногоог дотооддоо тариалах зэрэг том зах зээл бидний өмнө байна.
"МАНАЙ 1990-ЭЭД ОНЫХОН “ЮУ БИЛЭЭ” ГЭЖ БОДСОН БАЙХ"
-Олон ажлыг зэрэг амжуулж байгаа юм байна. Таны томилгооны асуудлыг санаж байна. Тухайн үед МАН-ын удирдах зөвлөлөөс дэд сайдаар томилохыг дэмжсэн. Сайдаар ажиллах саналыг юу гэж хүлээж авсан бэ. Шүүмжлэл ч их гарж байсан шүү дээ?
-Нийгэмд олон янзын мэдээлэл хүрсэн байх. Тухайн үед сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Нийгэмд олон төрлийн хүн байдаг учраас “боломжийг” янз янзаар ойлгодог байх.
Миний хувьд би жирийн айлаас гаралтай, хувь хүнийхээ хувьд нийгмийн идэвхтэй жирийн нэгэн залуу.
Багаасаа хүүхдийн байгууллага, оюутны байгууллагад ажилласан. Нэг ийм үг байдаг. “Та эхэлж өөрчлөгдөхгүй бол таны эргэн тойронд юу ч өөрчлөгдөхгүй” гэдэг. Түүнтэй адилхан өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье гэсэн сэтгэлзүйтэй байлаа. Энэ ч утгаараа идэвхтэй нийгмийн дуу хоолой болж ажилласаар ирсэн. Мөн салбартаа харилцаа холбоог бий болгоход дөхөм болох болов уу гэж харж байна. Өмнө нь ЗГХЭГ, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байлаа. Манай хэсэг залуус нийлээд, залуучуудтай холбоотой асуудалд голчлоод ажилласан. Монгол Улсын ирээдүйн 20,30 жилийн төлөвлөлтөд оролцсон болохоор тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Тиймээс хүнс хөдөө аж ахуйн голлох салбар яг юуг хийх ёстой вэ гэдэг бодлогыг богино хугацаанд чиглүүлэх боломж болов уу. Улс төр талаас нь та сонирхоод байх шиг байна. Би МАН-ын дэргэдэх оюутан залуучуудын байгууллагыг хариуцаж ажилладаг. Төр барьж буй улс төрийн байгууллага боловсон хүчнээ бэлдэх, залуучуудаа дэмжих асуудал өндөрт тавигддаг. Олон залуус надаар дамжуулж энэ салбарыг сонирхох байх гэж бодож байна. М.Ганхүлэг чадаж байхад яагаад би чадахгүй байгаа юм гэх мэдрэмжүүд зөвхөн хөдөө аж ахуй ч биш бусад салбарын залууст бодогдсон байх. Ер нь манай 1990-ээд оныхон “юу билээ” гэж бодсон байх. Нөгөө талдаа их хариуцлага ирж буй учраас болгоомжилж, алдаа гаргахгүйн төлөө хичээж асуудалд поп байдлаар хандахгүй, ул суурьтай хандах юмсан гэсэн бодолтой байгаа.
-Тухайн үед шүүмжлэлд эмзэглэв үү?
-Гайгүй ээ.
-Гэр бүлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу. Сайдаар ажиллах болсныг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Манайх ам бүл зургуулаа амьдардаг. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт. Манай бага хүүхэд таван сартай. Гурван охин нэг хүүтэй. Залуу гэр бүл гэхэд өнөр өтгөн айл. Энэ нь миний амьдарлын хамгийн гоё, зөв зүйл байсан гэж боддог. Би түрүүн хэлсэнчлэн олон нийтийн байгууллагаар төлөвшсөн. Хүүхдийн байгууллагад анх танилцсан хүнтэйгээ гэр бүл болсон.
Магадгүй улс төр, олон нийтийн чиглэлээр эхнэр маань идэвхтэй явсан бол надаас ч илүү зарчимч, лидер байх байлаа.
Ийм хүнтэй гэр бүл болсон би азтай. Тэр утгаараа намайг сайн ойлгодог. Ялангуяа олон нийт, нийгэмдээ хувь нэмэр оруулах, бусдын төлөө дуу хоолой болох, эрсдэл үүрэх талаас нь сайн ойлгоно. Гэр бүлийн хувьд дэмжлэг сайн учраас энэ зэрэгтэй яваа гэж бодож байна.
УЛС ТӨРД ЯВЖ БАЙГАА ЗАЛУУС ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ “ЦҮНХ БАРИГЧ” НЭР ЗҮҮДЭГ
-Улстөрд яваа залуусыг олон нийт цүнх баригч гэж ойлгодог. “Ах” нартай ойрхон байснаар албан тушаал ахидаг гэдэг нь худлаа биш. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Ийм асуулт ирэх байх гэж бодож байлаа. Ер нь олон нийтийн байгууллагаар явж байгаа залуучууд болгонд ирдэг асуулт л даа. Энэ дээр олон талаас нь харах хэрэгтэй. Засгийн газрын хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлого, “Алсын хараа 2050” бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн эрх мэдлийн дийлэнх олонхиор авсан учраас бид бүхэн өдөр тутмын ямар нэгэн асуудлаас илүүтэй холыг харах боломж бүрдсэн.
Энэ утгаараа улс төрийг сонирхоод явж буй залуус хүссэн, хүсээгүй “ийм” нэр зүүх нь ойлгомжтой. Тиймээс үр дүн, хийж буй ажлаараа батлан харуулах нь гол зорилго.
Би 2009 онд МАН-ын гишүүнээр элсч орсон. Энэ цагаас залуучуудын байгууллагад ажиллаж ирсэн. Одоогоос арав гаруй жилийн өмнө намын дэргэд “90 хөдөлгөөн”-ийг байгуулаад тухайн үед анхны сонгуулиа өгч буй сонгогч нарын дуу хоолой болж ажиллаж байлаа. Шинэ үеийнхэн өөрчлөлт бий болгое гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Залууст сонголт байгаа. Нэг нь өөрөө оролцоод өөрчлөх, үгүй бол пивоны ширээний ард суугаад “болохгүй байна” гээд шүүмжлээд үлдэх хоёр сонголт байна. Тиймээс залуус ийм асуулттай нүүр тулбал зоригтой байгаасай гэж бодож байна.
-Та Ерөнхий сайдтай хэр ойр бэ. Зарим нь таныг хуурай ахан дүүс гэлцдэг. Таныг сайдын суудалд суухад дэмжлэг үзүүлсэн үү?
-Ерөнхий сайд, намын дарга бид хоёр нэг нутгийнх. Мөн намын дарга гэдэг утгаараа мэдээж хэрэг дэд сайдаар томилогдоход нөлөөлөл үзүүлсэн л дээ. МАН дэргэдээ дөрвөн ТББ-тай. Жишээ нь, миний хувьд оюутны байгууллагыг удирдахаар нэг жилийн өмнө ажлаа хүлээн авсан. Тодруулбал, социал демократ үзэл баримтлал буюу нийтээрээ сайн сайхан байх үзэл санааг дэмждэг залуучуудын нэгдэл юм. Эдгээр залуус нийлээд сайхан нийгмийг бий болгохын тулд төр засагт, удирдлагын түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хүргээд ажиллах үүрэгтэй. Бид “E-Mongolia”-тай хамтраад “E-Student” гэдэг картыг бий болгох санаачилгыг хамтран хэрэгжүүлнэ. Цаашилбал, оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх, уг хөтөлбөрийг илүү үр дүнтэй болгох санаачилгыг гаргаж байна. Мөн төрийн өмчийн бүх их дээд сургуулиудад шалгалтын үеэр 24 цагаар номын сангаа нээлттэй болгох санаачилгыг гаргаж ажиллаж байгаа. Ер нь оюутан залуусын дуу хоолойг төр засагт хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллах зорилготой.
-Та цаашдын карьераа хэрхэн харж байна вэ?
-Одоогоор ямар нэг амлалт өгмөөргүй байна. Яагаад гэхээр, нийгмийн тоглогч нар өөр болж эхэлж байна. Ялангуяа шинэ залуучууд хэт их нүүр царай болж гарах нь хэрэггүй санагдаж байна. Манай Обунагаас авхуулаад сошиалд хангалттай дайралтад өртөж байна. Тэгэхээр энэ зүйлийг их сайн тооцох ёстой болов уу. Ямартай ч боломжууд гаргахын төлөө хичээгээд явна.
Ямар нэгэн улс төрийн хүчин бүлэг фракц гэхээс илүүтэй олон нийтийн дундах рейтингээ харж байж шийдвэрээ гаргана.
Улс төрийн амьдралд удаан явах нь зөв үү, буруу юу гэдгээ бодож байна. Одоогоор маш их ачаалалтай завгүй байгаа. Тиймээс одоохондоо айхтар улстөрч болно, ингэнэ, тэгнэ гэсэн бодол алга байна. Харьцангуй үеийнхнээсээ илүү боломж олдож байгааг л мэдэж байна.
-Улс төр зарим талаараа залууст хатуу. Ялангуяа, дарамт шахалт ирдэг гэдэг нь оргүй биш. Танд ийм зүйл тохиолдож байна уу?
-Мэдээж шахалт ирнэ. Түрүүн би Б.Болор-Эрдэнийн тухай ярьсан. Б.Болор-Эрдэнэ яалт ч үгүй цахим шилжилтэд манлайлал үзүүлсэн. Манай дэд сайд нар өөр, өөрсдийн гэсэн шийдлийг бий болгож чадаж байгаа. Б.Солонгоо сайд Оюутолгойн хэлцлийг өөр түвшинд гаргасан бол О.Батнайрамдал сайд шатахууны үнийн асуудал, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах гэх мэт өөр өөрсдийн нэрийн хуудас болсон ажлыг хийгээд нийгэмдээ харуулж чадаж байна. Энэ удаагийн Засгийн газрын хамгийн том давуу тал нь "шинэ" залуучууддаа боломж олгож жендерийн хувьд эмэгтэйчүүдийг дэмжсэн. Энэ нь үр дүнгээ өгч олон залуус үлгэр дуурайлал авч байгаа гэж бодож байна.
-Одоо та юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ. Хүнсний хувьсгал, газар тариалан, мал аж ахуй гээд танай яаманд хийх ёстой олон ажлууд хүлээгдэж байгаа байх?
-Хэд хэдэн ажлуудад төвлөрч байна. Хамгийн эхэнд боловсруулах үйлдвэрийг бий болгох чиглэлд анхаарч ажиллая гэж бодож байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 2024 оноос хэрэгжүүлж үр дүнг нь үзэх ёстой хоёр том төсөл арга хэмжээ бий. Нэг нь Дарханы арьс ширний цогцолборыг бий болгох юм. Нийтдээ, 180 га газарт бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Энэ ажил нэлээд удаашралтай, зогсонги байдалд байна. Энэ дээр ХХААХҮЯ-наас төрийн хувьцаат компани байгуулаад 25 га газарт бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Хоёр сарын туршид Хөгжлийн банктай хамтарсан ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Бэлчээр, уламжлалт мал аж ахуйн туршлага бидэнд байгаа нь маш том давуу тал. Энэ боломжийг бид нэмүү өртөг шингээж, боловсруулж байж ажлын байр, экспортын орлого, малчдын амьжиргаа дээшилнэ. Гэтэл бид өнөөдрийг хүртэл малын гаралтай бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах үйлдвэргүй байна. Тиймээс 2023 онд арьс шир боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх хэлцэл, ажлыг урагшлуулахын төлөө ажиллана. Мөн саяхан Ховдод ажиллалаад ирлээ. Ховдод аж үйлдвэрийн парк байгуулагдахаар болсон. Ингэснээр, баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн тулгуур бүс нутаг болгон ажиллах бүрэн боломжтой. Баруун бүс нутагт мал аж ахуйн 24 хувь буюу 16 сая толгой мал тус бүс нутагт байна. Хоёр, гурван км газар малын мах, арьс шир ноосоо аваад явахын оронд тэндээ боловсруулах үйлдвэртэй, тэндээс зах зээлд оруулах боломжтой цэгийг баруун аймагт байгуулах шаардлагатай. Тэр утгаараа, манай салбарын бодлого чиглэл бол боловсруулах үйлдвэрийг бүсчилж байгуулахад анхаарах нь чухал. Ховдын аж үйлдвэрийн парк арьс ширээс гадна бусад хөнгөн үйлдвэрийг багтаасан 17 нэр төрлийн төслийн ТЭЗҮ батлагдчихсан бэлэн төсөл.
Одоо "шинэ" юм гэхээс илүүтэй гацсан төслүүдийг явуулахын төлөө хамгийн тэргүүнд ажиллая гэж бодож байна.
Хоёрдугаарт, цахим шилжилтийн ажил буюу малын гарал үүслийг тэмдэглэх тухай, газар тариалангийн бүс нутгуудад байгаа технологийн дэвшлийг ашиглах тухай баг хамт олон судлаад ирсэн зүйл байгаа. Тэр дундаа малчдыг гар утсаар нь дамжуулан сургаж, хүмүүжүүлэх, тэдгээр хүмүүсийн асуудлыг шийдэх, малын хөлийн татварыг цахимаар шийдэх, банкныхаа зээлийг цахимаар төлөх гэх мэт хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Цахим шилжилтийн төслөө махны экспортыг дэмжих чиглэлээр эхлүүлээд байна.