Эдийн засагт УРЬ ОРОВ!

Хуучирсан мэдээ: 2023.03.12-нд нийтлэгдсэн

Эдийн засагт УРЬ ОРОВ!

Эдийн засагт УРЬ ОРОВ!

Ерөнхий сайдын хэлдгээр “амаргүй” цаг үе ард үлдэж ямартай ч эдийн засагт эерэг хүлээлтүүд үүслээ. Цаашдаа төр засгийн бодлого байгаа онож, төсвийн мөнгө, төрийн өмчит компаниудыг “сааж” амьдардаг цагаан захтнуудын хулгай луйврыг зогсоож дийлэх аваас хонгилоос гарах боломжууд харагдаж байна. Хятад хилийн хоригоо тавьснаар нүүрсний экспорт сайжирч, тээвэрлэлтийн зардал covid-19-ийн өмнөх үеэс ч буурсан болохыг мэдээлсэн. Цар тахлын үед төрийн оролцоо нэмэгдсэнээс болж тээвэрлэлтийн зардал хэд дахин нугаларч, дээр нь авлигын хэмжээ өссөнөөс үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн гурван жилд хамгийн багадаа 60-100 хувь нэмэгдсэн.

Энэ нь өнөөдөрч эцсийн хэрэглэгчдэд том дарамт болж байгаа билээ. Өөрөө хэлбэл, төр аливаа бизнест хуруу хушуу дүрэх тусам шийтгэлийг нь энгийн иргэд төлдөг.

Товчхондоо, төмөр замын хурган дарга С.Батдөлийн гэрээс олдсон 10 тэрбум авлига эцсийн дүндээ иргэдийн халааснаас гарсан мөнгө гэсэн үг. Нүүрсээ биржээр зарах болсноор нүүрсний экспортын орлого нэмэгджээ. Ирэх долдугаар сарын 1 гэхэд 12 сая тонн нүүрсийг биржээр худалдах, 2024 онд багтаад жилдээ экспортлох нүүрсний биржийн худалдааг 50-60 хувьд хүргэх, 2025 онд бүх нүүрсээ биржээр худалдахаар төлөвлөжээ. Өмнө нь уурхайн аман дээрээс л нүүрсээ өгдөг, хэн хэдээр хэчнээн тонн нүүрс зарснаа дардаг, нуудаг. Үүнээс болж өнөөдөр 40 их наядын нүүрс хулгайд алдагдсан, бүгд л хулгайчийг бариарай гэж хашгиралдаж байна. Тэгвэл эдийн засагт хамгийн их гэрэл гэгээ дагуулж буй мэдээ бол Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж буй мэдээ. Дэлхийн зэсийн салбарт томоохон үйл явдал болно. Дэлхийн зах зээлийн төлөвийг харахад зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх, үнэ өсөх төлөвтэй байна.

Оюутолгой нь дэлхийн зэсийн дөрвөн том ордын нэг. Зуун жилийн нөөцтэй тус ордын гүний уурхай ашиглалтад орсноор олборлолт нь гурав дахин, борлуулалт нь тав дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо бий.

Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларыг 100 хувь тэглэсэн 2021 онд “Рио Тинто” компани зарласан. Ингэснээр хувь нийлүүлэгчдийн хоорондох 10 жилийн хэрүүлд цэг тавигдсан билээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаас л ногдол ашгийн хэрүүл эхэлсэн, сонгууль болгоноор улстөрчдийн зодуур болдог ганц сэдэв байв. “Рио Тинто” өр тэглэхээс гадна гүний уурхайн бүтээн байгуулалтаа хугацаанд ашиглалтад оруулах, ингэхдээ шаардлагатай нэмэлт зардлаа өөрсдөө хариуцахаар болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнө өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байна" гэжээ.

Юу үнэн гэвэл Монголын эдийн засаг тэлнэ, Монголд орж ирэх мөнгө өснө гэдэг үнэн. Нөгөө талдаа Оюутолгой нь Монголын ардчилал, тусгаар тогтнолын баталгаа болж буй төсөл. Оюутолгой томрох тусмаа бид төдий чинээ эдийн засгийн баталгаатай болж байна гэсэн үг.

Оюутолгойн зуун жилийн бүтээн байгуулалт нээлтээ хийж байгаа нь үе, үеийн засгийн газрын чармайлтын үр дүн. Хэрэвзээ 2009 онд С.Баяр, С.Баярцогт хожмоо шоронд орохоо үл тооцон энэхүү төслийг хөдөлгөөгүй бол өнөөдөр төрийн том зовлон, “Эрдэнэс Тавантолгой” шиг хулгай, луйврын үүр уурхай болсон байхыг үгүйсгэхгүй. Монголчуудын анх удаа бие даан гуравдагч оронтой гэрээ байгуулсан мега төсөл бол Оюутолгой. Одоо ч Оюутолгой шиг гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан том төсөл Монголд байхгүй. Түүнчлэн шувуунд шүүрүүлэх нэрсийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэж буй Ч.Сайханбилэг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй бол гүний уурхайн бүтээн байгуулалт эхлээгүй, магад "Рио-Тинто" Монголоос дүрвэсэн байж мэднэ.  Л.Оюун-Эрдэнэ хэлэлцээ хийж, өр тэглүүлээгүй бол Монголд ногдох өр хэдэн арван тэрбумд хүрэхийг, ногдол ашиг хэзээ авахыг таашгүй.

“Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргал хувь нийлүүлэгчид нэгэн зэрэг ногдол ашиг авна гэж амлаж байна лээ. Монгол Улс 2050 он хүртэл ногдол ашиг авахгүй байснаа бодоход хугаа тодорхой хэмжээгээр наашилсан нь ойлгомжтой.

Ийнхүү дэлхий дэлэгнэж, дэнжийн ногоо хэнзлэхтэй зэрэгцээд Монголын эдийн засаг дэлэгнэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж