Тойм: Айсуй цагийн X Богд…

Хуучирсан мэдээ: 2023.03.12-нд нийтлэгдсэн

Тойм: Айсуй цагийн X Богд…

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг News.mn сайт тоймлон хүргэж байна.


"Т.БАДАМЖУНАЙ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТНА"

Нямбаатар

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5 Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна гэлээ.

Г.БОЛОР ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ШАЛГАРСАН 11 ЭМЭГТЭЙН НЭГЭЭР ШАЛГАРЧЭЭ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 8-ны Лхагва гарагт 14:00 цагаас зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү 2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох аж.
Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор шалгарсан байна.
Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй Генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн байна.
Тэрээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн байна.
Энэхүү ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналаар шагнагджээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодоройлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг ажээ.
АЙСУЙ ЦАГИЙН X БОГД…

VIII Богд хойд дүрийнхээ талаар “Харь оронд амьдрах төдийгүй “Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж зөгнөсөн байдаг.

Х Богдын тухай яриа IX Богдыг Монголд ирсэн цаг мөчөөс л эхэлжээ. Нас дээр гарсан түүний дараагийн дүр хэн бэ гэх асуулт Монголын төдийгүй, бурхны шашинтай бусад улс орнуудын асуудал байв. Одоогоос найман жилийн өмнө Х Богд хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр шуугиулсан бөгөөд түүнийг тодруулсан эрхэм нь  Далай ламыг Монголд сүүлчийн удаа айлчлахад “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн бага хурал хийгч байв. Монгол жижигхэн, монголчууд цөөхүүлээ болохоор нэгэн зүйл ил болсон нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэгч өөрийн хүүг өргөмжилсөн болж таарсан. Халхад тодорсон анхдугаар Богд буюу Өндөр гэгээн Занабазар, Чин ван Дондогдоржийн хүү II Богд Лувсандэмбийдамба нараас хойш долоон дүрийн дараа Монголоос Богдын дараагийн дүр тодрох боломжтой болсон нь хэн хүнгүй өөрийн хувилбарыг зүтгүүлэх адын санааг өрджээ. Гэтэл Энэтхэгт хоёр өдрийн өмнө болсон хурлын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам "Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна” гэсэн yнь монголчуудыг “Мартын-8”-наа мартаад шуугихад хүргэв. XIV Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа “Х Богд Монголд мэндэлсэн ч нялх байгаа учраас 3-4 жилийн дараа ил зарлана” гэсэн ёсоороо ийнхүү зарлав. Гандантэгчилэн хийдээс энэ талаар удахгүй мэдээлэл хийх сураг ажиг байна. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

"0-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ШҮДЭНД ЦООРОЛТООС ХАМГААЛАХ ФТОР ТҮРХЭНЭ"

Хүүхдийн шүд цооролтын шалтгаан нь чихэрлэг хүнс, чихэрлэг ундаатай холбоотой байна. ДЭМБ-аас ч гэсэн шүдний цоорлын дээрх шалтгааныг нэрлэсэн. Иймд, Засгийн газраас цаашдаа эрт илрүүлэгт нийт хүн амыг хамруулахаас илүүтэйгээр тодорхой хүн амын бүлэг рүү чиглүүлэх буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн иргэдэд чиглүүлэх ёстой гэж үзэж байна. Хоёрдугаарт, хүүхдийн шүдний цоорол өндөр буй учраас энэ онд хэд хэдэн арга хэмжээ авна. Ялангуяа сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэхдээ боловсон хүчнээр хангах, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх гэх мэт.

Үүнээс гадна өрхийн эмнэлэг, сумын эмнэлэгт 0-17 насны хүүхдийг шүдний цооролтоос хамгаалах фторт түрхлэгт хамруулах арга хэмжээг авна.

Фторт түрхлэг шүд цооролтоос сэргийлдэг эмнэл зүйн арга байдаг. Шаардагдах санхүүжилтийг ЭМДС-аас шийдвэрлэнэ. Цаашдаа хамгаалалтын ломбо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Ирэх 2024 оноос эхлээд "Шүд" төсөл хэрэгжүүлж, нийт хүн амыг амны хөндийн өвчлөлөөс хамгаалах цоорсон шүдийг эмчлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэх хангах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хууль хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна.

3 НАСТАЙ ХҮҮГ ЗОДСОН ГЭХ СЭЖИГТЭН ӨМНӨ НЬ ЯЛ ЭДЭЛЖ БАЙЖЭЭ

Гурван настай хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргээд зугтсан этгээдийн талаар цагдаагийн байгууллагаас  мэдээлэл хийлээ. Сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч ажээ. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогджээ. Түүнийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж