Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд АНУ-тай эвсэх нь эрсдэлтэй гэж ОХУ өчигдөр /2023.03.10/ анхааруулжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ анхааруулгыг хүргэхдээ 2014 онд Украинд Оросыг дэмжигч ерөнхийлөгчийг түлхэн унагасан Майданы хувьсгалын талаар дурдсан байна. "Оросын эргэн тойронд байгаа бүх улс АНУ-ын ашиг сонирхлын бүстэй харьцах нь ямар аюултай вэ гэсэн дүгнэлтийг хийх ёстой. Орос бол АНУ-ын ноёрхлыг эсэргүүцэж буй хэт бие даасан тоглогч гэж Вашингтон үзэж байна. Тиймээс тэд Оросыг шийтгэхийг хүсч байна" гэж Сергей Лавров хэлсэн.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Өмнөд Кавказын Армен, Азербайжан, Төв Азийн Казахстан, Тажикистан гээд хаа сайгүй Кремлийн эрх мэдэл суларсан. Тиймээс Сергей Лавровын хэлсэн үг нь Москва хэдий чинээ сандарч байгааг илтгэнэ гэж ажиглагчид үзэв. Украин дахь дайныг Орос болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын ирээдүйн төлөөх тэмцэл гэж Путин нэрийдсэн.
Энэ дайн эцэстээ ЗХУ-ын задралын шинэ үе шатыг эхлүүлж, Орос даяар эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. Цаашилбал, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг баруунш эсвэл Хятад тийш чиглүүлэх боломжийг өрсөлдөгчид нь олгоно гэж үзэж байна.
Өдгөө Гүржид өрнөөд буй эмх замбараагүй байдлыг гадныхан зохион байгуулж байна гэж Лавров хэлжээ. Гэхдээ тэр энэ мэдэгдлээ батлах ямар нэгэн баримт гаргаж ирээгүй. Гүржийн сөрөг хүчний улстөрчид болон жагсагчид өөрсдийг нь утсан хүүхэлдэй гэснийг үгүйсгэж байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ