Жендерийн эрх ярихаас илүү хүний эрхийг нэгд тавих шаардлага Монголын нийгэмд тулгарч байна. Жендерийн тэгш байдал гэдэг нь эмэгтэйчүүд илүү эрэгтэйчүүд дутуу эрхтэй гэсэн үг биш юм. Харамсалтай нь, монголчууд жендер ярихаараа эмэгтэйчүүдийн эрх ярих нь бий. Охидод давуу байдал олгож, үг хэлэх, боловсрол эзэмшихэд нь ялгавартай хандсанаар хүмүүжлийн хувьд доголдол гарах болсон.
Угтаа хүмүүжлийн асуудалд эцэг, эхийн анхаарал, хараа хяналт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
ЕБС-ийн нийгмийн ажилтан болон сэтгэлзүйчид эрсдэлт бүлэгт хамаарч байгаа сурагчдыг тусгайлан анхаарч ажилладаг аж. Ингэснээр үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэд өртөх болон бусдад дарамт үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Гэвч нүднээс далд нэгнээ айлган сүрдүүлэх, үг хэлээр болон бие мах бодь, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийг багш, сургуулийн удирдлагууд тэр бүр хянаж чаддаггүй байна. Тиймээс дунд, ахлах ангийн сурагчдынхаа сэтгэлзүйд гарч байгаа өөрчлөлт, харилцаа хандлагыг гэрийнхэн нь байнга ажиглаж, ярилцах их чухал аж.
Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчдийн улсын зөвлөгөөнөөр гэр бүлийн хараа хяналт муу хүүхэд бусдыг дээрэлхэх болон өөр хэн нэгний дарамтад өртөх амархан болдог гэдгийг онцолсон.
Мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа үгэн хүчирхийлэл, нэгнээ сүрдүүлэн, дарамтлах тохиолдлын дийлэнх хувийг охид эзэлдэг гэсэн юм. Тиймээс охидын хүмүүжилд хөвгүүдийнхээс илүү анхаарал хэрэгтэйг сануулж байна.
Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн бичлэгүүд сар тутамд цацагдсан. Хамгийн сүүлийн жишээ бол тоглоомын талбайд сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэрэг гарсан юм. Тухайн хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн. Гэвч тус цацагдсан бичлэгийн дор охин хүүхэд биш байгаа нь яамай, эр хүн багаасаа зодуур авч сурах хэрэгтэй зэрэг сэтгэгдлүүдийг хүмүүс бичжээ. Эдгээрээс харахад Монгол Улсад хүний эрхийн мэдрэмж, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийг багаас нь эрх тэгш орчинд өсгөх боломж хомс харагдаж байгаа юм. Тэгвэл одоо бид яах вэ?
Эцсийн дүндээ эцэг, эхчүүд суурь хүмүүжлийг зөв олгож, хүү, охин ялгаагүй ижил хандаж өсгөх нь чухал. Боловсрол, үг даах чадвар, бусадтай харилцах хандлага гээд бүхий л анхан шатны ойлголтыг хүүхэд гэр бүлээсээ авдаг.
Үе тэнгийнхний дээрэлхэлд өртсөн хүүхдэд илрэх нийтлэг шинж тэмдэг:
- Хүүхэд хичээл, сурлагадаа муудах, хичээл номдоо сонирхолгүй, идэвхгүй болох
- Шөнө тайван унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх
- Гэрээсээ дайжих, өөрийгөө гэмтээх эрсдэлтэй
- Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх
- Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх эсвэл тайлбарлахаас зайлсхийх
- Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх
- Толгой гэдэс нь байнга өвдөх эсвэл өвдөж байна гэж ээж, аавдаа хэлэх
- Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах, хоолыг их эсвэл огт идэхгүй болох зэрэг байна.
Тиймээс охидынхоо хүмүүжилд одооноос анхаарах цаг болжээ. Охид, хөвгүүд ялгаагүй эрх тэгш орчинд өсч торнин, хүмүүжлийн хувьд ч агаар нэг доголдолгүй байх ёстой!
Зургийг цахим хуудаснаас ашигласан болно
Холбоотой мэдээ