Файзер вакцин тариулсан 42 настай эмэгтэй долоон минутын дараа бие нь хямарч, улмаар 15 минутын дараа амьсгал нь зогссон хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Японд гарсан. Эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч вакцин хийлгэснээс хойш нэг цаг 40 минут орчмын дараа зүрхний цочмог дутагдлаар нас баржээ. Нас барсных нь дараа шинжилгээ хийж, уушигны цочмог хаван илрүүлсэн байна. Энэ нь уушгинд гэнэт шингэн хуримтлагдсан гэсэн үг юм.
Вакцинжуулалтын төвийн эмч нь эмэгтэйг анафилаксын шок болсон байж магадгүй гэж үзээд зүрхний массаж хийсэн байна. Мөн судсаар адерналин тарих гэсэн боловч судас тариа хийх боломжгүй байжээ.
Тэгвэл тухайн эмэгтэйн үхэл Covid-19-ийн вакцинтай холбоотой гэдгийг үгүйсгэх аргагүй гэж Японы Эрүүл мэндийн яамны зөвлөл өчигдөр /2023.03.10/ мэдэгдлээ. Японд вакцин хийлгэсний дараа нас барсан гэх 2000 орчим хүн байна. Гэхдээ албаны хүмүүс анх удаа нас баралтын шалтгааныг вакцинтай холбоотой гэдгийг үгүйсгээгүй тохиолдол нь энэ болов.
Японд 2021 оны хоёрдугаар сараас Covid-19-ийн вакциныг нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш 382 сая тарилга хийжээ. Вакцин хийлгэсний дараа нас барсан гэх 1963 хүний 1751 нь Файзер, 211 нь Модерна, нэг нь Такэда-Новавакс вакцин хийлгэсэн байсан. 42 настай эмэгтэйг эс тооцвол хүмүүсийн нас баралтын шалтгаан вакцинтай холбоотой эсэх нь тодорхой болоогүй байгаа аж.
Эх сурвалж: JAPAN TIMES
Холбоотой мэдээ