Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хамтын ажилгааны байгууллага, Швейцарийн Хөгжлийн агентлаг, Монгол худалдаа аж үйлдвэрийн танхим, JCIMongolia, Монголын залуучуудын холбооноос хамтран “Хөдөөгийн сэргэлт” чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг танилцуулсан юм.
“Хөдөөгийн сэргэлт” чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөл оролцож байгаа аж.
Түүнчлэн уг чуулганаар шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгын хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах, залуусын оролцоог хангах, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, иргэдийн санал бодлыг сонсох зэргээр хэлэлцэж ярилцлаа.
Чуулганы үеэр Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавьсан юм.
“Улаанбаатар хотод соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, төрийн төв байгууллагуудын төвлөрөл байгаа учраас иргэд амьдарч байгаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, сэргэлтийн бодлогыг хийхийн тулд эдгээр төвлөрөлөөс орон нутагт хамгийн багадаа хоёроос доошгүй боломжийг нээж өгвөл иргэдийн хүсэл сонирхол орон нутаг руу чиглэх бүрэн боломжтой юм.
Архангай, Булган, Хөвсгөл, Орхон,Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.5 хувь, хүн ам 20.7 хувь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг хангадаг. Түүнчлэн хамгийн тэгш харьцаатай, зөв хөгжилтэй аймаг гэж үздэг. Энэ долоон аймгийн гурав нь орлогоо улсад төвлөрүүлдэг. Нягтаршлын хувьд улаанбаатар хотод 350 иргэнд 1мк талбай ноогдож байгаа бол эдгээр аймгуудад хамгийн багадаа 1.3-135мк талбай ноогдож байна. Хөрш зэргэлдээ хөгжих боломжтой 7 аймагт нягтаршилт сийрэг байгаа учраас цаашдаа хөгжих, хүн шилжиж суурьших боломж бүрэн байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаагаар 2022 онд эдгээр 7 аймгийн 3 нь эхний 6 байранд орж байна. Тиймээс бусад зэргэлдээ аймгуудаа хамтдаа хөгжлийн шугмаар хөгжүүлэх бүрэн боломж бий. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эзлэх хувиараа аймаг бүр өөр өөр онцлоготой. Тухайлбал Эрдэнэт аймаг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 88 хувийг, Булган, Архангай, Төв аймаг газар тариалан, Дархан-Уул аймаг үйлчилгээ, аж үйлдвэрийн салбар 45 хувь байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого дэвшүүлж 7 аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан. Эдгээр 7 аймгаас бүс нутгийн хөгжилтэй Төв аймаг, Булган аймаг, Дархан аймаг, Сэлэнгэ аймаг, Архангай гэсэн 5 аймаг багтаж байна. Энэ 5 аймаг Монгол Улсын нийт үр тариа, буудай, хүнс, хүнсний ногооны 85 хувийг хангаж байна. Эдгээр аймгуудыг хөгжүүлэх, төвлөрлийн татах таатай нөхцөл бол эдийн засгийн боломж нөхцөл юм. Эдгээр 5 аймгуудад орон сууцны дундаж үнэ 2.5 сая ба 2023 онд ашиглалтад орох 6788 орон сууц байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 54717 иргэн шилжин ирсэн. Шилжин ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Тийм учраас энэхүү 7 аймгийг хөгжүүлэх боломж та бидэнд байна” гэлээ.
Э.ХУЛАН
Холбоотой мэдээ