Зеленскийн хөрөнгө орлого анхаарал татав

Хуучирсан мэдээ: 2023.03.11-нд нийтлэгдсэн

Зеленскийн хөрөнгө орлого анхаарал татав

Зеленскийн хөрөнгө орлого анхаарал татав

Украины ерөнхийлөгч Зеленскийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэл цахим сүлжээнд дайны нэг жилийн ойн өдөр тарсан. Тус мэдээлэлд дурдсанаар, Зеленский сард 11 сая ам.доллар олдог бөгөөд хэдэн тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй аж. Тухайлбал, тэр АНУ-ын Флорида мужид 35 сая ам.долларын үнэтэй байшинтай гэв. Хөрөнгө орлогын талаарх мэдээллийг АНУ-ын зохиолч Дэвид Уольф жиргэжээ.

"Зеленский 15 байшин, гурван хувийн онгоцтой. Сарын 11 сая ам.доллар олдог. Бидний илгээдэг тусламж хаашаа ороод байгааг яагаад хэн ч асуухгүй байна?" гэх түүний жиргээг 10 мянган хүн дахин жиргэжээ. Фэйсбүүк, инстаграмд ч бас энэ хэрээр тарсан байна.

Дайны нэг жилийн ойгоор АНУ хоёр тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ зарласан. Дайн эхэлснээс хойш Украин улс 50 тэрбум гаруй ам.долларын тусламж хүлээж авсны тал илүү хувийг нь АНУ илгээжээ. Тусламжийн хэмжээ АНУ-ын зарим улстөрчийн эгдүүцлийг төрүүлсэн бололтой. Гэхдээ Украин улс тусламжийг буруугаар ашиглаж байгааг нотлох ямар ч баримт байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдсэн.

Жиргээнд тарсан хөрөнгө орлогын мэдээлэл бүгд худлаа гэж Зеленскийн хэвлэлийн төлөөлөгч Сергий Никифоров хэллээ.

Форбс сэтгүүл 2022 оны дөрөвдүгээр сард Зеленскийн нийт хөрөнгийг дөрвөн сая ам.доллар гэж мэдээлсэн. Үүнд гурван орон сууц, нэг арилжааны үл хөдлөх, таван зогсоол багтдаг гэжээ. Мөн хоёр машин, зургаан тансаг цагтай, банкны дансандаа 700 мянган ам.доллартай, бэлнээр 650 мянган ам.доллартай гэж 2020 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байсан. Форбс сэтгүүлийн мэдээллээс харвал түүнд тансаг усан онгоц болон хувийн нисэх онгоц аль нь ч байхгүй. Украинд долоон тэрбумтан байдаг ч Зеленский тэдний тоонд багтдаггүй.

Дээрх мэдээллийг цацсан Дэвид Уольфыг "Сэтгүүлч ч биш, шинжээч ч биш, зүгээр л эрүүл мэндийн хуурамч бараа зардаг нөхөр" гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын үүсгэн байгуулагч Дрью Салливан хэлэв.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж