Уруудсаар байгаа улсын маань ИНДЕКС!

Хуучирсан мэдээ: 2023.03.13-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Уруудсаар байгаа улсын маань ИНДЕКС!

Уруудсаар байгаа улсын маань ИНДЕКС!

“МЕТА"- марктинг гэх олон улсын судалгааны компани Монголын топ улстөрчдийн жагсаалтыг улирал тутамд гаргадаг. Хамгийн сүүлийн судалгаагаар топуудыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удаалсан бол УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, С.Амарсайхан, Л.Энх-Амгалан, Г.Занданшатар, экс Ерөнхийлөгч Х.Баттулга ба “арван хувь” хочит Ц.Даваасүрэн хүртэл багтжээ. Тэгвэл "МЭК"-ийн гаргасан топ улстөрчийн судалгааг Ерөнхий сайд тэргүүлж, Ерөнхийлөгч удаалж,  Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан, Х.Баттулга, Н.Алтанхуяг нар багтжээ.

Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Х.Баттулга нарыг ар халхын алдарт попууд гэдэгтээ хэн ч маргахгүй биз. Тэр тусмаа Х.Баттулга, Н.Алтанхуяг нар Хөгжлийн банкны асуудлаар хууль, шүүхэд дуудагдсан.  Гэтэл Монголын толгой попууд дотооддоо топ улстөрчид болохын хэрээр эсрэгээрээ улс орны рейтинг гадаад талдаа унаж, уруудаж байна.

 

НЭГ.

2023 оны нэгдүгээр сарын 31-нд “Транспэрэнси Интернэшнл”-ээс Монгол Улс авлигын индексээр 116 дугаарт жагссаныг зарлалаа.  Өнгөрсөн 2020 онд 110 орсон Монгол Улс зургаан байраар ухарсан шалтгааныг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбарлахдаа Орос, Украины дайнд төвийг сахисан нь авлигын индекст  сөргөөр нөлөөлсөн гэв. 2022 авлигын индексийн тооцохдоо зэвсэгт мөргөлдөөн, энх тайван аюулгүй байдлын үзүүлэлтийг нь чухалчилсан нь үнэн байх. Гэвчиг дан ганц энэ шалтаг, шалтгаан нөлөөлөөгүй нь мэдээж.

Ардчилсан нам засгийн эрхийг барих үед буюу 2016 онд Монгол Улс авлигын индексээр дэлхийн 176 орноос 87 дугаарт  бичигдэж байв. Харин МАН засгийн эрх авсны дараа 2017 онд 16 байр ухарч 103-т жагсаж байжээ. Тиймээс Монгол Улсын авлигатай тэмцсэн түүхэнд МАН-ын үед Монгол Улс авлигын индексээр 32 байраар ухарсан нь гүүглд мөртэйгөө, баримттайгаа үлдэнэ, гарцаагүй. Гээд одоо тэмцэхгүй бол оройтно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэсэн. Ядаж байхад анд нөхдүүдээс нь авлигатай  нэр, зүс холбогдоогүй нь цөөхөн. Ихэнх нь цадахгүй идэж, ханахгүй ууцгаажээ. Цаашдаа цагаан байрнаас нэлээд хүн цагдаа шүүхийн үүдийг татах нь тодорхой ч, ойлгомжтой ч болсон.

Ардчилсан нийгэмд хэдийгээр ард иргэд нь авлигыг уг үндсээр нь устгахад хамтрах ёстой гэх. Иймээс Засгийн газар иргэдээ шүгэлдээрэй гэж уриалж байна. Гэхдээ авлигачдыг айлгах хүч, авлигатай тэмцэх эрх мэдэл нь Ардын намд өнөөдөр байна. АТГ, Ардын нам хоёр авлигатай жинхэнээсээ тэмцэхийг хүсч байгаа бол шүү дээ. Авлигын индекс нэг талаасаа Монгол авлигадаа идэгдсэний нэг үзүүлэлт. Нөгөө талаасаа авлигатай тэмцэх ажил, өнгөрсөн 16 жилийн АТГ-ын тайлан үр дүн, өгөөж муутай байна л гэсэн үг.

ХОЁР.

Саяхан 110 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэсэн, өөрсдийгөө “хоточ банхар” гэдэг Монголын хэвлэлийнхэн хэлэх үг, бичих сэдэвгүй болоход хүрснийг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 3-нд гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээс харчихаж болно.

Хэвлэлийн эрх чөлөө бол нийгмийн эрх чөлөө юм. Харамсалтай нь, Монгол Улс 2022 онд  хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байраар ухарч, дэлхийн 180 орноос 90 бичигджээ. Энэ нь Монголын ардчилалд аюул нүүрлэсний нэг дохио. Муугаар хэлэх юм бол Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрх баригчдын хяналтад байна л гэсэн үг.

Гурван сая хүн амтай Монгол Улс 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэхээр нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөө хэтийдсэн мэт. Гэвч, тоог нь бус агуулгыг нь харвал хэвлэлийн эрх чөлөө Монголын ардчилалтай хамт улам бүр алсаарсаар байна. Олон нийтийн сүлжээнд хэн нэгэн сайд даргыг шүүмжилсний төлөө иргэд шүүх, цагдаад дуудагдаж байгаа нь улсын маань РЕЙТИНГ уруудсаар буйн нэг үзүүлэлт.

ГУРАВ.

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын тоо нь 40 дөхсөн, дөрвөн жил тутам чөлөөт сонгууль явуулдаг Монгол Улс хоёр хөршүүдтэйгээ харьцуулах юм бол ардчилсан орон мөн-де юре.  Ганц нам засгийн эрхийг долоон жил барьж буй нь, парламентад суудалтай намууд нь эрх баригчдын утсан хүүхэлдэй, нохойд барьдаг мод болсон нь-де факто.

Тиймээс хойноо Царь, урдаа Хуандитай, улс төр, геополитикийн асуудалтай хоёр их гүрний дунд орших буфер улсын хувьд бидний амьд явах баталгаа нь ардчилал. Гэвч, Монголын ардчилал эмзэгшсэн, эрсдэл нүүрлэснийг “V-Dem” институтиэс гаргасан индекс анхааруулж байна.

 

2023 оны байдлаар дэлхийн 179 орноос Монгол Улс 77 байрт жагссан нь нэг талаасаа ардчилалтай мэт, нөгөө талаасаа өмнөх жилээс 16 байраар ухарсан үзүүлэлт гэвэл Монголоос ардчилал алсарсаар байна гэсэн үг.

Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого шийдвэр, хэвлэлийн эрх чөлөө, авлигын индекс зэргийг нь тооцож гаргадаг. Авлигын индекс, хэвлэлийн эрх чөлөө, аль, аль үзүүлэлтийн хувьд Монгол арагшилсан.  Энэ ч ардчиллын индекст сөргөөр нөлөөлсөн хэрэг. Аливаа бүхэн гинжин холбоотой. Авлигачдаа цэвэрлэх үү, ардчилалаа алдах уу. Асуултын хариулт нь Ардын намынханд бий.

ДӨРӨВ.

Дэлхий бөөрөнхий биш хавтгай болсон. Хавтгай дэлхийгээс хаанаас ч мэдээлэл авах боломжтой. Монголд хөрөнгө оруулахыг хүсэгчид дээрх гурван индексээс баримжаа авна, баримттай болно.  Улсын маань рейтинг гадаад талдаа уруудсаар байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчдыг “хөхөөрөө” даллаад ч ирэхгүй л дээ, даанчиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж