Гэр бүлийн тухай хуулийг батлахад хэчнээн хүүхдийн нулимс хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн тухай хуулийг батлахад хэчнээн хүүхдийн нулимс хэрэгтэй вэ?

Гэр бүлийн тухай хуулийг батлахад хэчнээн хүүхдийн нулимс хэрэгтэй вэ?

Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн баталж, эцэг, эхэд үүрүүлэх хариуцлагыг чангатгах шаардлага байгааг судлаачид анхааруулсаар ирсэн ч эрх баригчид хөдлөхгүй суусаар бүрэн эрхийнхээ хугацааныхаа гурван жилийг ардаа хийв.

Энэ хооронд хэчнээн гэр бүл салж, хэчнээн хүүхэд өнчирч, хойд эцэг, хойд эх, хамтран амьдрагч нарын гарын шүүс болж, эрүүл мэнд, амь насаараа хохиров.

Уг нь өнөөдөр УИХ амарч байгаа ч гуравхан настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас ухаангүй Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа энэхүү хэрэг дээр хууль тогтоогчид дуу хоолойгоо нэгтгэх ёстой атал нэг ч гишүүн ам ангайсангүй.

Нүүрсний хулгайд нэрийг нь зарлахаар “Нэр төрд халдлаа, гүжирдлээ. Төрөөс мөнгө нэхэмжилнэ” гэж сүржигнэдэг хууль тогтоогчдод гуравхан настай хүүд санаа тавиад дуугарчих сэхэлтэй нэг ч хүн байхгүй гэхээр гүнээ эмгэнэлтэй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн тайлбараар хүүгийн хүзүү, нуруу, гар нь хугаралттай, тархиндаа битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор ухаан ороогүй, гурав дахь өдрөө эмчлүүлж байна.

Ээж, аав хоёр нь салсан. Төрсөн эцэг нь уурхайд ажилладаг, харин гурван сарын өмнөөс ээж нь Баянгол дүүрэгт орших орон сууцанд байр хөлслөх болсноор Л гэх залуутай хамтран амьдарч эхэлжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээгээр хэрэг явдал гуравдугаар сарын 6-нд болсон. Гэтэл хүнд гэмтэл авсан хүүг хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 8-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байдаг. Энэ хэрэгт хүүгийн төрсөн ээжийг холбогдуулан саатуулаад буй. Хүүг нь зодож, хүнд гэмтэл учруулсан байхад нуун дарагдуулсан үндэслэлээр буруутгаж байна.  Төрүүлсэн үрээ хамгаалдаг нь эх хүний байтугай эмэгчин амьтдын ч үйлдэл.  Гэтэл хүүгийн ээж яагаад хоёр хоногийн дараа эмнэлэгт хандав. Хамтран амьдрагч Л сүрдүүлээд явуулахгүй байв уу, эсвэл хамтраад хэргийг дарахыг оролдсон уу. Мөрдөн шалгах ажиллагаа эцэслэсний дараа энэ хэргийн үнэн мөнөн илүү тодорхой болно.

Хоёр сарын өмнө Ховд аймагт 15 настай охин нагац эгчдээ зодуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг ар гэрийнхнийх нь мэдүүлгээр анх үе тэнгийнхний хүчирхийллээс болсон гэж мэдээлсэн ч шалгалтаар няцаагдсан юм. Харин нагац эгчдээ зодуулснаас амь хохирсон нь нотлох баримтуудаар тогтоогдсоныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.  Мөн л гэр бүл салалтын золиосоос болж, охин ээж, аав хоёртойгоо амьдрах боломжгүй болж, нагац эгчээ бараадсан нь эцсийн дүндээ амийг нь хохироосон.

Энэ хоёр кейс бол нийгэмд ил болсон нь. Хэчнээн хүүхэд өнөөдөр дуу нь гарахгүйгээр хүчирхийлүүлж, зодуурын шүүс болж буй бол… Ийм судалгааг хийдэг ч байгууллага алга, хөөцөлддөг ч төр засаг алга.

Зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022 онд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1729 бүртгэгдсэнээс нийслэлд 51 хувь буюу 882 нь үйлдэгджээ.  Энэ төрлийн гэмт хэрэгт 1664 иргэн хохирсон бол хохирогчдын 86.4 хувь нь эмэгтэй, 12.9 хувийг хүүхэд эзэлж байгаа юм.

Хуульчид болоод гэр бүл судлаачид “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн баталж, эцэг, эх байх үүргийг чангатгахгүйгээр энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй тухай” сануулсаар буй. Дээрх анхааруулга ч үнэнийн ортойг статистик тоо баримт ийн харууллаа.

Монголчууд "хүүхдийг нь хайрлаж чадахгүй бол хойд ээж, аав болох хэрэггүй" гэж захиж ирсэн. Залууст хандаж хэлэхэд, хүүхэдтэй хүнтэй гэр бүл зохиох гэж байгаа бол дээрх захиасыг олон талаас нь бодолцож, шийдвэрээ гарга. Хүүхэдтэй ээж хоёр дахь амьдрал зохиох бол хүнээ сайн судал, шалга. Зөвхөн өөрийн жаргал, эрхийг тэргүүнд тавьж болохгүй шүү дээ.  Хүүхэдтэй л болсон бол дутагдаж гачигдах зүйл байлаа ч жаргалтай л өсгөхийг хичээ.

Нөгөөтэйгүүр,  хүүхдийн эрх зөрчигдсөн тухай дуулиан дэгдэхэд УИХ хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлж, аргалж ирсэн. Түүгээрээ ч шоудагсад олон. Гэтэл хүүхдийн эрхийг хамгаалахад Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлахаас гадна ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй гэр бүлд онцгой анхаарал хандуулж, сэтгэл зүйтэй нь ажиллахгүй бол золиос нь хүүхэд болж байна гэдгийг эрх баригчид болоод хууль тогтоогчид хэзээ ойлгох вэ.

Хэчнээн хүүхдийн нулимс, амь нас хэрэгтэй юм бэ?

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж