Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас эхлэн борлуулна. Энэ асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад "Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангасан. 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн мах нөөцөлсөн. Харин 2024 онд 10 мянган тонныг бэлтгэхээр төлөвлөж байгаа.
Үнийн хувьд үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөг буюу зах зээлийн ханшаас 2000-3000 төгрөгөөр хямдаар борлуулна.
Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байна. Цаашид борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулна. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг мөн байгуулсан” гэлээ.
ХОНИНЫ МАХ 8600, ЯМААНЫ МАХ 6400 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААНД ГАРНА
2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж байгаа гэсэн юм.
Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ. Эхний ээлжид 484 цэгт худалдаалах бөгөөд цаашид цэгүүдийг нэмж магадгүй. Одоогоор есөн дүүргийн хэмжээнд нөөцийн мах зарах цэгүүдтэй гэрээ хийх ажил явагдаж байна.
Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч байгааг Нийслэлээс онцоллоо.
Холбоотой мэдээ