Филиппиний эргийн ойролцоо хоёрдугаар сарын 28-нд "MT Princess Empress" хөлөг онгоц живсэн. Уг хөлөг онгоцноос хэдэн арван мянган литр газрын тос асгарснаар ойр орчмын ус бохирдож, хүн, амьтанд нөлөөлж эхлээд байна. Эрэг орчмын оршин суугчдад хордлогын шинж тэмдэг илэрч, аялал жуулчлалын салбар болон биологийн төрөл зүйл заналхийлэлд өртөв.
Далайн эргийн Пола хотын 50 гаруй оршин суугчид ханиалгах, толгой эргэх, нүд бүрэлзэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тухай хотын захирагч Женнифер Круз өчигдөр /2023.03.09/ мэдэгдлээ. Цаг агаар халуун болж байгаа тул газрын тосны үнэр улам хүчтэй ханхалж буй аж. Асгарсан газрын тос далайн эргийн үл хөдлөх хөрөнгүүдэд хүрч, элсийг бохирдуулсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор эрх баригчид есөн хотод гамшгийн байдал зарлаж, усанд сэлэх, загасчлахыг хоригложээ.
Удахгүй Ариун долоо хоног гэх амралтын өдрүүд эхэлнэ. 900 мянга гаруй хүн амтай муж ийнхүү гамшигт нэрвэгдсэн тул далайн эргийн амралтын газрууд үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг цуцлахад хүрчээ.
Эвгүй үнэрээс болж тухайн хэсэгт ойртож очиход бэрх байгаа бөгөөд цэвэрлэх багийнхан газрын тосны бохирдлыг гараараа цэвэрлэж байна. Багийн гишүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс цэвэрлэгээг хэд хэдэн удаа зогсоожээ. Япон улс гамшигт туслах багаа илгээнэ гэж Лхагва гаригт мэдэгдлээ. Цэвэрлэгээ дөрвөн сарын дотор дуусна гэж Филиппиний ерөнхийлөгч хэлжээ.
"MT Princess Empress" хөлөг онгоц нь 800 мянган литр газрын тос тээвэрлэж явсан бөгөөд хойд Батан мужаас Илоило муж руу явах замдаа хөдөлгүүр нь хэт халсны улмаас живжээ. Живсэн хөлөгөөс өдөрт 35-50 мянган литр орчим газрын тос асгарч байна.
Эх сурвалж: CNN