Капитолын үймээнийг эрх баригчид зохион байгуулсан уу?

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Капитолын үймээнийг эрх баригчид зохион байгуулсан уу?

Капитолын үймээнийг эрх баригчид зохион байгуулсан уу?

“Fox News” сувгийн хөтлөгч Такер Карлсон 2021 оны Капитолын үймээнтэй холбоотой урьд өмнө хаана ч гараагүй бичлэгийг Мягмар гаригт нэвтрүүлгийнхээ үеэр дэлгэжээ. Конгресс дахь Бүгд найрамдах намын нэгэн дээд төлөөлөгч Карлсон болон түүний багийнханд 40 мянга гаруй цагийн хугацаатай Капитолын ажиглалтын камерын бичлэгийг үзэх боломж олгосон байна. Карлсон нэвтрүүлгийнхээ үеэр 45 минутын бичлэгийг үзүүлсэн.

Капитолын үймээнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэврээж мэдээлж байсан гэж Карлсон эртнээс нааш онцолж байжээ. Тэрбээр энэ үймээнийг төрийн албан хаагчид өөрсдөө өдөөсөн байж болзошгүй гэж үзсэн байна. Бичлэгээс харахад жагсагчдын цөөнх нь л эмх замбараагүй байдал үүсгэж, бусад нь үзэгчийн байр суурьтай байжээ. Мөн үймээн дэгдэж байхад эрх баригчид тайван амгалан байдалтай байсан гэж тэр үзсэн.

Карлсоны нэвтрүүлэгт Капитолын цагдаагийн ажилтан асан Тарик Жонсон оролцож, ярилцлага өгсөн. Тарик Жонсон үймээний үеэр бусад хамтрагчаа зугтахад нь туслахын тулд Трампийг дэмжигч гэдгийг илэрхийлэх улаан малгай өмссөн гэж хэлсэн байна. Нэвтрүүлгийн Лхагва гаригийн дугаараар Карлсон шинэ бичлэг дэлгээгүй боловч өмнөх мэдэгдлээ давтахын зэрэгцээ үймээний улмаас таван цагдаа амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Учир нь таван цагдаагийн нэг нь үймээний маргааш цус харваж амиа алдсан бол үлдсэн дөрөв нь амиа хорлосон байна.

Цагаан ордны зүгээс сэтгүүлчдийг нэр цохож шүүмжлэх нь ховор боловч энэ удаад Такер Карлсоны мэдэгдлийг эмзэг хүлээж авав. Тэд Такер Карлсоныг итгэмээргүй зүйл ярьж байна гэжээ. “Карлсоны нэвтрүүлгийг доромжилсон, төөрөгдүүлсэн дүгнэлтээр дүүрэн байсан. 41 мянган цагийн бичлэг дундаас бидний тайван байгаа мөчүүдийг сонгож авсан байсан” гэж Капитолын цагдаагийн дарга Том Мангер хэллээ.

Үймээний үеэр толгойдоо эвэр зүүсэн цээж нүцгэн эр олны анхаарлыг татсан. Чансли нэртэй тус эрэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх хэргээр 41 сарын хорих ял эдэлж буй. Тэгвэл Карлсоны мэдээлж буйгаар цагдаа нар Чанслигийн хөтөч болж явааг бичлэгээс харж болох аж.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр тухайн өдөр 140 орчим цагдаа хүчирхийлэлд өртжээ. Үймээний дараа албан өрөөндөө буцаж ирээд ухаан алдаж, улмаар нь маргааш нь нас барсан цагдаагийн офицер Брайан Сикникийн хэргийг Карлсон сөхсөн. Түүний нас баралт Капитолын үймээнтэй холбоогүй гэж тэр үзэж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж