Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Инфляцийн хүлээлт

Инфляцийн хүлээлт

Улс үндэстний үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг илэрхийлдэг чухал зүйл бол инфляци. Улаанбаатарт өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар инфляци 12 хувь, улсын хэмжээнд 12.3 хувьтай байна. Төв банкны зорилтот түвшин 6+…-2. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцитай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь угтаа эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн тайлбарласнаар, үнийн өсөлт олон бараа, бүтээгдэхүүнийг хамарч, эрчимжих эрсдэл байгаа тул түүнийг дунд хугацаанд ужгируулахгүй байх зорилгоор бодлогыг чангаруулахаас өөр сонголт үлдээгүй байна.

Монголбанкны төсөөллөөр инфляци 2023 онд нэг оронтой тоонд орох хүлээлт байгаа энэ нь зорилтоос өндөр. Мөн гадаад хүү өсч, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлж, төсвийн зардал өндөр байгаа нөхцөлд инфляцийн хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг хамгаалах шаардлага хэвээр байна гэсэн үг. Нөгөө талаар зээл, санхүүжилтийн нөхцлүүд хурдтай чангарах нь бизнес эрхлэгчдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээл, санхүүжилт татах боломжийг хязгаарлах, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг хумьж, өсөлтийг улам муутгах эрсдэлтэйг байнга харгалзан үзэх нь чухал юм.

Түүний хэлснээр, инфляци бодит орлогыг бууруулдаг, бизнесийн идэвхжилийг сулруулдаг. Үнийн өсөлт дэлхийн нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляци бий болсон нөхцөл байдал Монгол Улсад ч илэрч, инфляци зорилтыг давсан. Улсын нийт инфляцийн талаас илүү хувийг тээврийн зардал, тээврийн саатал, нийлүүлэлт доголдол, импортын барааний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн шууд нөлөө бүрдүүлж буй тул худалдааны түнш орнуудын инфляци буурах нь чухал.

2023 оны сүүл, 2024 оны эхээр инфляци төв банкны зорилтын интервалд хүрч буурах хүлээлт байгаа ч мөнгөний бодлогын үр нөлөө, тээвэр, түүний зардал, нийлүүлэлтийн хангамж, шатахууны үнэ, цалингийн өсөлт, төсвийн зардал, валютын ханш зэрэг олон хүчин зүйлээс хамаарах нь тодорхой юм.

Монголбанк 2023 онд инфляцийг дунджаар 8 хувьд барихаар төлөвлөсөн хүрээнд мөнгөний бодлогоо аажмаар нэмж буй. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Бид энэ ондоо багтаад инфляцийг зорилтот түвшинд хүрнэ гэж харж байна. Инфляци алгуур саарч байна. Монголбанкны төсөөллөөр 2023 оны дөрөвдүгээр улиралд инфляцийг 8 хувьд, 2024 оны дөрөвдүгээр улиралд 7 хувьд хүрнэ гэж харж байна" гэж мэдээлсэн юм.

Монгол Улсын эдийн засаг 2022 оны IV улиралд 4.8 хувиар өссөн. Үүнтэй уялдан иргэдийн эдийн засгийн нөхцөл байдалд өгөх үнэлгээ бага зэрэг нэмэгджээ. Тухайлбал, 2022 оны IV улирлын түүвэр судалгааны үр дүнгээр иргэд эдийн засгийн нөхцөл байдал ирэх гурван сард сайжирна гэсэн хүлээлттэй байв.

Төв банкнаас инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг 2023 оны нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотын 8 дүүргийн хэмжээнд нийт 1030 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа хийжээ. Түүвэр судалгаанд оролцсон иргэдийн өгсөн хариултаар инфляцийн түвшнийг (хүлээлт) тооцоход:

2023 оны I улирлын эцэст I) чанарын хариултаар 16.9 хувь, II) тоон хариултаар 9.8 хувь, III) мэдрэмжид суурилсан аргачлалаар 14.1 хувь, 2023 оны IV улирлын эцэст I) чанарын хариултаар 12.5 хувь; II) тоон хариултаар 11.3 хувь, III) мэдрэмжид суурилсан аргачлалаар 11.1 хувьтай байх үр дүн гарчээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 28 хувь нь 2023 оны IV улиралд инфляцийн түвшинг зорилтот түвшнээс хэтрэхгүй гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн бол иргэдийн 96 хувь нь өнгөрсөн 3 сард үнэ өссөн, 81 хувь нь ирэх 3 сард үнэ өснө гэж хариулжээ. Иргэд эдийн засгийн өсөлт өмнөх улирлаар нэмэгдэн өсч, төгрөгийн ханш суларна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Иргэдийн дийлэнх нь гол бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтран ажиллах, ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин өсгөх талаар санал бодлоо түлхүү илэрхийлжээ.

Иргэдийн хувьд инфляци 2023 оны I улиралд 9.8 хувь, IV улиралд 11.3 хувь байх хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, инфляцийн хүлээлтийн утга зорилтот түвшин (6±2%)-гээс илүү байна гэж үзжээ. Харин 2023 оны I улиралд иргэдийн 31.8 хувь, 2023 оны IV улиралд иргэдийн 24.6 хувь нь инфляцийн хүлээлтийн утга зорилтот түвшин болох 6 хувиас хэтрэхгүй байна гэж хариулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж