3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал эхлэхэд бэлэн болж, мэргэжлийн багууд бүрэлдэхүүнээ танилцууллаа. Олон ч сонирхолтой солилцоо наймаа, гэрээнүүд зурагдсан харагдана. Үүнээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь олимпийн хүрэл медальт, Европын цомын аварга Сербийн алдарт сагсан бөмбөгч Александр Ратков Монголын Сансар ММС Энержи багийн нэр дээрээс тоглохоор болжээ. Өдгөө 30 настай түүний хувьд 2015 оноос нутгийнхаа алдарт Лиман багийн бүрэлдэхүүнээс тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, олон гайхалтай хамгийн амжилтыг үзүүлсэн билээ. Ялангуяа Токиогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн юм.
Александр Ратков дэлхийн чансааны аравдугаарт, Сербийнхээ чансааны зургадугаарт бичигдэж байна. Түүнийг багтаа элсүүлсэн Сансар ММС Энержи баг нийт чансааныхаа оноогоор дэлхийд есдүгээрт бичигдэж эхэллээ.
Мөн Хятадын багууд хүчирхэгжжээ. Тухайлбал, Фушиан баг дэлхийн чансааны зургадугаарт эрэмбэтэй Бельгийн Тибо Вервурт болон дэлхийн чансааны наймдугаарт эрэмбэтэй Нидерландын Димео ван дер Хорст нарыг элсүүлсэн бол Бээжин баг олимпийн аварга, дэлхийн чансааны тавдугаар эрэмбэтэй Латвийн Наурис Мьезис болон түүний багийн хамтрагч олимпийн аварга Карлис Лазманис нарыг нэгтгэв.
Оны өмнөхөн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүдийн нэг болох Стефан Кожич Монголын нэрийн өмнөөс тоглох яриа гарсан ч ажил хэрэг болоогүй аж.
Холбоотой мэдээ