Латвийн эрх баригчид согтуу жолоочоос хурааж авсан машинуудыг Украин руу илгээж эхэлжээ. Олон зуун автомашины эхний ээлж хэдийнэ Украин руу хөдөлсөн бөгөөд машинуудыг дайнд нэмэр болно гэж найдаж байна. Машины эздийн цусан дахь спиртийн хэмжээ 0.15 хувиас дээш байжээ.
Латвийн Улсын орлогын албанаас мэдээлснээр эхний найман машин энэ долоо хоногт Украиныг зорьж байна. Украины сүйрсэн хот, фронтод автомашинуудыг хүргэх зорилготой "Agendum" бүлэгт машинуудыг хүлээлгэн өгчээ. "Agendum" бүлэг 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 900 гаруй машин нийлүүлсэн. Одоо илгээх машинуудтай нийлээд 1200 болж байна.
"Бид хоцрохгүйг хичээж байна. Манай гражаас Украин хүртэлх аялал өнөөдрөөс эхэллээ. Энэ машинууд архи төдийгүй үзэл суртлын үйлийн үрийг ч гэтэлгэх болно" гэж "Agendum"-ын ажилтан Рейнис Познякс хэллээ. Мөн тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нар маш олон байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ. "Латвийн зам дээр дэлбэрээгүй камиказэ дронууд явж байна. Энэ машинууд нь нийт хураагдсан машины таван хувьд ч хүрэхгүй. Баригдаагүй хэчнээн хүн байгаа бол? Украинд туслах нь сайхан ч зам дээр байж болзошгүй алуурчдын тоо үнэхээр аймшигтай" гэв.
Төрийн эрх бүхий байгууллагаас хураасан автомашиныг ихэвчлэн зарж, дахин угсарч, сэлбэг хэрэгсэл болгон задалдаг. Гэхдээ хоёрдугаар сард Латвийн парламент Украинд төрийн өмчийн автомашиныг шилжүүлэхийг зөвшөөрөх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Латвийн Улсын орлогын албаны мэдээлснээр хураасан машинуудыг хамгийн хэрэгцээтэй газар нь аваачих аж. Тухайлбал, Украины Батлан хамгаалах яамны армийн ангиуд, Винница мужийн клиникийн эмнэлэг зэрэг газарт хүргэнэ.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ