Сурвалжлага: Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна | News.MN

Сурвалжлага: Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна

Сурвалжлага: Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна

Сурвалжлага: Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна

Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар буурч байгааг албаныхан мэдээлж буй. Цагаан сар, Мартын 8-н гээд дараалсан баяруудаас болж, иргэд хэтэвчээ тэмтэрч, цалингаас цалингийн хооронд,  ломбардад эд зүйлсээ тавьж, түр хугацаанд санхүүгээ аргацаадаг нь худлаа биш.

“Алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин, гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компьютер, цахилгаан бараа, утасны дугаар, пүүз, авна” гэсэн хаягтай ломбардууд хаа сайгүй тааралддаг. Улаанбаатар хотын гудамж талбай, барилга байгууламжийн өнцөг булан бүрт "Ломбард" гэх хаяг хадаастай. Нэг байшинд гурван ломбард, бүр зэрэгцээ хаалганд хоёр өөр  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх нь цөөнгүй.

Ломбардны 14 хоногийн хүү 5-8 хувь байна.

Багшийн дээд орчимд "Ломбард", “Гар утас авна” гэсэн шар хаягтай олон газар байх агаад автобусны буудлын ойролцоо байрлах нэгэн ломбард руу ороход ганц нэг үйлчлүүлэгч байж таарав. Жижигхэн цонх гаргасан тус ломбард зөвхөн цахилгаан бараа тэр дундаа гар утас, нөүтбүүк ихэвчлэн авдаг аж.

Тус ломбардны эзэн Ж.Баяржаргал "Ломбардны тухай шинэ хууль батлагдсан ч одоохондоо аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл нь тодорхой бус байна. Цахилгаан бараа, алт монетыг хэрхэн, ямар хугацаанд барьцаалан зээлдэх нь тодорхойгүй. Цахилгаан барааг 14 хоногийн хугацаатай барьцаалж авдаг. Учир нь утасны үнэ долоо долоо хоногоор унаж байдаг.  Зарим тохиолдолд хулгайн эд зүйл орж ирнэ. Тэрийг нь цагдаагийн байгууллагаас хураан авч, гэмт хэрэгтнийг нь хорьчихдог.

Тэгэхээр бид утас ч үгүй, мөнгө ч үгүй дунд нь хохирч үлддэг. Өнгөрсөн жил гэхэд гурван сая төгрөгийн нөүтбүүк барьцаалсан чинь цагдаа нар хурааж авч, хохирлоо авч чадаагүй" гэлээ.

Мөн 300 сая хүртэлх орлоготой барьцаалан зээлдүүлэх газар нь Санхүүгийн зохицуулах хорооноос, бусад нь дүүрэг, цагдаа, хорооноос зөвшөөрөл авна гэсэн. Бас сарын хүү нь тав болон 10 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн заалт байгаа. Бид тэрийг биелүүлж, таван хувийн хүүтэй болсон" гэв.

Тэрбээр "Баярын дараа  орлого нэмэгдсэн юм алга. Манайх нэг сард хоёр сая төгрөгийн түрээс төлдөг. Өдөрт 5-6 хүнд л үйлчилдэг" гэлээ.

"Сайн", "Начин заан" зэрэг олон жил үйл ажиллагаа явуулж буй ломбардын ажилтнууд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. "Бид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлтээ өгсөн" гэж менежер нь хэлж байв.

Хотын төв хэсэгт их дээд сургууль "бараадсан" ломбард цөөнгүй. Ингээд Арслантай гүүр орчим байрлах ломбард руу ороход үйлчлүүлэгчгүй байв. Ломбардны ажилтан "Юу тавих вэ" гэсээр угтав. Түүний ярьснаар сүүлийн үед хүмүүс үнэт эдлэл, бусад эд зүйлсээ ломбардад тавьдаг ч авахаас илүү хугацааг нь сунгадаг болсон гэсэн юм.

Тэрбээр "Ломбард хаана байрлаж байгаагаас хамаараад зээлийн зорилго нь өөр, өөр. Хотын төв хэсгээр арай үнэлгээ сайтай, захаараа бага байх жишээтэй. Эдийн засаг хэцүүдэхээр ломбардууд хөлждөг гэдэг ойлголт байдаг. Энэ бол буруу. Яагаад гэхээр хүмүүс ломбардад эд зүйлээ түр тавиад мөнгө авч байгаа. Гэтэл эдийн засаг буурахаар эд зүйлээ эргүүлээд авч чадах хүмүүсийн тоо буурчихдаг. Зарим тохиолдолд хулгайн эд зүйл байвал хохирлыг хэзээ ч барагдуулж чаддаггүй" гэсэн юм.

Тус ломбард зөвхөн гар утас, нөүтбүүк авдаг бөгөөд ихэвчлэн оюутнууд үйлчлүүлдэг байна. Тэд утас, нөүтбүүкээ ихэвчлэн 100-300 мянган төгрөгт барьжаалдаг гэв.  100 төгрөгийн хүү 3-4 мянган төгрөг болдог аж.

Оюутнууд найзын төрсөн өдөр, анги хамт олны зугаалга, шинэ жилээр голдуу ломбардад утсаа тавьдаг байна.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль батлагдсантай холбоотойгоор иргэдийн байр суурийг сонслоо.

Хан-Уул дүүргийн иргэн Б.Түвшин "Ломбардны хүү нь харьцангуй өндөр санагддаг. Иргэдийн амьдрал хэцүү байна. Дараалсан  олон баяр тэмдэглэж, санхүүгийн хувьд өрөнд орсон байдалтай байна. Ломбардын хүүг багасгах талаар хэдэн арван жил ярьж байна. Олон жил ярьсан ч шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадалггүй явсаар өдийг хүрлээ. Хуулийн зохицуулалт ч алга. Иргэдийн амьжиргаа ломбардаар л эргэлдэж байна. Бидний хувьд ломбардад ээмэг бөгж, гар утсаа л барьцаалан зээл авдаг" гэсэн бол  "Монголчууд ямар ч байсан их өргөн тэмдэглэж, байдгаа барьдаг. Тэр утгаараа нэг хэсэг нь ломбардад эд зүйлээ барьцаална. Хувь хүнээс мөнгө зээлэхээр өндөр хүүтэй. Арилжааны банкаас зээл авах гэхээр авч чадахгүй, шаардлагыг нь хангахгүй юм. Тэгэхээр яалт ч үгүй ломбардаар үйлчлүүлдэг. Миний хувьд цагаан сарын баяраар тэтгэврийн зээлээ авсан" тухайгаа иргэн Д.Уранчимэг ярилаа.

"ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДУРААР ТОГТООДОГ БАЙДЛЫГ ХАЛНА"

Монгол Улсад 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байдгаас жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэх албан бус статистик бий. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль батлагдаж, 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль санаачлагчдын зүгээс хөрөнгөө барьцаалж зээл авч байгаа хэрэглэгч, бизнес эрхлэгч талдаа ч ашигтай хууль гэдгийг онцолж буй юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

Энэ хууль батлагдснаар жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүст хуулийн зохицуулалт бий болно гэсэн үг. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа бүрэн зохицуулалтгүй явж ирсэн. Хэрэглэгч талаас эд хөрөнгөө зохих хэмжээндээ үнэлүүлж чадахгүй алдах, өндөр хүүтэй мөнгө зээлэх зэрэг асуудал тулгардаг.

Нэгдүгээрт, зээлийн хүүг дураар тогтоодог байдлыг халж байна. Гэхдээ төр шууд оролцоотой хүүг заана гэж ойлгож болохгүй.

Зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд зээлийн хүүгийн бодлогыг ил тод тавина. Мөн нөгөө талаар зөвшөөрөл олгохоос илүүтэй бүртгэлжлүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дэээр анхаарна. Ингэхдээ тодорхой хувь хэмжээг тогтоож түүнд нийцсэн орлоготой нэгжүүдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин түүнээс бага орлоготой бол орон нутгийн захиргаанаас бүртгэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байхад хулгайн бүтээгдэхүүнийг ломбардуудад их тавьдаг. Үүнд мөн эрх зүйн талаас хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос байнга мэдээллээр хангах асуудлыг ч авч үзсэн байгаа.

Ингэснээр татвар төлдөг, баталгаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нэвтэрнэ гэж ойлгож болно. Иргэд өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авч байгаа тохиолдолд хэрэглэгч талаасаа хохирох ёсгүй. Мөн бизнес эрхлэгч ч ашигтай ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүхэн эрхзүйн зохицуулалттай болж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-10 192.82.64.64

Ломбардтай тэмцэхээсээ илүү ард иргэдийн ажил хийх боломжийг үгүй хийж сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа дарга нартай тэмцэх хэрэгэтэй байх даа Бидний сэтгэлгээ мулгуу байлгах юмийг л хийх юм Одоо та нарын ядуу байгаа ломбард гэж тархи угаагаад эхэлж байгаа юм байна

Avatar

Зочин 2023-03-10 213.87.135.181

==== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ард й 2023-03-10 49.0.178.139

Ламбардын асуудлыг шийдэх л дээ. Хүч гаргах, хуультай байх.

Avatar

Зочин 2023-03-10 103.212.117.41

naad olon utgagui bayraa l temdeglehee bolichooch

Avatar

хүрэлсүх 2023-03-10 103.29.144.251

Монголчууд нэрэлхүү зангаасаа болж баяр ёслолд маш их ач холбогдол өгч нүсэр тэмдэглэж байна. яасан ч олон баяр хийдэг юм санхүүгийн хямралд орох том шалтгаан энэ мөн шүү

Avatar

ужуж 2023-03-10 66.181.177.142

Юмны үнэ барууны орнуудын хэмжээнд хүрсэн. Гэтэл цалин нь бага хэвээр бас ажлын байр байхгүй байна. Эздүүд нь бүгд Ланд -300, Жи бензээ авч унахын төлөө л яваад байх шиг байхын. ЭНэ шуналаа одоо болимоор байна аа. Эрх баригчид ажлын байр нэмэгдүүлэх юм үнэндээ юу ч хийхгүй байна.

Avatar

Зочин 2023-03-10 124.158.66.247

АН -ХАН ХАМАГ БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЖ ЧИНГЭС САМУУРАЙ БОНД АСЕМААР УЛСЫН САНГ ХООСОЛСОН ЮМ ЧИНЬ ХАМАГ БАЯЛГИЙН ОРЛОГО ТЭРИЙГ ДАРАХ ГЭЖ УРСАЖ БАЙНА. АРГАГГҮЙШД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж