Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү-г өнөөдөр /2023.03.09/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Ким Жун Гү-г БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйд талархал илэрхийлээд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны эрх зүйн орчин, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.
Элчин сайд Ким Жун Гү, түүх соёлын өргөн харилцаатай, ардчилал, хүний эрхийг дээдлэх ижил үнэт зүйлсээр холбогдсон Монгол Улс нь БНСУ-ын хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь чухал түнш улс гэдгийг онцлоод Улсын Их Хурлын даргын тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран энэ оны 06 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Мөн Урал-Алтайн хэлний бүлэгт багтах улс орнуудын парламентын холбоог байгуулах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэж байна гэв.
Элчин сайд Ким Жун Гү Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хангах асуудалд Монгол Улс үргэлж идэвхтэй оролцоотой байдагт талархал илэрхийлээд, цаашид хоёр улсын хооронд иргэд саадгүй зорчих асуудалд идэвхийлэн анхаарч, харилцааг урлаг, соёлын арга хэмжээнүүдээр дамжуулан идэвхжүүлэхээр төлөвлөж буйгаа дурдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ