Сурвалжлага: "Жуулчид Гандан орчимд явахаар их ичмээр шүү дээ"

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Жуулчид Гандан орчимд явахаар их ичмээр шүү дээ"

Сурвалжлага: "Жуулчид Гандан орчимд явахаар их ичмээр шүү дээ"

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Монгол Улсад ирж буй жуулчид Улаанбаатар хотын томоохон газруудаар явж танилцдаг. Үүний нэг болох Гандантэгчэнлин хийдийг монголчууд ч төдийгүй жуулчид ихээхэн сонирхдог. Хотын В бүсэд байрлах тус хийдийн орчин тойрон болон ариун цэвэр, өнгө үзэмжийн талаар сурвалжлагаа бэлтгэлээ.

Гэр хорооллоор хүрээлүүлсэн эртний гар хийцийн Гандангийн орой цухуйна. Хотын төв атал архи, пивоны лааз, шил газраар хөглөрч, баас шээсний өмхий үнэр хамар цоргино. Зөрж өнгөрөх бүхэн ам хамраа ханцуйгаараа даран халхалж, түргэн түргэн алхална. Хашааний сэтэрхий зайгаар нохой боргож, хажуугаар явах хүмүүсийг цочоож харагдлаа. Энд тэнд бөөгнүүлэн тавьсан хогноос ялзарч муудсан үнэр огиудас хүргэж, хогны ногоон мяндсан уут чирсэн согтуу хүмүүстэй зөрөлдөн хүүхдүүдээ дагуулсан гэр бүл Гандангийн үүдээр орж үзэгдэв.

Гандантэгчэнлин хийд орж, гарах хоёр хаалгатай. Аль ч хаалгаар орсон багагүй саад туулна. Үүдээр нь ороход ламхай нар зөрөлдөн алхана. Ном уншуулахаар ирсэн иргэдээс гадна гэрэл зургийн камер зүүсэн жуулчид тал хувийг эзэлж байлаа. Гандангийн дотор тал цэвэрхэн, хог бохирдолгүй харагдана. Хүмүүс зургаа татуулж, хүүхдээ өргөн хүрд эргүүлэхэд нь тусална.

 

Иргэн Б. Цэцэгмаагаас Гандантэгчэнлин хийдийн ойр орчны ариун цэврийн талаар асуухад “Хийд дотор маш цэвэрхэн харагддаг. Тэгэхдээ урд хаалгаар гарч тагтаа хооллож буй хэсэгт очвол ихээхэн хогтой. Хүмүүс өөрсдийн ухамсаргүй байдлаас болдог ч юм уу тамхины иш, хайрцаг, ундааны сав зэргийг модны хүрээнд хаячихсан байдаг. Бас хуурай идэх юм, чихэр печень ихээр хаячихсан харагдсан. Магадгүй тагтаа иднэ гэж бодож хаядаг биз. Гэвч тагтаа ч тоож идэхгүй хог болоод, заваарч байна. Орчны ариун цэврийн асуудлыг албан байгууллага, төр засаг гэлтгүй иргэд өөрсдөө ухамсартай байж хогоо хогийн саванд хийж хэвшмээр байгаа юм даа” гэв.

Хоёр эмэгтэй 200 гр-ын, чиптэй уутанд будаа хийн зарж зогсоно. Тэднээс хүмүүс будаа худалдан авч, бөөгнөрсөн тагтаа руу цацна. Гудамжны дөрвөлжин сандал доогуур тамхины иш, чихрийн цаас хөглөрч, цаахна талын модны хүрээн дотор долоо, найман  ширхэг бүтэн еэвэн хаяжээ. Тагтаа хооллож буй хэсгийн бүх модны дөрвөлжин хүрээнд хог хаясан байх бөгөөд ихэнх нь боов боорцог, чихэр, ундааны сав байв.

Иргэн Э.Мөнхжавхлан “Гандантэгчэнлин хийдийн хашааны гаднах орчин маш бохир. Тойроод гэр хороолол байдаг болоод ч тэр үү хог, баас шээс хашааны булан тохойгүй харагддаг. Зун болохоор баас, шээсний өмхий үнэр үнэртээд маш таагүй байдаг. Гадаадын аялагчид ирээд арын хэсгээр явбал их л санаа зовж, ичмээр шүү дээ” гэлээ.

Энэхүү хэсэг нь дахин төлөвлөлтөд ороод, тодорхой хугацаа өнгөрч байгаа ч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй ийм байдалд хүрээд байна. “Монголд зочлох жил” аяны хүрээнд томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч наад захын ариун цэвэр хангасан тохилог орчин бүрдүүлэх нь нэн тэргүүнд хийх зүйл билээ.

Ахимаг насны нэгэн эмэгтэй “Би жилд нэг л удаа аргагүйн эрхэнд засал хийлгэх гэж Ганданд ирдэг. Жилээс жилд энэ үнэр танар ярих зүйлгүй, аймшигтай болж байна. Хотын төвд ийм байгаа юм чинь захын дүүргүүд ч аргагүй биз дээ” гэлээ.

Нэгэн өсвөр насны хүү “Монголд нэг ажлыг хийх гэж их уддаг. Энэ дахин төлөвлөлтийг хэдэн жилийн өмнөөс ярьсан. Одоо хүртэл хэвэндээ л байна. Дээр нь монголчуудын сэтгэлгээ “хогийн бункер” болоод удаж байна. Хаана ч явсан орчноо бохирдуулж, хог тарьдаг. Ялангуяа “boomer” үеийхэн их заваан. “Хогоо аваач” гээд шаардлага тавихад ахмад хүний өөдөөс үг хэллээ гээд л загнадаг. Газарт нэг хог байвал нэмээд хаяад л байдаг. Хогоо хогийн саванд хийж сурах хэрэгтэй шүү дээ” гэв.

Э.ХУЛАН
Д.НЯМХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж