Нэгэнтээ Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан шударга ёс парламентын танхимаас эхлэх ёстойг хууль тогтоогчдод сануулж байв. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тэгш, хүртээмжтэй хувааж идсэн баримт ид дэлгэгдэж, уг хэрэгт холбогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг парламентад оруулахдаа тэрбээр энэхүү “алдарт үг”-ээ хэлж байсан билээ. Гэвч тухайн үеийн парламентын Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй авч үлдсэн тэрхүү явдлыг эргэн сануулахын учир нь энэ хаврын чуулганаар нэг бус нэжгээд гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөхөөр болж буйд юм.
АТГ-аас өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Т.Аюурсайхан, А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Л.Энхболд нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар зарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг хахууль өгсөн, Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар, Л.Энх-Амгалан албан тушаалаа урвуулсан ашигласан, улсад хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Харин УИХ-ын Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өгсөн юм.
Хулгайлсан гэх мөнгөн дүн нь 40 их наядаар тооцогдсон /Т.Доржхандын тооцооллоор/ нүүрсний хэрэгт УИХ-ын долоон гишүүний бүрэн эрхийн асуудал ирэх хаврын чуулганаар орж ирэх нь тодорхой болж байна.
Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг шүүхээс зарласны дунд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг, үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авсан гэж Ё.Баатарбилэгийг буруутгасан.
Жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад тавьсныг парламентаар хэлэлцээд хүлээж аваагүй. Энэ удаад тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дахин хөндөгдөх нь нэн ойлгомжтой болов. Ингээд УИХ-ын 76 гишүүний 11 нь одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан. Араас нь хүчин, хүчирхийллийн дуулианд нэр холбогдсон гишүүн нэгээр тогтохгүй байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь ёс зүйн хариуцлагаа хүлээе гэснээс гэмт хэрэг хийгээгүй гэсэн үг биш.
УИХ-ын гишүүд олноороо авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь анхны тохиолдол биш, өмнөх парламентын үед ЖДҮХС-гийн мөнгийг шамшигдуулсан, угаасан хэрэгт УИХ-ын цөөнгүй гишүүд нэр холбогдож, У.Хүрэлсүх улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж байв.
Харамсалтай нь, МАН л гарзгүй дөрвөн гишүүн Б.Баатарзориг, Б.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарт шүүхээс ял шийтгэл оноосон. Гэхдээ тэд хэргээ хялбаршуулсан шугамаар шийдүүлсэн тул шоронд суусан нь цөөхөн. Ес зүйн хариуцлага хүлээсэн нь бүр цөөн.
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэж хуульд зааж өгсөн. Атал өнөөгийн парламентын нийт гишүүний 20 хувь авлига, албан тушаал, хүчин, хүчирхийллийн хэрэгт нэр холбогдсон. Ийм парламент шударга ёсыг хэрэгжүүлэхэд хэцүү. Л.Оюун-Эрдэнэ хувь хүний биш, хуулийн засаглалыг бэхжүүлэхээ амалсан. Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд хууль тогтоогчдын оролцоо чухал, тэдний нэр, гар цэвэр байх ёстой.
Тиймээс УИХ-ыг авлига, албан тушаалын хэрэгтнүүдээс цэвэрлэмээр байгаа бол хуулийн засаглал хууль тогтоогчдоос эхлэх ёстой юм. Тэгж байж л гишүүний бүрэн эрхээр халхавчлалгүйгээр хууль, шүүхээр тэд үнэн зөвөө тогтоолгохоос Монголын ардчилал, парламентын засаглал орших, эс орших нь хамаарахаар болсон нь бодит факт билээ.
Товчхондоо Г.Занданшатарын парламент тэдэнтэйгээ ёс зүйн хариуцлага тооцохгүй бол тэдэнд хууль санаачлах, хэлэлцэх, батлах ёс зүй байхгүй гэсэн үг.
Холбоотой мэдээ