Өмнөд Солонгосын К-поп урлагийг гадаадын орны сургуулиуд хичээлийн хөтөлбөртөө оруулах тухай яригдаж байна. Тодруулбал, АНУ-ын Сан Диегогийн их сургуульд энэ намраас К-поп урлагийн хичээл орсноор академик түвшний урлагт тооцогдох боллоо.
Тус хичээлийг заах профессор О Чу Юн “Энэ нь К-попийн дэлхий дахинд үзүүлж буй нөлөөг батална. К-поп бүжиг одоо зөвхөн шүтэн бишрэгчдээр хязгаарлагдах зүйл биш болсон. Сургуулийн хяналтын хороод энэ саналыг дэмжсэн бөгөөд зарим хүнээс хичээлд суух хүсэлт ч ирээд байна. Бүжиг, хөгжим зэргийг энэ мэтчилэн баримтуулж үлдээхгүй бол алга болно. Энэ алхам нь оюутнуудын хүмүүнлэг, урлагийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тус болно” гэж хэлжээ.
Тэрбээр соёлын үнэт зүйлийг боловсролын хөтөлбөрт оруулснаар тогтвортой хадгалж үлдэх боломжтой гэж үзсэн байна. Өөр олон ч алдартай бүжгийн урсгал түүхэнд байсан. Гэхдээ алийг нь ч ерөнхий эрдмийн хичээл гэдэг утгаар нь албан ёсны хөтөлбөрт санал болгож байгаагүй билээ.
Сан Диегогийн их сургуулиас гадна Калифорнийн их сургуулийн Зуны урлагийн хөтөлбөрт зориулж К-поп бүжгийн хичээл заахаар төлөвлөж байгаа аж.
Профессор О Чу Юн Сөүл хот дахь Сунва урлагийн сургуульд балетын чиглэлээр, Эва эмэгтэйчүүдийн сургуульд орчин үеийн бүжгийн чиглэлээр суралцсан. Тэрбээр карьерынхаа туршид Австри, Герман, АНУ, Япон зэрэг олон оронд тоглолт хийж, тэмцээнд оролцож байжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ