Месси, Мбаппетэй ПСЖ Байерны эсрэг гоол оруулж чадалгүй хасагдав

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Месси, Мбаппетэй ПСЖ Байерны эсрэг гоол оруулж чадалгүй хасагдав

Месси, Мбаппетэй ПСЖ Байерны эсрэг гоол оруулж чадалгүй хасагдав

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2022-2023 оны улирлын шөвгийн 16-ийн ээлжит хариу тоглолтууд боллоо.


БАЙЕРН МЮНХЕН 2 – 0 ПСЖ

/Нийлбэр дүн 3 – 0/

Эхний тоглолтод талбай дээр хожигдсон ПСЖ Германд Неймаргүй хүрэлцэн ирсэн. Бразил эрийн хувьд шагайны бэртлийн улмаас энэ улирал дахин талбайд гарах боломжгүй болжээ. Гэхдээ тэдэнд Месси, Мбаппе байлаа.

Тоглолт эхнээсээ дуустал ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөв. Тоглолтын 37 дахь минутад Байерн Мюнхений хаалгач, хамгаалагчдын алдааг ашиглан ПСЖ-д гоол оруулах боломж гарсан ч Витиньагийн цохисон бөмбөгийг де Лигт хаалганы цагаан зураас давахаас нь өмнө цэвэрлэж, багаа аварсан. Хэрэв тус цохилт гоол болсон бол нийлбэр дүн 1-1 болох байлаа.

Хоёрдугаар үеийн 61 дэх минутад Эрик Максим Чупо-Мотин гоолдож, Байерн илүү гарав. Хожигдож эхэлсэн ПСЖ-д ухрах зам үлдээгүй бөгөөд Серхио Рамосын булангийн цохилтоос мөргөсөн аюултай бөмбөгийг Зоммер хаасан. Улмаар 89 дэх минут Гнабри эцсийн цэгийг тавьж, Байерн хоёр тоглолтын нийлбэр дүн 3-0 гэсэн харьцаатай хожлоо.

Месси, Неймар, Мбаппе гэсэн супер хослолтой ПСЖ клуб УЕФА Аваргуудын лигт дахин бүтэлгүйтэв. Харин Байерн Мюнхен хүчтэй өрсөлдөгчөө хасч, түрүүлэхэд нэг алхам ойртлоо.

ПСЖ-ийн дасгалжуулагч Галтье тоглолтын дараа “Бидэнд эхлээд гоол оруулах боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадсангүй. Бид эхний хагаст сайн байсан. Бид тэнцэж чадсан гэж бодсон. Гэхдээ боломж ашиглаж чадсангүй. Бид үнэхээр ийм тоглолтод алдаж болохгүй тэнэг гоол алдлаа. Байерны шахалт сайн болсон. Ийм шахалт дунд цаг тоглоно гэдэг амаргүй. Үнэхээр харамсч байна. Үр дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувцас солих өрөөнд ч гутарсан хүн их байна. Үзэх ёстой хичээл байсан эсэхийг мэдэхгүй юм. Хэрэв бид эхлээд гоол оруулсан бол бүх зүйл өөр байх байлаа” гэжээ.

ТОТТЕНХЭМ ХОТСПУР 0 – 0 АС МИЛАН

/Нийлбэр дүн 0 – 1/

Талбай дээрээ даалгавраа биелүүлж, хожил авсан АС Милан Англид ирээд тэнцээ авахад л дараагийн шатанд шалгарах байв. Үүнийгээ ч чадлаа. Гэхдээ бүтэн 90 минут хойш сууж, хаалганыхаа урд автобус байрлуулсангүй. Нээлттэй хөлбөмбөг үзүүлж, хожих ёстой Тоттенхэмээс илүү довтолгооны санаачлагатай тоглосон. Энэ өдөр хоёр багийн хамгаалагчид үүргээ сайн гүйцэтгэж, довтлогчдын аюултай довтолгоог зогсоолоо.

Тэнцээгээр өндөрлөсөн тоглолтын хамгийн онцлох үйл явдал нь Кристиан Ромеро 78 дахь минутад улаан хуудас хүртэн, Тоттенхэм талбайд арвуулаа үлдсэн байв.

Тоглолтын дараа АС Миланы довтлогч Оливье Жиру “Гайхалтай үр дүн. Би залуустаа бид Аваргуудын лигт байх эрхтэй гэж хэлсэн. Бид бүгд тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүссэн. Бид хэсгийн шатнаас шалгарч, энэ үр дүнг хүртэх эрхтэй. Бид илүү олон гоол оруулах боломжтой байлаа. Бид өнөөдөр өөрсдийн чанар, хичээл зүтгэлээ харуулж, ялах ч боломжтой байлаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж