Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 28-нд хуралдаж, цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг энэ оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ албаныхан цахим гэрчилгээг энэ сараас олгож эхэлсэн учир тус хугацааг ирэх есдүгээр сар болгожээ.
Энэ талаар нийслэлээс "Нийт 161 уулзварт цахим гэрчилгээ унших "RFID" төхөөрөмж суурилуулсан. Тиймээс тээврийн хэрэгсэл бүр цахим гэрчилгээтэй болно. Уулзварт суурилуулсан "RFID" төхөөрөмж нь тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг таньж, бүртгэнэ. Өмнө нь хяналтын камер автомашины улсын дугаарыг хянадаг байсан. Харин цахим гэрчилгээ олгосноор тухайн гэрчилгээгээр хянах боломж бүрдэнэ. Ингэснээр өдөрт хэчнээн машин явж байгаа бодитой тоо гарна.
Мөн торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломж бүрдэнэ. Цахим гэрчилгээ тухайн тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг агуулна.
Зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд цагдаагийн байгууллага хянаж, шалгах боломж бүрдэнэ. Түүнчлэн жолооч нарын хариуцлага нэмэгдэнэ. 2015 оноос хойш 40 гаруй тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Үүний зэрэгцээ нийслэлд зам ашигласны төлбөрийг машинаа хэр их унаснаас нь хамаарч тооцоолдог байхаар зорьж байна. Гэхдээ журамд өөрчлөлт оруулж байж хэрэгжих боломжтой" гэсэн юм.
ШИНЭ МАШИНД ЧИП АВАХАД ТӨЛБӨРТЭЙ
Замын хөдөлгөөнд оролцож буй нийт нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажлыг энэ сард эхлүүлээд буй. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргаснаас одоогоор 13 тэрбум төгрөгийг батлаад байгаа юм. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан гэдгийг албаныхан онцолж буй.
Гэвч зарим мэргэжлийн судлаачид RFID бол маш эртний технологи. Пассив RFID tag /шошготой автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах бололцоо бий болгох эрсдэлтэйг сануулж байна.
Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигч суурилуулжээ. RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулах аж.
Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд импортоор орж ирэх тээврийн хэрэгслийн хувьд гааль дээр төлбөрөө төлж авна.
Тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийднэ хэмээн албаны хүмүүс мэдээлсэн. Улсын хэмжээнд орон нутагт 470 мянга орчим, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.