Туркийн алтан дундаж дипломат бодлого

Хуучирсан мэдээ: 2023.03.09-нд нийтлэгдсэн

Туркийн алтан дундаж дипломат бодлого

Туркийн алтан дундаж дипломат бодлого

Орос, Украины дайн эхлээд сар ч болоогүй байхад буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд Турк улс мөргөлдөгч талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр оролдсон. Энэ хүрээнд Анталья хотод Гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон ч ямар нэг үр дүн гараагүй юм. Үндсэндээ Турк улс Орос, Украин хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй, "эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй" байхыг хичээж буй. Ингэх нь тэдний хувьд урт хугацааны ашигтай стратеги байж чадах уу?

НҮБ болон Туркийн зуучлалаар өнгөрсөн долдугаар сард Хар тэнгисээр Украины үр тариаг экспортолж эхэлсэн. Өлсгөлөнд нэрвэгдээд байсан олон сая хүний хувьд энэ зуучлал итгэл найдварын гэрэл болжээ. Хэлэлцээрийн хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусгавар болох ч талууд албан ёсоор татгалзахгүй бол хэлэлцээр хэвийн үргэлжлэх юм.

ТУРК БА ОХУ

Дайны ид үеэр Турк улс Оростой эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Хоёр улсын удирдагчид Туркийн Европ руу хий экспортлох төв цэг болгох талаар ярилцсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Туркийг байгалийн хийн хоолойн транзит орон гэж харж байгаагаа мэдэгджээ. ОХУ-тай харилцаа зузаарах тусам Туркийн сөрөг хүчнийхний түгшүүр нэмэгдэв. Энэ нөхөрлөл нь сонгуулийг Эрдоганы талд ашигтайгаар эргүүлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

АНУ болон Европын холбооноос ОХУ-д удаа дараалан хориг арга хэмжээ авсан ч Москва болон Анкарагийн худалдааны харилцаа эрчээ алдаагүй аж. Туркийн Статистикийн хүрээлэнгийн мэдээлснээр, тус улс 2022 онд Оросоос 58.85 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өмнөх оны 28.96 тэрбум ам.долларын импортоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт гэхэд болно.

Дээрхээс гадна ОХУ болон Турк 2015 оноос хойш Сирид байнга хамтран ажиллаж байна. “Турк улс барууныхантай улс төр, эдийн засаг, цэрэг армийн гүн гүнзгий харилцаатай гэдгийг хэлэх нь илүүц биз. Турк шиг ийм улс ховорхон. Тэд өөрсдийн өвөрмөц байр сууриа тун үр дүнтэй ашиглаж байна” гэж Лофборогийн их сургуулийн дэд профессор Али Билгик хэлжээ.

ТУРК БА УКРАИН

Эрдоган дотны түнш Путинтэйгээ ийнхүү гүн гүнзгий харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Украиныг улс төрийн хүрээнд үргэлжлүүлэн дэмжсээр байв. Турк бол Украинд нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн анхны улсуудын нэг юм. Туркийн Батлан хамгаалахын “Baykar Tech” компани Украинд нисгэгчгүй онгоц хандивлаад зогсохгүй хоёр жилийн дотор тус улсад үйлдвэрээ барьж дуусгахаар төлөвлөж байна.

Тэд хурцадмал байдлаас зайлсхийхийн тулд Монтрегийн конвенцоор олгогдсон эрх мэдлийнхээ дагуу Хар тэнгист хүргэдэг хоолойг хаасан юм. “Хар тэнгистэй хиллэдэг орнуудаас ирсэн ч бай үгүй ч бай байлдааны хөлөг онгоцууд Босфор, Дарданеллийн хоолойгоор нэвтрэхийг хориглоно” гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу өнгөрсөн оны гуравдугаар сард мэдэгдсэн.

Дэд профессор Али Билгикийн хэлснээр гурван улс бие биенээсээ хамааралтай аж. “ОХУ-д Турк хэрэгтэй. Учир нь Туркээр дамжуулан ОХУ олон улсын тусгаарлалтаа эвдэж, эдийн засгийн харилцаагаа үргэлжлүүлж байна. Туркийн экспорт бол ОХУ-д олон улсын хориг арга хэмжээнээс үүдэлтэй үүссэн цоорхойгоо тодорхой хэмжээгээр нөхөх боломж юм. Харин Украинд цэрэг арми талаасаа Турк хэрэгтэй. Туркийн хувьд Орос, Украин хоёр хоёулаа хэрэгтэй” гэж тэр тайлбарлав.

БАРУУНЫХАН ТУРКЭЭС НҮҮР БУРУУЛСАНГҮЙ

Турк улс нь Европын холбоо болон АНУ-аас зарласан хориг арга хэмжээнд нэгдээгүй. Түүнчлэн Швед, Финландаар НАТО-г өргөжүүлэх боломжийг хаасаар байна. Гэсэн хэдий ч барууны орнууд Туркээс нүүр буруулсангүй. Али Билгикийн хэлснээр тэдэнд Турк хэрэгтэй.

Дайн эхэлснээс хойш Хятад улс мөргөлдөөнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг хичээсэн. Сүүлийн үед энэ хүчин чармайлт нь улам идэвхжиж байна. Гэтэл нөгөө талд АНУ, Хятадын харилцаа таагүй байгаа учир НАТО-ийн хувьд Турк хавь илүү хувилбар юм. Барууны орнууд Туркийн улс төр, стратеги, цэрэг, эдийн засгийн үнэ цэнэд эргэлзэхгүй байгаа ч НАТО дахь тэдний байр сууринд эргэлзэх дуу хоолой мэр сэр сонсогдох болжээ.

Турк улс Орос, Украин, барууныхны хооронд дипломат харилцаагаа тэнцвэртэй хадгалахаар хичээж байна. Тэд энэ хичээл зүтгэлийнхээ хүчээр олон улсад хоёр оноо авчээ. Нэгдүгээрт, батлан хамгаалахын экспортлогч орнуудын тоонд нэрээ оруулж чадсан. Турк 10 жилийн турш батлан хамгаалахын салбартаа ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн ба эцэст нь Украины дайныг ашиглан өөрсдийнхөө зэвсгийг үр дүнтэй гэдгийг баталж чадсан юм. Хоёрдугаарт, Турк улс барууныхныг дагадаггүй, өөрийн гэсэн бие даасан гадаад бодлоготой гэдгээ дэлхий дахинд харуулж чадсан.

Турк улс өнөөдөр /2023.03.09/ Швед, Финландын гишүүнчлэлийн асуудлыг НАТО-той дахин хэлэлцэнэ. Хэлэлцээр өнгөрсөн оны зургадугаар сард анх эхэлсэн ч нэгдүгээр сард цуцлагдсан. Үүний дараа Шведэд Туркийг эсэргүүцсэн хэд хэдэн жагсаал болсон бөгөөд жагсагчид Стокгольм хотын гудамжинд коран судар шатааж, Эрдоганы зургийг нийслэлийн шүүхийн гадаа өлгөжээ. Тус жагсаалаас улбаатайгаар ерөнхийлөгч Эрдоган зөвхөн Финландын НАТО-д элсэх хүсэлтийг батлахаа мэдэгдсэн юм. Гэвч НАТО-ын зүгээс хоёр орны стратегийн байрлалыг бодолцож хамтад нь НАТО-д элсүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Турк улс энэ нарийхан олсон дээгүүр хэр удаан уналгүй алхах бол гэдэг сонирхолтой. Тэмцэл хурцдаж, байдал ОХУ-д ашигтайгаар эргэвэл Турк улсад эрсдэлтэй байж мэдэх юм.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж