Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт хилийн чанадаас ирж тоглосон шилдэг тоглогчдын нэг болох Пау Газолын 16 дугаарыг Лос Анжелес Лэйкерс баг мөнхөллөө. Түүний 16 дугаарыг Крипто аренагийн хойморт дотны анд Коби Брайантынх нь 24 дугаарын хажууд байрлуулсан аж.
Өнөөдөр/2023.03.08/ Лос Анжелес Лэйкерс болон Мемфис Гриззлес багуудын тоглолт болсон бөгөөд уг тоглолтын их завсарлагаанаар дээрх арга хэмжээ тохиожээ. Дугаараа мөнхлүүлсэн Пау үг хэлэх үеэрээ “Надад харагдахгүй байгаа хүн, царайны тухай ярихгүй байж чадахгүй нь ээ. Тэр намайг хурцалж, урам зориг өгч, илүү сайн тоглогч болгохын төлөө сорьсон. Би түүнийг олон хүний адилаар маш их санаж байна. Би түүнд хайртай. Би түүнийг энд охинтойгоо байгаасай гэж хүсч байна. Үнэхээр шүү. Тэр надаар бахархах байх. Тэр үнэхээр энэ мөчийг харахыг хүссэн” гэжээ.
Өдгөө 41 настай Испани эр 2001 оны NBA-ийн драфтын гурав дахь сонголтоор Мемфис Гриззлес багт сонгогдож, 2008 онд Лэйкерс солилцоогоор ирсэн. Тэрбээр 2013-2014 оны улирал хүртэл шар, ягаануудын төлөө хүчин зүтгэж, 2009 болон 2010 онуудад дараалан түрүүлсэн билээ.
Түүний дугаарыг мөнхлөх арга хэмжээг Коби Брайантын гэргий Ванесса нээсэн бөгөөд нээлтийн бичлэгийн төгсгөлд Кобигийн нэгэн яриа багтжээ. Коби хэдэн жилийн өмнөх бичлэгтээ “Паугийн дугаар миний дугаарын хажууд байх болно. Би Паугүй аварга авахгүй байсан. Би үнэхээр түүнийг талбайн голд фэнүүдийн өмнө үг хэлээд зогсч байхыг хармаар байна. Тэр өдөр гайхалтай байх болно доо” хэмээн хэлж байв.
Холбоотой мэдээ