Тойм: Харрис, Өрли нар онцгойрч, лиг оюутнуудад хямдрал зарлав

Хуучирсан мэдээ: 2023.03.08-нд нийтлэгдсэн

The League

Тойм: Харрис, Өрли нар онцгойрч, лиг оюутнуудад хямдрал зарлав

Тойм: Харрис, Өрли нар онцгойрч, лиг оюутнуудад хямдрал зарлав

Дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна.


М ГАРЬД 112 – 96 ЗАВХАН BROTHERS

Цувралын гурав дахь тоглолтод хоёр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Тодруулбал, ханиадтай байсан Завханы Стөүн болон хөлний бэртэлтэй байсан Гарьдын А.Энхбаясгалан нар багтаа тус болохоор эргэн иржээ.

Тоглолтын эхний үед хоёр баг тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд хоёрдугаар үеэс Гарьд оноогоор тасарч, онооны зөрүү 19 болсон юм. Энэхүү онооны зөрүү үүсэхэд Клинтони Өрли болон А.Энхбаясгалан нарын үүрэг оролцоо үлэмж байлаа. Харин гуравдугаар үеийн төгсгөл, дөрөвдүгээр үеийн эхнээс “Brothers”-ийн тоглолт илт сэргэж, оноо ойртон тоглолт сэргэсэн. Ялангуяа Б.Мөнхтүвшингийн довтолгоонууд ээлж дараалан амжилттай болж, Лиш, Э.Дөлгөөн тэргүүтэй залууст энэ нь халдварласан. Гэвч лигийн тэргүүн тоглогч А.Тэмүүжин, Өрли тэргүүтэй залуус хариуг нь барьсаар хожлоо алдсангүй. Гарьд хоёр дахь хожлоо авч, цувралыг 2-1 гэж тэргүүлж эхэллээ.

Цувралын хоёр дахь тоглолтод хангалттай тоглож чадаагүй Өрли энэ удаад 41 оноо авч, бүх тоглогчдыг тэргүүлсэн бол А.Энхбаясгалан 20 оноо, А.Тэмүүжин 19 оноо, О.Эрдэнэцогт 15 оноо тус тус авчээ. Харин “Brothers”-оос Лиш 29 оноо, Д.Мөнхтүвшин 25 оноо, Э.Дөлгөөн 16 оноо авсан аж.

Энэ цувралд Даймонд Стөүний үүрэг оролцоо, нөлөө төдийлөн сайн харагдахгүй байгаа нь Завханд тааруу мэдээ болж байна. Монголын дээд лигт хийсэн эхний тоглолтууддаа 40 оноо, 20 самбар дунджилж байсан тэрбээр өчигдөр 16 минут тоглохдоо долоохон оноо авчээ.

ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 66 – 91 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Цувралын эхний хоёр тоглолтод хожигдоод байсан Дайчид өчигдөр тун чухал хожлыг авлаа. Шидэлтүүд нь ороод эхэлвэл ямар ч багийг хожих чансаатай Дайчид энэ тоглолтод аркны араас багаараа 50 хувьтай шидэж, нийт 39 оноо цуглуулжээ. Ялангуяа сэлгээнээс тоглолтод оролцсон Энтони Харрис 21 минут талбайд тоглохдоо 27 оноо авч, зургаан удаа бөмбөг таслав.

Тоглолтын эхнээс эцэс хүртэл Дайчид тэргүүллээ алдаагүй бөгөөд багаараа жигд тоглолтыг үзүүлсэн. Харрисаас гадна А.Батхуяг, Ч.Ихбаяр, М.Цэвээндорж, Х.Мөнхтөр гэсэн залуу тамирчид маш сайн тоглов. А.Батхуяг эхний үед онцгой байж, онооны зөрүү үүсэхэд гол ажлыг нугалсан бол М.Цэвээндорж алсын зайн шидэлтүүдээ 100 хувьтай гүйцэтгэлээ.

Металлаас Б.Сүхбат 21 оноо авч, багийн нөхдөө тэргүүлсэн бол Кристофер Блэйк 15 оноо авч удаалжээ. Хэдий Металл энэ тоглолтод хожигдсон ч тэд цувралыг 2-1 гэсэн харьцаатай тэргүүлж байна.

Дашрамд дуулгахад, дээд лигийн тоглолтын тасалбар оюутнуудад зориулан 50 хувь хямдарсан гэнэ. Оюутан та бүхэн “UG” аренагийн тасалбар борлуулах цэгт оюутны үнэмлэхээ үзүүлэн хямдралтай үнээр тоглолтоо үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж