Хятадын армийн сансрын үйл ажиллагаатай гүнзгий холбоотой генерал Ли Шанфу Хятадын дараагийн батлан хамгаалахын сайд болно гэж олон нийт үзэж байна. Энэ удаагийн хүмүүс буландаа цэргийн зардлаараа дэлхийд хоёрдугаарт ордог Хятадын батлан хамгаалах салбарыг тэргүүлэх Ли Шанфуг онцолж байна.
Хятадын Коммунист намын ХХ хурал өнгөрсөн аравдугаар сард болж, сайдын түвшний албан тушаалтнуудын халаа, сэлгээг хийсэн. Тэднийг энэ долоо хоногт үргэлжилж буй Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар батлах юм. Эдгээр албан тушаалтнуудын дунд Хятадын батлан хамгаалахын сайдаар генерал Ли Шанфу томилогдох магадлал өндөр байна.
Ли Шанфугийн томилгоо сансрын өрсөлдөөнд Хятад улс ялахад чухал алхам гэж ажиглагчид дүгнэжээ. Тэрбээр сансар судлал болон цэргийн шинэчлэлт чиглэлээр арвин мэдлэг, туршлагатай бөгөөд Ши Жиньпиний тэргүүлдэг долоон хүний бүрэлдэхүүнтэй Цэргийн төв зөвлөлд багтдаг. Ши Жиньпиний үнэнч дэмжигчдийн нэг тэрбээр 2012 онд түүнийг Хятадын дарга болсноос нь хойш карьер ахисаар ирсэн.
Хятад улс цэргийн төсвийг энэ онд 7.2 хувиар нэмэгдүүлж, 1.55 их наяд юаньд хүргэснээ зарласан. Үүнийг батлан хамгаалах салбарын шинэчлэлд зарцуулах бөгөөд тэр дундаа сансрын зардал нэлээд хувийг эзлэхээр байна. Хятад улс сүүлийн 29 жил дараалан цэргийн зардлаа нэмэгдүүлж, АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болсон.
Ли Шанфугийн эзэмшсэн сансрын инженерчлэлийн мэргэжил нь технологийн эрин зуунд Хятадын Чөлөөлөх армийн бусад гишүүдээс ялгарах давуу тал болжээ. Хятад-АНУ-ын хооронд өрнөж буй технологийн өрсөлдөөн гүнзгийрэхийн хэрээр Бээжин батлан хамгаалахын шинэчлэлийн хөтөлбөртөө сансар огторгуйг нэн тэргүүнд тавих болно.
Тэрбээр 2015 онд байгуулагдсан шинэлэг байгууллага болох Хятадын Чөлөөлөх армийн Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчний анхны дэд командлагч, штабын дарга байсан. Энэ хүрээнд Хятадын сансрын болон пуужингийн судалгаа, хөгжүүлэлт, олж авах үйл явц, стандартыг өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай.
Ли Шанфуд Хятадын Коммунист намын чухалчилж үздэг боловсон хүчний гол чанарууд байдаг. Тэрбээр мэргэшсэн, улаан коммунист нэгэн. Тэрбээр 1958 онд Хятадын Чөлөөлөх Армийн төмөр замын хүчний командлагч Ли Шаожугийн хүү болон төржээ. Эцэг нь Улаан армид 1932 онд элсч, иргэний дайнд оролцсон бөгөөд Солонгосын дайнд тулалдаж явсан гэдгээрэ алдартай нэгэн байв. Ли Шанфун, Ши Жиньпин нар 1966-1976 онд өрнөсөн Хятадын Соёлын хувьсгалын ороо бусгаа үед өсч, хүмүүжсэн.
Ли Шанфу Хятадын Чөлөөлөх армийн Батлан хамгаалахын технологийн үндэсний их сургуулийг сансрын инженер мэргэжлээр 1982 онд төгсчээ. Тэрбээр Хятад улс 1978 онд Соёлын хувьсгалын төгсгөлд дээд боловсролын системээ дахин нээсний дараа гэр бүлийн улс төрийн холбоогоо ашиглан элсэлтийн шалгалт өгч, албан ёсоор коллежийн боловсрол эзэмшсэн анхны залуусын нэг болсон. Мөн инженерийн сургалтын хөтөлбөрөөрөө алдартай Чунцин их сургуулийн Автоматжуулалтын коллежийг төгссөн гэх мэдээлэл байна.
Тэрбээр 1982-2013 оныг хүртэл Шичан хиймэл дагуул хөөргөх төвд бараг 31 жил ажилласан ба сүүлийн 10 жилд командлагчаар нь ажиллажээ. Хятад улс 2007 онд хиймэл дагуул устгах пуужингийн туршилтыг амжилттай хөөргөж, сарны анхны судалгааг эхлүүлэхэд Ли Шанфу шууд оролцсон. Трампын засаг захиргаа Оросоос цэргийн худалдан авалтад тавьсан хориг арга хэмжээнүүдтэй холбоотой АНУ-ын Төрийн департаментын тусгайлсан хүмүүсийн жагсаалтад түүний нэр орсон байдаг.
Орчин үеийн дайны тактикт дайснууддаа технологийн “гэнэтийн бэлэг” барихад Хятадын Чөлөөлөх армийн хувьд Ли Шанфу чухал үүрэг гүйцэтгэх хүн гэдэг нь дамжиггүй. Түүний томилгоо нь Хятадын Чөлөөлөх арми оршин тогтнолоо бататгах, БНХАУ-ыг дэвшилтэт технологи бүхий дайснуудтай урт хугацааны стратегийн өрсөлдөөнд цэцэглэн хөгжих чадвартай, орчин үеийн байлдааны хүчин болгон хувиргах хүсэлтэй байгааг нь илтгэж байна.
Холбоотой мэдээ