Чөлөөт уран бүтээлч Una буюу Б.Оюунгэрэлийн бие даасан "Цэцэгсийн эгшиглэн" уран зургийн үзэсгэлэн Мартын 8-ны баяраар /2023.03.08/ 12.00 цагт "Gem place"-т болно. Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Осакагийн их сургуульд хэл соёл шинжилгээний мэргэжлээр докторантур хүртэл суралцан, Японд дээд боловсрол эзэмшиж, урлагийн ертөнцөд хөл тавьжээ.
Түүний үйл ажиллагааны төлөвлөгөө нь урлагийн хүчээр эерэг байдлыг түгээн дэлгэрүүлэх явдал юм. Уран бүтээлүүд нь номын хавтас, хуанли, ил захидал хэлбэрээр хэвлэгдэж, телевизийн нэвтрүүлэг, дууны клипэнд гарчээ. Бие даан тосон будгийн зураг зурахад суралцсанаас хойш 2000 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан байна. Тэрбээр АНУ-аас гадна Японы Мицүкоши, Даймарү, Марүэй, Кинтэцү гэх нэртэй их дэлгүүрүүдийн мэргэжлийн галлерей, "Үмеда" галлерей, Монголын үндэсний урлагийн галерей зэрэг томоохон галерейнуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргасаар иржээ.
Мөн Лейк Освего урлагийн наадмын цэнхэр туузны шагнал, Японы урлагийн төвийн уралдаан, Арт Нау Каназава, Шикамачиг дүрслэх үзэсгэлэн, OPPAI ART LAB’ зэрэг олон үзэсгэлэнд шалгарч, "DUO" үзэсгэлэнгээс мөнгөн байрын гэх мэт нэлээд шагналуудыг хүртэж байв.
Японы урлагийн төвийн, Хакүжицүкай холбооны уран зургийн үзэсгэлэн, "Hyatt Regency" зочид буудлын сонгон шалгаруулах зэрэг томоохон үзэсгэлэнгүүд, уран зургийн болон уран баримлын уралдаануудад удаа дараалан шалгаран оролцож бүтээлүүд нь тавигдаж байжээ. Түүний бүх бүтээлүүд амьдралын амьд энерги дээр суурилдаг. Энгийн мөртлөө гүн гүнзгий… оюун санаанд баяр баясгалантайгаар тунгаан бодох боломжийг олгодог. Уран бүтээлээрээ дамжуулан дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөл, байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг илэрхийлж, хүмүүсийн оюун санааг дээшлүүлэх бэлэг болгон өөдрөг гэгээлэг урлагийг толилуулдаг. Гол урсахын адил түүний уран зургууд ихэвчлэн зотон дээр зөөлнөөр дэлгэсэн тосон будгийнх байдаг. Түүний уран бүтээл бүрийн ард урам хайрлаж, сэтгэл сэргээсэн түүх бий.
Холбоотой мэдээ