Торонто хотноо Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ амжилттай үргэлжилж, Монгол Улс 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байна.
Тус чуулганд дэлхийн 100 гаруй орноос 30 мянга орчим төлөөлөгч, түүн дотор Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон критикал минералын хайгуулын төслүүд, технологийн ханган нийлүүлэгч компаниудын 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.
“PDAC-2023” чуулганы гол сэдэв эрчим хүчний шилжилт, түүнд шаардлагатай түүхий эдийн эрэлт, хайгуул, олборлолт, уугуул иргэдийн асуудал, ESG, уул уурхайн салбарт хамтын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Чуулганы үеэр Монгол Улс Mongolia@PDAC хурлыг амжилттай зохион байгуулж, лити, никель, графит зэрэг критикал минерал болон алтны төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Үүний зэрэгцээ Монгол Улс энэ жил тусгай үзэсгэлэнгийн талбай засч, хөрөнгө оруулагчдад зориулсан цогц мэдээлэл өгөх мэдээлэл сурталчилгааны ажлыг төр, хувийн хэвшил хамтран хийж буй юм байна.
Канад Улсын Байгалийн баялгийн дэд сайд Жон Ф.Ж Ханнафорд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатартай уулзахдаа эрдэс баялгийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг туйлын анхаарч, сонирхож байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагаа бодитоор өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.
Холбоотой мэдээ