Гадаад худалдааны 2023 оны эхний хоёр сарын гүйцэтгэлийг экспортын 75814, импортын 36210 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 8078, импортын 263 мэдүүлэг байсан аж.
2023 оны эхний хоёр сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 3441.7 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 1223.8 сая ам.доллар буюу 55.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1045.3 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.
Экспортод 2243.5 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90.1 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.6 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 1923.7 сая ам.доллар буюу 85.7 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 146.6 сая ам.доллар буюу 6.5 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 56.4 сая ам. доллар буюу 2.5 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна.
2023 оны эхний хоёр сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.9 хувийг, БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 60.5 хувийг Туркт, самнасан ноолуурын 78.3 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.
Монгол Улс дэлхийн 43 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 90.6 хувь, Швейцар-т 5.4 хувь, БНСУ-д 1.9 хувь тус тус ногдож, нийт экспортын 97.9 хувийг дээрх орнууд эзэлж байна. Импортоор нийт 1198.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 160.5 сая ам.доллараар буюу 15.5 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.01 хувийг гадаадын тусламжийн бараа, 0.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг реимпорт эзэлж байна.
Холбоотой мэдээ